Өнгөрсөнд оччихоод ирсэн гэвэл итгэх үү? Даанч хоёрхон цаг. Дуучин Энхзолын “Жирийн биш хайр” тоглолтыг үзсэн бүх хүмүүс 1980,90-ээд онд түрхэн амьдарчихаад ирсэн гэхэд хилсдэхгүй.
“Roxette”, “Garbage”, “Carpenters”, “Janet Jackson”, нэрийг нь мэдэхгүй хуучны орос дуунууд гээд поп дотроо толгой цохих сонгодгууд нэгэн дор эгшиглэсэн үдэш. Мэдэхгүй дууг хүртэл дурламаар сайхан дуулсан бүсгүйд баяр хүргэж алгаа хорстол ташсан ч багадмаар. Товлосон цагаасаа хоёр цагийн дараа эхэлсэн тоглолт хоёр хэсэгтэй байлаа. Эхний хэсэгт хуучны, гэхдээ хэзээ ч хитээс “мултрахгүй” дуунууд, хоёр дахьд нь орчин үеийнх. Нэг л жийрхээд, “дулаацаж” өгөхгүй байсан зрителийн уур амьсгалыг Энхзол “Close to you”-г дуулж, гуравдахь дуугаараа л эргэлт буцалтгүй “гэсгээж” чадсан юм. Тэнд үзэгчид, дуучин хоёрын “танихгүй” боловч танил болзооны хажуугаар дуу хөгжмийн сайханд нэгдсэн хэдэн зуун найзуудын нөхөрсөг, баялаг, сайхан уулзалт болсныг тэмдэглэх нь зүйтэй. Энхзолын уран бүтээлийн хамтрагчид, найз нөхөд болох Рагу, Шаман, дуучин Дашдондог, жүжигчин Ууганаа, Кивигийн амтат жимсхэнүүд, загвар өмсөгч Катя, Нора, мисс Оюунгэрэл хүртэл хөөрхөн цүндгэр гэдэстэйгээ баяр хүргэхээр ирсэн байлаа. Гэхдээ тэр үдэш дуучид ч, үзэхээр очсон залуус ч хэзээний найзууд шиг л хамтдаа дуулж, бүжиглэж, хөгжилдөж өнгөрөөсөн.
Залуус гэснээс тэр үдэш дандаа хөөрхөн залуус цугласан байсан гээч! Тоглолт эхлэхээс авахуулаад л 4,5 настай болов уу гэмээр ганган “залуу” энэ тэрүүгээр гүйж, дуулж буй Энхзол эгчийгээ хэдэн талаас нь ухаалаг гар утсаараа аваад л, тайзыг давхар эзэгнэн харагдсан шүү. Харин Энхзолын ард гитар дарж байсан бондгор цагаан залуу оройн туршид тун цөөхөн нүдээ нээсэн гэвэл итгэх үү? Ихэнх үед нь нүдээ тас аниастай. Хөгжмөө тэгтлээ мэдэрч, даралтаа харах ч гүйгээр дуу бүрийг гарандаа хоногшуулна гэдэг үнэхээр чадвар шүү. Үзэхээр ирсэн бусад ганган, соёлтой, “том” залуусыг хэлэх ч юм биш. Мөн “Жирийн биш хайр” тоглолтонд өөр олон “хөөрхөн” дуучид ирж үзэгчдийг давхар уяраасныг хэлэх хэрэгтэй. МУАЖ Н.Сувд гуайн хүү Бат-Оргил, дуучин Тэнүүнтэй хамтран “Мөнхийн ус” дууг дуулж, цугласан олны зүрхэнд хүртэл аялгуулсан бол A-sound хамтлагийн дуучин Тэмүүлэн “Sunday morning”, “Moves like jagger”-ийг дуулж Maroon5-ийн фен залуусыг сэрээхээ мартсангүй. Удалгүй Тэнүүн ганцаараа гарч ирээд “I feel good” хэмээн дуулахад дахилт болгонд залуус “So good, so good” хэмээн орилж, гараа дээш өргөн бүжиглэсэн юм. Бүжгийн түүчээг үргэлжлүүлэхээр гарч ирсэн дуучин бол Hot Spot хамтлагийн Наагий байлаа. Тайзан дээр саксофон, үлээвэр хөгжимчид гарч ирэхэд гайхсан үзэгчдийг Наагий “Хойгуур зогсоод байгаа Секс бомбууд наашаа ирж бүжиглээрэй” хэмээн уриалсан юм. Тэр үед жазз хөгжмийн аяс бүх биеийг бүрхэж, хүлээсийг минь суллах шиг л болсон. Түрүүнээс хойш зогсолтгүй зураг дарсан хар арьст залуу ашгүй нэг энэ дуунаас эхлэн аппаратаа тайлж шидчихээд, хөл хүнд эхнэрээ урин бүжиглэсэн шүү.
