Шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Дашдамбын Ширмэнтуяатай ярилцлаа.
–Оны отгон гавьяатын нэг болсонд баяр хүргэе. Та багаасаа л дуулдаг хүүхэд байсан уу?
-Баярлалаа. Үндсэндээ би 2011 оны отгон гавьяат боллоо. Үндсэний эрх чөлөөний түүхт 100 жилийн ойн өдөр энэ төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Бага насаа дурсахгүй байхын аргагүй юм. Хаана уралдаан тэмцээн, дуу хуур болно тэнд л дуулж, бүжиглэж, хөгжим тоглож явдаг хүүхэд байсан. Булган аймгийн Дашинчилэн суманд төрөөд Гурванбулаг суманд наймдугаар анги хүртлээ сурсан. Тэр хугацаанд өөрийгөө нээж хөгжүүлсэн гэж боддог. Багшийн сургуулийг дөнгөж төгсөж очсон Батсайхан гэж багшийнхаа удирдлага дор дуулж эхэлсэн. Манай аав намын дарга, хянан шалгах хороон даргын албыг олон жил хашсан. Бага байхад хянан шалгах хороон даргын охин гэгддэг байлаа шүү дээ. Айлын ганц охин болохоор үнээ малаа сааж сүү, цагаан идээгээ боловсруулна. Хөдөөний хүүхдүүдийн хийдэг бүхий л ажлыг хийж өссөн. Ямар ч байсан мал дээр гарахад өөрийгөө газардахгүй гэж боддог шүү. Наймдугаар ангиа төгсөөд Дашинчилэн сумандаа эргэж очиж суралцаж аравдугаар ангиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид дөрвөн жил суралцаж төгссөн дөө. Дараагаар нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуу дуулаачийн ангид таван жил суралцаж төгсөөд өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна.
–Хөдөөд ч алзахгүй юм байна. Та хэрвээ дуучин болоогүй бол өнөөдөр юу хийж байх байсан бол?
-Би математикийн багш болохсон гэж их боддог байлаа. Ичинхорлоо гээд манай математикийн багш байдаг байсан. Би багадаа ер нь зав гарвал тоотой зууралдчихна. Өнөөдөр дуучин болоогүй бол математикийн багш болчихсон яваа.
–Гавьяатын цайллагаа хэзээ хийх гэж байна вэ?
-Хорь гаруй жил урлагт зүтгэж сайхан, муухайг нь тодорхой хэмжээгээр үүрэлцэж яваа гэж өөрийгөө боддог. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлсэнд баярлаж сууна. Удахгүй ойр дотныхон, найз нөхөд, уран бүтээлчидээ цуглуулж нэг цайллагаа хийнэ дээ.
–Та арванхоёрдугаар сард “Ай Наанаа” дуулалт жүжигт Хандвангийн хатан Сэвжидмаагийн дүрийг бүтээсэн байх аа?
-Энэ дуулалт жүжиг манай Улаанбаатар чуулгаас тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай найруулсан. Хөгжмийн зохиолч нь Алтангэрэл гээд Хөгжим бүжгийн коллежийн багш Мэргэжлийн тал руу нь нэлээд сайн чиглүүлсэн Ари талын бүтээл болсон. Түвшинтөгс дарга Хандванд, би Сэвжидмаа хатны дүрийг бүтээсэн юм. Хандван чинь Булган аймгаас төрсөн түүхэн том хүн. Энэ хүний тухай дуулалт жүжиг тавихад хувьдаа маш их баярлаж байсан. Тэр дундаа Сэвжидмаа хатны дүрийг бүтээнэ гэдэг хариуцлагатай ч бас сайхан байлгүй яахав. Үзэгчид ч өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан.
–Түүхэн дүр бүтээнэ гэдэг амаргүй байх. Та өмнө нь ямар дүр бүтээж байсан бэ?
-Би өмнө “Учиртай гурван толгой” жүжгийн Хоролмаагийн дүрээс эхлээд олон дүр бүтээж байсан. Гэхдээ Сэвжидмаагийн дүрийг бүтээхдээ судалгаа хийж, нэлээд нухацтай ажилласан. Надад ч гэсэн үр өгөөжтэй байсан шүү. Дуулахаасаа илүү текст ихтэй болохоор хүндрэлтэй талдаа. Манайд хөгжимт драм 60, 70-аад оноос хойш тоглогдохгүй байгаа. Тийм болохоор үзэгчид их сайхан хүлээж авсан. Сэвжидмаагийн дүрийг чадахаараа л бүтээлээ.
