АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс “CBS News” телевизэд улс төрийн тоймчоор ажиллах болжээ. “Кондолиза Райс өнөөдрөөс эхлэн манай сувгийн орон тооны бус ажилтны үүргийг гүйцэтгэхээр боллоо” гэж тус телевизийн сурвалжлагч Марк Ноллер өчигдөр Тввитертээ бичсэн байна. Кондолиза Райс АНУ-ын төрийн департаментад олон жил ажилласныхаа дараа 2009 оноос Стэнфордын их сургуульд улс төрийн ухааны багшаар ажиллах болсон юм. Тэрбээр бага Жорж Бушийн үед аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан билээ. Кондолиза Райс нь дэд ерөнхийлөгч асан Ричард Чэйни, АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч асан Жон Болтон нарын хамтаар тухайн үеийн Америкийн гадаад бодлогын “бүргэдүүд” гэгдэж байсан юм.