Г.Марал (Лондон хотын Cass Business School-ын оюутан)
Манай улс дөнгөж сая төрсөн хүүхдээ оруулаад 3 сая орчим болж байна. Энэ нь европын жижиг хотын хэмжээний хүн ам юм. Гэвч газар нутгийн хувьд Английн нутаг дэвсгэрээс гэхэд долоо дахин том бөгөөд Орос Хятадтай хиллэж, Төв Азийн цээжин дээр оршдог орон.
Бид 1990 оноос социалист замаас татгалзаж, ардчиллын замыг сонгосон. Нийгэм эдийн засгийн энэ их өөрчлөлтөнд ололт олохын хамт алдаа ч бас хийж байна. Үүний нэг нь манай эрүүл мэндийн даатгалын систем. Үүнд эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй гэж иргэд тун дургүй байдаг. Иймээс ч мөнгөө хий дэмий юманд үр ашиггүй зарцуулж байгаа гэсэн бухимдал нийгмийн дундаж болон доогуур түвшний амьдралтай иргэдэд үүссэн.
Хэрвээ Монголын дундаж амьдралтай айлын хэн нэг нь хүнд өвчин тусвал тус өрхийн хувьд ядуурлын харангын дохио сонссон мэт болдог. Эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд өр зээлийн дарамтанд орох, орон байраа зарах зэргээр санхүүгийн хувьд уналтанд орж, амьдралаа алдсан иргэд олон.
Тухайлбал, өндөр өртөгтэй мэс заслын эрүүл мэндийн даатгалын тариф нь 500 мянган төгрөг гэтэл хагалгаа 5 сая төгрөг болдог. Ингэхээр иргэн эрүүл мэндийн даатгалтай хэрнээ 4.5 сая төгрөг нэмж төлдөг. Мөн өвчтөнийг эмчлэх шаардлагатай эм тариа нь эмнэлэгт байдаггүй. Иймээс тухайн эмнэлгийн эмч сувилагчаас хувиараа худалдаж авдаг.
30 настай төрийн албан хаагч эмэгтэй Л. ярихдаа “Миний бөөр үрэвсээд.. Шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болсон. Гэтэл эмнэлгийн ор хоног байхгүй гээд сар орчим хүлээж нэг юм хэвтэж эмчлүүлэхээр болтол
-Эмчлэх эм тариа байхгүй, чи өөрөө гаднаас ол эсвэл биднээс ав. Гадуур бол Хятад Оросоос орж ирсэн хуурамч эм тариа байгаа. Харин биднийх бол найдвартай гэдэг юм байна. Яах вэ дээ, хэлсэн үнээр нь тэр эм тариаг нь авч эмчлүүлсэн болсон. Бөөр эдгэсэн юм байхгүй одоо ч гэсэн даарах эсвэл гам алдвал эргээд сэдэрдэг. Харин ээж маань бөөр эмчлэх ардын уламжлалт эмийн ургамал олж өгсөн. Үүгээр л өвчнөө торгоож байна. Ер нь эмнэлгийн ажилтнуудын дунд эм тарианы бизнес цэцэглээд хөгжжээ. Өвчиндөө шаналсан ямар ч өвчтөн хүссэн мөнгийг нь өгөхөөс өөр аргагүй юм билээ. Мөнгөө авахгүй бол эмчилгээ хийхгүй. Ямар эмнэлгийн орон дээр шаналаад үхэлтэй биш…” гэж ярьсан.
Энэ талаар эрүүл мэндийн шинэ сайд Н.Удвал “Эрүүл мэндийн даатгалыг төрөөс бодит өртгөөс доогуур тогтоосон болохоор амьдралд нийцэхгүй байгаа юм. Тухайн хүнийг эмчлэх өртөг нь өндөр байсан ч эрүүл мэндийн даатгалын тарифт тааруулан үйлчилгээ хийдэг. Иймээс өвчтөн эм тариагаа гаднаас зайлшгүй авах хэрэгтэй” гэж хэлж байна.
Монголын төрөөс иргэндээ багцаагаар 8 мянган төгрөг эрүүл мэндийн даатгалд өгдөг. Харин төрд ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа 20-30000 төгрөг эрүүл мэндийн даатгалд суутгуулдаг.
Монголын эрүүл мэндийн сайд (2008-2012) асан Ламбаа “Ийм иргэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний 30% эзэлдэг гэтэл 70%-ийг ажилгүй хүмүүс эзэлдэг. Өөрөөр хэлбэл иргэд даатгалд мөнгө төлөх нь харилцан адилгүй мөртлөө үйлчилгээ нь адилхан байдаг. Даатгалд төлсөн мөнгөнийхөө хэрээр тэр хэмжээний үйлчилгээ аваагүй байхад харин эрүүл мэндийн даатгалын хуримтлуулсан сангаас өөр иргэн авч, биеэ эмчлүүлдэг. Ийм шударга бус тогтолцоо байгаа юм” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэтэл ажилгүй гэгдэж төрөөс эрүүл мэндийн даатгал авдаг иргэд гэж хэн бэ?
Орон гэргүй бөгөөд гудамжинд гарсан хүмүүсийн нэг “Хог түүж үүгээрээ хооллодог надад эрүүл эрхтэн гэж байхгүй болов уу. Найрка (усаар найруулсан спирт) ууж л өвчнөө мартдаг. Эмчилгээнд явья гэсэн ч мөнгө байхгүй тэгээд ч над мэтийн амьтдыг эмнэлгийн үүднээс эрүүл мэндийн даатгалгүй гээд хөөдөг. Эрүүл мэндийн даатгалтай ч адилхан юм билээ дээ. Эмнэлгийн анхан шатны тусламж өгсөн болж эмнэлэгт 10 хонуулаад хөөгөөд явуулдаг юм биш үү. Өвчинд ороогдож зовохгүй л үхэх юмсан гэж бодох юм” гэж 40 настай эрэгтэй Э. гунигтайгаар ярьж билээ.
Монголын эрүүл мэндийн даатгалын 2010 оны судалгаанд 2.5 сая хүн даатгалд хамрагдсан. Үүнээс эрүүл мэндийн даатгалын орлогын 80% нь ажиллаж даатгалаа төлдөг хүмүүсээс бүрэлддэг гэжээ.
Одоо Монголын УИХ-ын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Эрүүл мэндийн шинэ сайд Н.Удвал өмнөх үеийн эрүүл мэндийн салбарын ажлыг “Энгийн үгээр хэлэхэд уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихсэн хөл толгой нь мэдэгдэхгүй ажил” гэж дүгнээд цааш нь “Шинэчлэл хийх олон ажил бий. Үүнд эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, эмийн аюулгүй байдал, эмчилгээний стандарт технологид шинэчлэл хийнэ. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан удахгүй хэрэгжүүлж эхэлнэ” гэж мэдэгдэж байгаа.
Гэхдээ өмнөх эрүүл мэндийн сайд асан Ламбаагийн үед бас дээрх эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байсан бөгөөд 2 засгийн газар дамнаж байгаа энэ эрүүл мэндийн даатгалын хууль нь бидэнд хэр үр өгөөжтэй тусаж буухыг хүлээх хэрэгтэй болж байна.
Ашигласан ном зүй:
1. Эрүүл мэндийн салбарыг уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихэж. Sonin.mn 2012/10/29
2. Vip76.mn. (76.26) Иргэний эрүүл мэндийн тухай хууль. Архангай аймаг 2011/06/21