–Уртын дуучдын онцлогийг ярихгүй юу?
-Ардын урлагийнхаа төлөө зүтгэж байгаа олон хүмүүс байна. Ард түмнээсээ уламжлагдан ирсэн бүтээлүүдийг С.Дамчаа гуай, гавьяат жүжигчин Б.Лхамжав, Н.Норовбанзад гуайн шавь А.Нэргүй, Ш.Чимэдцэеэ гээд олон хүнийг нэрлэж болно. Түүний шавь соёлын тэргүүний ажилтан Ц.Дэлгэр гэж СУИС-ийн багш бий. Би тэр хүний удирдлага дор таван жил сурсан. Тэгэхээр Норовбанзад гуайн шавийн шавь болчихож байгаа юм. Одоо уртын дууг маш олон хүмүүс сонсдог болсон. Түүнчлэн хүүхдүүд их сонирхоод шалгуулдаг болж.
–Уртын дууч мэргэжлээр төгссөн хүмүүс яагаад нийтийн дуу дуулаад байна вэ. Мэргэжлийн хүмүүс нийтийн дууг нэг их таашаадаггүй юм билээ?
-Ер нь бол зах зээлийн форум гэдэг хаана юм хувьсан өөрчлөгдөж байна тэр газар өөрчлөгдөж байдаг зүйл. Намайг төгсч байхад манайхан уртын дуугаа сайн ойлгодоггүй байсан. Н.Норовбанзад багш хүртэл надад “Одоо алга хөөгөөд, алганд хууртаад явах юм эд нар” гэж байсан. Тэр үед би ч бас тэр сайхан зохиолын дуунаас дуулах хүсэл их байлаа. Өмнө нь нийтийн дууг дуулж уралдаан тэмцээнд орж түрүүлдэг байсан ч СУИС-д ороод дуулаагүй. Багшийнхаа зөвлөснөөр яг уртын дуугаараа дагнасан. Амьсгаа эвдэгддэг болохоор дургүй байдаг юм. Хэдэн жил сураад ирэхээр амьсгаагаа зохицуулж сурдаг. Аль алийг нь ч дуулж болохоор хэмжээнд хүрдэг гэсэн үг. Уртын дуу, зохиолын дуун дээрээ зэрэг ажиллана гэдэг маш их хөдөлмөр шүү. Манай Ш.Чимэдцэеэ эгч гэхэд л уртын дуу, ардын дуу, нийтийн дууг сайхан дуулдаг. Тэр хэмжээнд л өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм. Нийтийн дуу гэдэг ард түмний захиалгаар бүтдэг ч бидний бас уран бүтээлийн нэг хэсэг болохоор буруутгах аргагүй.
-“Алганд хууртах” гээд та ярилаа шүү дээ. Юуг алганд хууртах гэж нэрлээд байна вэ?
-Н.Норовбанзад багш хэлж байсан юм. “Уртын дуу гэхээр л хөшигний урд хөшиг болоод дуусах юм” гэж. Ямар сайндаа Норовоо багш нэг удаа Ч.Адарсүрэн гуайг ид дуулж байхад хүмүүс тайзнаас буулгахгүй байнга дахиулаад байхаар нь “Намайг хичнээн чарлаад байсан ч ямар дахиулах биш. Наад Ч.Адарсүрэн чинь орох болоогүй унгасан ч дахиулна” гэсэн гэдэг. Тэгэхээрээ уртын дууг хүмүүс хүндэтгэлтэй хүлээж аваад дахиулдаггүй. Харин ардын, нийтийн дууг хүмүүс дахиулаад байдаг юм байна л даа. Алга ташилтанд хууртаж дуулаад уртын дуугаа хаях гэлээ гэсэн санаа юм шиг байгаа юм.
–Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар хоолойгоо гамнана гэдэг хэцүү байх даа?
