Хятад чацаргана, Эрээний өрөм, америк тахиа идэж шинэлэх үү

Өдрөөс өдөрт доройтон ядуурч буй тарчигхан Монголчуудын халаасыг тэмтрэгчид даанч их.

Хэдхэн хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр цагаан сар болох гэж байна. Жилдээ ганц удаа тохиодог энэ баярыг хотол түмнээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ өдрүүдэд хүмүүс сэтгэл амар, баярлаж суухаас илүү яаж энэ баярын ард гарна даа, ууц, идээгээ хэрхэн бэлтгэнэ дээ гэх бэрхшээлтэй тулгардаг гэвэл хилсдэхгүй.

Учир нь ууц, махнаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш жил бүр баярын өмнөх өдрүүдэд хэд дахин өсдөг жамтай. Ингэснээрээ инфляци “галзуурч”, 4-5-хан компанийн удирдлагуудын халаасыг түн­тийл­гэдэг. Тий­мээс ч бид  сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сонирхохоор “Хүчит шонхор”  захыг зорилоо.

Ямааны мах эрэлттэй байна

Урьд өмнө нь сурвалжлага хийхээр хэдэнтээ тус захыг зориход ажлын өдрүүд таарч, ерөнхийдөө хөл хөдөлгөөн багатай байдаг байсан юм. Харин өчигдөр “Хүчит шонхор” захад ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байв. Өнөөх нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад зүйл байх энэ зах сар шинэдээ бэлтгэж, баярын зүйлээ базаасан иргэдийн хөлд дарагджээ.
Баярын ширээний хамгийн чухал идээ бол ууц. Захын үүдээр ороход  ууц зарж буй машинууд эгнэн зогсчээ. Энд ууцны үнэ 150-400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Харваас турь муутай, жижиг сүүлтэй ууц 150 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин сүүлний хэмжээ томрох тусмаа үнэ нь өссөөр Дундговийн мах зарж байгаа гэх нэгэн эрийн худалдаалж буй ууц 380-400 мянган төгрөгийн ханштай байсан юм. 380 мянгаар зарж байгаа ууцаа “Сайхан хямдхан өгч байна даа, дүү охин авсандаа харамсахгүй шүү” хэмээн додигор зогсоно. Харин зарим нь ууцаа хиллэж зарж байгаа аж. Тодруулбал, киллограммыг нь  6000-6500 мянгад өгч байгаа бөгөөд килограммаасаа шалтгаалаад үнэ нь янз бүр байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө 60-150 мянган төгрөгийн ханштай байсан ууцны үнэ өдгөө гурав дахин өссөн байх юм.

Ууц үзэж, сонирхох хүн олон ч яг худалдаж авч байгаа нь цөөн. Ганц ууцны үнэ ийнхүү өссөнгүй. Тодруулбал, адууны мах кг нь 5500, ямааны мах 5800, хонины мах 7500, үхрийн мах 8000-8500 төгрөгийн ханштай байна. Иргэд энэ өдрүүдэд бууз, баншаа хийж байгаа учраас махны гүйлгээ сайн байгаа бололтой. Иргэдийн хувьд дийлэнх нь ямааны мах сонгож байгаа гэнэ. Мэдээж арай хямдхан болохоор тэр биз. Харин ууц тавихгүй зарим айлууд үхрийн өвчүү чанаж тавьдаг. Гэтэл үхрийн өвчүү 252 мянган төгрөгийн ханштай байв. Мөн хонины гулууз мах кг нь 5800-6500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан юм.

50 сая малтай Монгол Эрээнээс өрөм зөөж, шинэлэхдээ хүрэв үү

Зах дотор суудлын авто­машины арын хэсэгт хураасан тахианы мөч борлуулж байв. Худалдагч эрийн хэлснээр бол америк тахианы мөч гэнэ. Тус бүрд нь 6-8 ширхэгээр савласан “америк” гэх тодотголтой тахианы мөч кг нь 6000 төгрөгийн үнэтэй. Үнэндээ  Америкаас оруулж ирсэн тахиаг ингээд зараад зогсч байна гэдэг юу л бол. Хятад тахиа гэдэг нь ойлгомжтой. Харин үнэ нь нэмэгдчихэж. Америк тахианы дэргэд хятад чацаргана “зогсоно”. Чацаргана яахаараа бас хятад болчихов, энэ ч ёстой нэг залж байна аа хэмээн уншигч авхай та эгдүүцэх хэрэггүй. Борлуулж буй хүмүүс нь хятад гэдгийг хэлээгүй ч бусад нь урд хөршөөс орж ирсэн гэдгийг нотолж байв.