Хүн болгонд 100% сэтгэл ханамж үлдээдэг зүйл ховорхон. Гэхдээ Энхзолын үдэш очсон хүн бүрт, нөгөө нүдээ нээдэггүй гитарчин залууд, үзэсгэлэн гоо нь хэтийдсэн үзэгч бүсгүйчүүдэд, үг бүрийг нь дагаж дуулсан хүмүүст тийм л сэтгэл ханамжийг мэдрүүлсэн юм. Харин “Шар айраг” хамтлагийн дуучин Буянаад техникийн асуудлаас болоод тэр сэтгэл ханамж арай багахан очсон болов уу. Гитар нь чих дөжрөөм хангинах бүрийд “Бумпара” гэж хэлээд инээгээд л зогсохыг нь хараад өмнөөс нь санаа зовж суусан. Ардаас нэгэн бүсгүй “Зүгээр ээ” хэмээн Айлофтоор дүүрэн хашгирах хүртэл шүү дээ. Буянаа тайзнаас буухдаа “Бумпара” гэж дахин техникийнхээ залуугийн нэрийг хэлчихээд жоготой инээмсэглэн одсон.
Харин одоо тоглолтын хоёрдугаар хэсэг. Өөрөөр хэлбэл орчин үеийн дууных. Урт улаан даашинз, гоёмсог тоорцгоо хар богинохон даашинз, хуруугүй бээлийгээр сольсон “дүрсгүй” Энхзол Рианнагийн “Diamond”, “Titanium”-ийг дуулж трансыг өөрийнхөөрөө доргиосон юм. Гэхдээ түүний хоолойн чадал Аделийн “Skyfall”, “One and Only”, мөн шинэхэн уран бүтээл дээр нь илүүтэй мэдрэгдсэн.
Хоёр цагийг хоёр цаг шиг хэзээ ч битгий хүлээж аваарай. Эхлэхэд хүлээсэн хоёр цаг, эхлээд өрнөчихсөн хоёр цагууд хичнээн ялгаатай байсан гээч! Эхнийх нь яг л хоёр жил шиг, удаах нь яг хорин минут шиг. Болдог бол тэнд, Энхзолын гайхалтай хоолойтой хамт, үдшийн хөөрхөн залуустай, эртний дуунуудтай хамт үлдчихмээр л байлаа. Энхзол сүүлийн дуугаа дуулаад “Миний тоглолтонд ирсэн та нартаа баярлалаа. Ирэх зун бүр том тоглолт хийнэ ээ” хэмээн Айлофтод, хэдэн арван хүмүүсийн өмнө амлалт, бас хүлээлт үүсгээд авсан. “Дуулсан дуундаа чи өөрөө уяраад” гэдэг шиг дуулсан аясдаа өөрөө уусаж, хоёр ч удаа нулимс дуслуулаад авсан уяхан түүнийг хараад ингэж л бодогдсон юм. Энэ бүсгүй дуу хөгжимд жирийн биш хайраар жинхэнээсээ дурлажээ гэж..Зун уулзая, Золоо!
GOOLINGOO