Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих үнэмлэхийг ирэх сарын 1-нээс шинэчлэх талаар мэдэгдэж байсан. Энэ талаар Нийслэлийн халамж үйлчилгээний газрын тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунжаргалаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих иргэдийн үнэмлэх шинэчлэх хугацааг хойшлуулсан нь үнэн үү?
-Үнэмлэх шинэчлэх хугацааг тавдугаар сарын 1 гэж тооцоолж байсан. Харин энэ хугацаагаа хоёрдугаар сарын 1 болгосон. Тиймээс ирэх сарын 1-нээс шинэ үнэмлэх олгож эхэлнэ.
-Тэгвэл ирэх сарын 1 гэхэд иргэдийн гар дээр шинэ үнэмлэх очиж амжих уу. Нийтийн тээврийн үйлчилгээнийхэн тэр өдрөөс л шинэ үнэмлэх шаардаж эхлэх байх?
-Манайхаас шинэ үнэмлэх гаргахаар бэлдэж байна. Эхний үнэмлэхүүд хэвлэлтээс гарч эхэлсэн. Тиймээс ирэх сарын 1 гэхэд үнэмлэхээ дүүргүүдэд хуваарилчихна. Харин хороо хэлтсүүд хэрхэн тараахаа зохицуулах байх.
-Тэтгэвэр болон групп шинээр тогтоолгож байгаа иргэд хуучин үнэмлэх авч болох уу?
-Одоо ямар ч үнэмлэх иргэдэд шинээр олгохгүй. Энэ сард тэтгэвэр болон групп тогтоолгож байгаа иргэд ирэх сараас үнэмлэхтэй болно. Тэр хүртэл тэтгэврийн насны хүмүүс иргэний үнэмлэхээ үзүүлэн автобусаар зорчиж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд групп тогтоолгосон дэвтрийг үзүүлж явна. Орон нутгаас ирж байгаа ахмад настнууд болон түр оршин суугчид үнэмлэхээ Нийслэлийн халамж үйлчилгээний газраас ирж авна. Харин нийслэлд харьяалалтай иргэд харьяа дүүргийнхээ халамжийн газраас авна.
Б.Заяа
ЗУУНЫ МЭДЭЭ