…Ийм нэгэн яриа ЕБС-ийн сурагчдын дунд яригдаж байгааг хоёр чихээрээ сонсоод гайхаж, мэгдэх зэрэгцэв. Дээд ангийнхан доод бүлгийнхээ сурагчдад дээрэнгүйхэн хандахдаа “Тамхинд орооч ээ, оройтлоо шүү дээ” гэх үг хэлж байна цаана чинь, бидний гэрэлт ирээдүй. Юунаас үүдэж, яагаад ингэж хэлж байгаа нь ойлгомжгүй ч ямар ч атугай таатай сонсогдсонгүй. Тэгээд бодлоо.
Захын эмээ, өвөөгийн өвөр дээрээс 100 төгрөгөөр худалдаж авч болдог гарын доорх энэ хор хүүхдүүдийн минь сониучхан нүдэнд чихэрнээс илүүтэй харагддаг болоод удаж буйг дээрх яриа батлах шиг. Утааг нь хамар, амаараа гаргаж сорж үзэх, ширхэгээр нь авчихаад халаасандаа нууж хааяа нэг хуруугаараа тэмтрэх бүрт хачин нууцламаар тэр мэдрэмжийг тэд хүсэмжилж хүсэлдээ автаж биесээ урвуулж байна гэсэн хачин гунигтай бодол цээж ураад болохгүй нь ээ.
Ертөнц хийгээд амьдралд дэрвэсэн сэтгэлээр ханддаг өсвөр насныхан тамхийг ийнхүү хэрэглээ болгож нийгэмд улам их элбэгшүүлж буй үйл явц өсвөр үеийнхний бие сэтгэхүйд сөргөөр нөлөөлж байна гэдгийг даймаар байна. Ингэхийн тулд нэгэн баримт дэлгэе. Өнгөрсөн жилд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар тамхи таталтын нэмэгдэл 23.4 хувьтай байжээ. Үүнээс өдөр бүр татдаг эрэгтэй сурагчид 35.2, эмэгтэй сурагчид 13.3 хувийг эзэлсэн байгаа бол тамхи татаж эхэлсэн дундаж нас 16 гэсэн хариултууд давамгайлжээ. Харамсалтай мэдээ нь тамхи таталтын тархалтын хувь сурагчдын суралцсан жилээс хамаарч нас ахих тусам ихэсч байгаа дүр зураг үзэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийг төдийгүй аав ээжүүдийг зовоож байна. Уг нь манай улс тамхины хяналтын хуультай боловч хэрэгжилт сул байгаагаас өсвөр насныхан ийнхүү тамхины хамааралтай, донтолтын байдалтай болж байгаа нь нууц биш. Мөн өсвөр насныхны дунд эмэгтэй сурагчид тамхи татах нь газар авч байгааг нэг ангид байх тамхичдын тооноос харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, 40 хүүхэдтэй нэг ангийн 18 охиноос тамхи татдаг нь 11 байна. Энэ бол ангийнхандаа мэдэгдэж байгаа тамхи татдаг охидын тоо. Дэндүү өндөр энэ тоо хөвгүүдийнхтэйгээ нийлбэл ямар гунигтай мэдээ болох нь ойлгогдоно. Энэ бол эцэг, эх бүх нийтээрээ завгүй болчихсон, хүүхдийнхээ хичээлийг давтуулж, халаасанд нь юу байгааг шалгадаг хүн цөөрсний дохио. Хичээлээ тараад очдог спорт, шинжлэх ухаан, хэл соёлын төвүүд хомс байгаатай ч холбоотой. Иймэрхүү чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрууд байх боломжтой нийслэлийн ашигтай талбайд өсвөр үеийнхний шунал, дур хүслийг өдөөхүйц цэнгээний газар, караоке, диско, тоглоомын газрууд олноор үүдээ нээсэн нь сурагчдын хүмүүжил болон тамхи татах таатай орчин болж байна. Дэлхий дахинд тамхинаас шалтгаалсан нас баралт жилд таван саяар тоологдож байгаа бол энэ үзүүлэлт 2020 он гэхэд 10 саяд хүрнэ гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хүн хүнийхээ дунд хүмүүждэг. Хэдий болтол өсвөр насныхныг хяналтаас гадуур орхиж тамхи татах орчин нөхцөлөөр нь хангах вэ. Сургууль ч мөн тамхи татах таатай орчин болсоор байгааг салбарынхан анхааралдаа авна уу. “Тамхинд орооч ээ, оройтлоо шүү дээ” гэх бие биенээ уруу татсан өгүүлбэрийг дахиад хэдэн ч хүү, охин биендээ хэлж байгааг таамгүй.
Г.ЗОЛБОО /nud.mn/news/?p=8658/