-Энэ чинь тэр чигээрээ хүний биеийн анатоми шүү дээ. Хүмүүс хоолойгоо хааяа нэг дуулж гол төлөв ярихад хэрэглэж байна. Бид нар харин бүтэн потенциалаар дуулахад хэрэглэдэг. Хоолойг тодорхой нэг хэмжээнд ажиллагаанд оруулаад ирэхээр ядрах цуцах гээд асуудал зөндөө. Ядаж л дуулахын өмнө газтай ундаа уухад л хоолой сааралтахаас өгсүүлээд их юм болно. Тамирчид бэлтгэл хийсний дараа уураг уудаг бол дуучид хоолойдоо тос дусаах юм уу хоолойг дэмжих ямар нэг витамин хэрэглэдэг. Гэхдээ би дуучин гээд халуун ногоотой хоол идэхгүй, газтай ундаа уухгүй байх нь хаашаа юм. Өөрсдөө л зохицуулах хэрэгтэй. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар-30 хэмийн хүйтэн агаарыг амьсгалахгүй гээд яах юм. Бид нар хөдөөгүүр бол олдсон хүйтэн нойтон бүх л зүйлийг идээд явдаг. Ямар нэгэн ачаалал дааж сурах чухал. Хорт зүйлсээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа архи бол хоолойд муу. Архи уусан үед хоолой хэвийн биш байдалд ордог учраас архинаас татгалзах ёстой. Эрүүл байгаа хоолойд бага хэмжээний ачаалал өгөх хэрэгтэй бол өвчилсөн хоолойг заавал эмчлэхгүй бол болохгүй. Хувийн зохион байгуулалт л юм даа.
–Та Үндэсний дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин байсан. Яагаад Улаанбаатар чуулга руу шилжих болсон бэ?
-Би ажлынхаа гарааг Үндэсний дуу бүжгийн чуулгаас эхэлсэн. Хаана ч байсан Ширмэнтуяа гэдэг хүн уран бүтээлээ хийгээд явах учраас өөрийн хүсэлтээр Улаанбаатар чуулгад орсон. Урлагийнхан чинь хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс шүү дээ. Зуны дэлгэр цагт хүмүүс амарч байхад бид нар ажиллаж л байдаг. Ямар ч байсан хүн тэр цагт гэр бүл, найз нөхөдтэйгээ голын эрэгт очоод наранд биеэ шарж, ганц аяга айраг уухыг хүсдэг юм байна. Өдөр бүр тоглолттой хүн яаж тэгж болохов. Ингээд бодохоор бид мөрөөдөхөөс л цаашгүй болчихож байгаа юм. Мөн Улаанбаатар чуулгад орох болсон нэг шалтгаан гэвэл хувийн уран бүтээлээ ахиулъя гэсэн бодол байсан. Нэг байгууллагад би насаараа байх ёстой ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй болохоор өөрийн шийдвэрээр л энэ бүхнийг хийсэн. Тэрнээс биш чуулгаас надаас шалтгаалаад байсан юм байхгүй.
–Өнгөрөгч онд уран бүтээлийн олз арвин байв уу. Ямар ч байсан уртын дууны CD-гээ гаргана гэж байсан?
-Хувийн амьдралд маань бас олон эргэлт гарсан. Хүү, охин хоёроо жил дараалан төрүүллээ. Энэ гурван жилийн хугацаанд бас зүгээр суусангүй. “Ижий улирал”, “Чамайгаа хайрлана” гэж хоёр дуу гаргаж клипжүүлж ард түмэндээ хүргэлээ. Мөн “Чамайгаа хайрлана” гэж 17 зохиолын дуунаас бүрдсэн CD гаргалаа. Түүнчлэн “Хоньчны суурин манайх” гэдэг 14 дуунаас бүрдсэн уртын дууны цомог хэвлүүлсэн. “Оломгүй далай” өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэд хүргэлээ.
–Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолт хэзээ болох вэ?
-Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 18-нд “Бодол” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Оноос өмнө төлөвлөсөн ажлуудын нэг байсан л даа. Бэлтгэл ажил ид дундаа бужигнаад явж байна.
–Тасалбарын үнэ хэд байх вэ?
-Хүн дуртай зүйлээ үздэг болсон цаг. Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестор, Улаанбаатар чуулгынхан Хангарьд найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн тоглолт болох учраас өртөг өндөртэй болж байгаа. Мэргэжлийн уран бүтээл гэдэг талаас нь ард түмэндээ хүргэхээр зэхэж байна. Энэ тоглолт ашгийн төлөө биш. Зардал их гарч байгаа учраас тасалбараа 50 мянгаар худалдаална.
