Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан өд” наадам 12 дахь жилдээ зохиогдлоо. Бүтэн жил бүтээн туурвисан номынхоо чанар чансаагаа үнэлүүлдэг уг наадам 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил Монголын зохиолчдын эвлэл, Монос групп хамтран зохион байгуулсан аж.
Энэ удаагийн “Алтан өд” наадмын яруу найргийн төрөлд 25 яруу найрагчийн бүтээл өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн яруу найрагч П.Майнбаяр “Өвсний шувуу” бүтээлээрээ хүртлээ. Харин Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлд долоон зохиолчийн бүтээл өрсөлдөн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романаараа, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлд есөн бүтээл нэр дэвшиж зохиолч Д.Дашмөнх “Хуучин” бүтээлээрээ “Алтан өд”-ийн эзэн боллоо.
Түүнчлэн 12 зохиолч хүүхдийн зохиолын төрөлд өрсөлдөн Э.Амарзаяа “Гайхамшигт аялал” бүтээлээр шалгарсан бол Жүжиг, киноны зохиолд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт М.Эрдэнэбат “Хүний үнэр” теле жүжгээрээ таван зохиолчийн урд гишгэлээ. Утга зохиолын онол, түүх, шинжлэлийн бүтээлийн төрөлд найман хүн өрсөлдсөнөөс доктор Д.Галбаатар “Уран зохиол, нэвтэрхий толь” бүтээлээрээ, Уран зохиол судлалын төрөлд Б.Пүрэв-Очир “Цэндийн Дамдинсүрэн болон түүний…” бүтээлээрээ тэргүүлсэн юм. Харин утга зохиолын орчуулгын төрөлд Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис-1” номоороо, Баримтат уран зохиолын төрөлд “Бүгээн” бүтээлээрээ Баастын Золбаяр “Алтан өд”-ийг гардаж авлаа.
Б.Нэргүй
НИЙСЛЭЛ ТАЙМС