Учир нь өнгөрсөн оноос эхлэн хилээр чацаргана их хэмжээгээр оруулж ирэх болсон бөгөөд нийслэлд худалдаалагдаж буй цэвэр гэх тодотголтой шүүснүүдийн дийлэнхийг нь түүгээр үйлдвэрлэдэг гэх. Өнгөрсөн намар Ховдынх гэж баахан хятад алим зарсан шиг өнөөдөр бидний Увсынх гээд идээд байгаа чацаргана чинь урд хөршөөс орж ирдэг болчихож. Харин энэхүү чацаргана кг нь 4500 төгрөгийн үнэтэй  юм билээ. Иргэдийн хувьд сар шинээр хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа өгч байхаар чацарганы  шүүс уулгасан нь хамаагүй дээр хэмээн өөр хоорондоо ярилцан 5-10 килограммаар нь авч байгаа харагдав. Энэ бүхнийг хараад даанч дээ, Монголчууд бид хятад хөрсөнд тарьж, ургуулсан хүнсний ногоонд хорддог байсан бол одоо чацарганаа хүртэл урд хөршөөсөө зөөх дээрээ тулчихав уу хэмээн бодсоноо нуух юун.

Цааш эргэж “Төрөл бүрийн барааны зах” гэх хаягтай байшин руу орлоо. Цагаан сарын баярын ширээний нэг гол бүтээгдэхүүн бол яах аргагүй сүү, цагаан идээ байдаг. Тавгаа цагаан идээгээр чимж, галын бурхандаа шар тос өргөдөг уламжлалтай монголчуудын хувьд зайлшгүй авах ёстой бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй цагаан идээ юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ ханш ч толгой эргэм өсчээ. Тодруулбал, сүүн хурууд кг нь 10 мянга, бяслаг 8000, хорхой ааруул 6500-8500, сарлагийн өрөм 5000, тогооны өрөм 8000-10000, аарц 1300, сүү литр нь 1500, ээзгий 4000, ээзгийтэй тос 8500, шар тос кг нь 8000 төгрөгийн ханштай байв. Хамгийн анхаарал татсан нэг явдал бол үнийн зөрүү. Хорхой ааруул яагаад гурван өөр үнэтэй байгааг лавлахад худалдагч залуу “8500-ын ааруул жинхэнэ сүүний ааруул, харин 6500, 7500-ынх нь бол хольцтой” хэмээн хээвнэг хариулав. Харин гурил уу, эсвэл өөр зүйлийн хольцтой юу гэдгийг хэлсэнгүй. Ямартай ч  цэвэр, хольцтойгоосоо шалтгаалаад үнэ нь ийн гурван өөр байгаа аж. Энэ тайлбар өрмөн дээр ч давтагдсан. Тодруулбал, гурвалжилж эвхсэн гялгар ууттай өрөм Эрээнээс орж ирдэг юм байна. Мэдээж үүнийг борлуулж буй хүмүүс нь хэлээгүй л дээ. Харин үүдэнд ном, сэтгүүл зардаг хижээл насны эмэгтэй ингэж хэлсэн юм. Гурвалжин өрөм 8000 төгрөгийн үнэтэй. Харин таллаж эвхсэн өрөм 9000-10000 төгрөгийн ханштай байв. Энэ бол “ориг” монгол өрөм. Цагаан идээний хувьд иймэрхүү эргэлзээтэй зүйлүүд лангуугаар нэг өрөөстэй.