–Урлагийнхан ар гэртээ цаг зав гаргах багатай хүмүүс. Та ч мөн адил байх. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Тийм ээ. Манай гэр бүлийн хүнийг Баярмагнайн Баярбаатар гэдэг. МАН-ын Нийгмийн бодлого байнгын хорооны дэд даргын алба хашдаг. Уран бүтээлчдийн гэр бүлийнхэн гэдэг хамгийн анхны сонсогч, шүүмжлэгч нь байдаг. Манай хүн миний бүх уран бүтээл дээр ажилладаг. Хүмүүс менежер, спонсор гээд яриад байдаг болсон. Гэр бүлийн хүн маань миний менежер, спонсороос өгсүүлээд бүх л зүйлийг хийдэг хүн. Намайг маш их дэмждэг. Надаас түрүүлээд л миний хуваариудыг гаргасан байдаг. Миний хийж байгаа уран бүтээлийн дийлэнх хувийг миний хань хийж өгдөг гэхэд хилсдэхгүй. Ханиа магтаж байгаа юм биш. Гэхдээ заавал магтах ёстой хүмүүсийн нэг яах аргагүй мөн.
–Танай гэр бүлийн хүн МУГЖ Чаминчулуун гуайн хүү гэдгийг мэднэ. Тийм ч болохоор урлагийг илүү ойлгодог байх даа?
-Тийм шүү. Манай нөхөр багадаа ээжтэйгээ хамт хөдөө гадаа их явдаг байсан гэсэн. Ямар сайндаа намайг бэр болоод очиж байхад хадам ээж “Миний хүү тус болж чаддаггүй юм аа гэхэд битгий л гай болоорой” гэсэн байгаа юм. Хань минь юун гай болох харин ч миний уран бүтээлийн тэргүүн эгнээнд нь явдаг.
–Том охин тань эмээгээ дагаж жүжигчин болох гэж байгаа гэж дуулсан. Урлагийн хүмүүс хүүхдүүдээ урлагт оруулах бодол байдаггүй юм билээ…
-Охин маань өөрөө их авьяастай л даа. Хоёр настай байхдаа л толины өмнө зогсчихоод “Булган чиг нудрага нь…” гээд дуулдаг байсан. Хэн ч зааж өгөөгүй байхад шүү дээ. Цэцэрлэгт байхдаа урлагийн бүх л тэмцээнд орж түрүүлдэг байлаа. Одоо 11 дүгээр ангиа төгсөнө. Ээж рүү утасдаад би шүлэг унших гэсэн юм гээд шүлэг заалгадаг байсан гэсэн. Өөрөө жүжигчин болно гээд, эмээ нь ч гэсэн дэмжээд байгаа. Би анх охиноо урлагийн хүн болоод хэрэггүй. Цаг наргүй хэцүү ажил шүү дээ гэж их хэлсэн. Хоёр, гурван жил хориод дийлээгүй. Саяхан манай охин “Ээж ээ. Миний эцсийн шийдвэр жүжигчин болох” гэж хэлсэн. Би өөрийн хүсэл сонирхлоор дуучин болоод явж байгаа юм чинь охиноо хориод яахав гэсэн бодолтой болсон. Сонирхолгүй мэргэжилдээ хүн амжилт гаргахгүй.
–Таныг Амгаа зааны охин гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй. Таныг бага байхад өргүүлсэн гэдэг байх аа?
– “Чи Амгаа зааны охин байж яагаад өөр хүнээр овоглодог юм” гэж хүмүүс ихэвчлэн асуудаг. Ээжийн маань төрсөн эгчээс жил дараалан хүү гарсан юм билээ. Тэгээд сүүлд нь ээжийг маань жирэмсэн байхад хэрэв чамаас охин гарах юм бол авна гээд хэлчихсэн юм билээ. Одоо намайг төрүүлсэн ээж минь ярьдаг юм. “Төрсний дараа харсан чинь нүд нь эргэлдсэн хачин юм байна. Өгчихье гээд өргүүлчихсэн гэдэг юм. Тэгээд л өргүүлчихсэн байгаа юм даа (инээв).” Төрсөн эгч дээр нь өснө гэдэг нэг гэрт байгаагаас ялгаа юу байхав дээ. Би чинь их баян хүн. Хөдөө хот хоёрт олон сайхан аав, ээжтэй өөрийгөө их л азтай хүн гэж боддог.
Э.ЭНХБОЛД