Цааш явж тавгийн чихэр бас бус зүйлийн үнийг сонирхлоо. Чихэр кг нь 2000-8500, өндөг ширхэг нь 250, хиам  кг нь 6500-8500 төгрөгийн ханштай байв. Харин ул боов ширхэг нь 1200-2200, суурь еэвэн 11 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Зах дээр ер нь үнэ нь өсөөгүй бараа, бүтээгдэхүүн гэж алга. Бүгд л “чангарсан” байв.

Хэдхэн компанийн халаасыг түнтийлгэж, гэдсийг нь цатгахаа больцгооё

Сар шинийн баяраар хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүн бол мэдээж гурил. Ул боов, бууз баншнаас эхлээд энэ өдрүүдэд айл бүрийн гурилын хэрэглээ өсдөг. Тиймээс ч үүнийг далимдуулж гурилын үнэ өсдөг нь бичигдээгүй хууль юм.

Тодруулбал, дотоодын гурил 10 кг нь 10 мянга, 25 кг нь 22 мянган төгрөгийн үнэтэй байв. “Цесна” 10 кг нь 15 мянга, 25 кг нь 32 мянган төгрөгийн ханштай байна. Будаа, элсэн чихрийн үнэ ч ерөнхийдөө өнгөрсөн оныхтой харьцуулахад 500-1000 төгрөгөөр нэмэгджээ.

“Хүчит шонхор” захаас гарч явахдаа хэтэвчээ тэмтрэн санаа алдан зогсох иргэдийг хараад яана даа хөөрхийс, яаж уламжлалт баярынхаа ард гарна даа хэмээн өрөвдсөнөө нуух юун. Хэн бүхэн уламжлалт баяраараа айл, хөршөөсөө нэг их дутахгүй ширээ засаад, элбэг, дэлбэг сайхан баярлахыг хүсч буй. Харамсалтай нь бидний хэтэвчин дэх хэд  хүрэхгүй нь гаслантай. Гэхдээ үнэтэй байна гээд цагаан сарыг ад үзэх хэрэггүй юм. Бөөн, бөөн дарамт учруулдаг ядаргаатай зүйл хэмээн тээршаах ч учиргүй. Өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болох цагаан сар бол бэл бэнчин, эд агуурсаар өрсөлдөх баяр биш. Гагцхүү төрийн мэргэн бодлогоор бүхнийг зохицуулдаг байсан бол 50 сая малтай монгол сарынхаа цалингаар ганц ууц авчихаад сэтгэл дундуур гэрийн зүг алхахгүй. Хүн амаасаа хэд дахин олон сая малтай ард түмэн Эрээний өрмийг мөнгө төлөн худалдаж авахгүй. Үнэ хөөрөгдөж буй наймаачид бол угтаа амьтны сэг зэмэн дээр баярлан эргэлдэх хэрээ адил.

Учир нь наймаачид бол төрийн харалган бодлого, хуулийн цоорхой бүхний нүх сүвэгчээр шургалах дорой нөхөд. Харин яг үнэндээ ийнхүү үнэ өсөх нь “Алтан тариа” тэргүүтэй хэдхэн том компанийн удирд­лагууд халаасыг түнтийлгэдэг. Тиймээс үхрийн өвчүү 252 мянга, ууц хагас саяд хүрсний бурууг тэднээс эрэх шаардлагагүй. Мэргэн бодлого, алсын хараатай төртэй бол монголчууд уламжлалт баяраараа өр зээл тавьж, уруу царайлахгүй зовхи нь өөдөө шинийн нэгний өглөөг угтах байсан биз ээ.

Х.Өнөржаргал

Эх сурвалж:Монголын мэдээсайтtopod.inраскрутка сайтаключи дота 2чехол для ipad спбkorean massage dubaiкредит онлайн с плохой кредитной историейотдых в мае куда поехатьнгоронгорокилиманджаро мачаметуры в мае в грециютрекинг на килиманджароtranslate french to italianдешевые туры в грециюпродвижение бренда компании индустрии модыванный комнатаинтернет поисковое продвижение сайта


Хятад чацаргана, Эрээний өрөм, америк тахиа идэж шинэлэх үү
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.