Японы мэргэжлийн сүмогийн Хацу башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг давснаар нэг ч уналгүй тав дахь түрүүгээ авлаа.
Өмнөх башёгийн дараагаар зэмлэл хүртэж, ёкозүна цолны хэмжээнд барилдаж чадах эсэхэд нь япончууд эргэлзсэн ч Харумафүжи энэ удаа эрэмгий барилдаанаараа өөрийгөө Их аварга гэдгээ нотлон харуулж чадлаа. Дээд зиндааны хамгийн хөнгөн бөх Их аварга цолыг хүртсэнийхээ дараа ийнхүү Японы Эзэн хааны цомыг тав дахь удаагаа хүртэж бас нэгэн дээд амжилтын эзэн боллоо.
Энэ башёгийн гурав дахь өдрийн барилдаанд Миябиямад өвдөг шороодсон Их аварга Хакухо М.Даваажаргал 12 дахь өдрийн барилдаанд озэки Котоошюүд дахин унаж хоёр унаатай болсон. Энэ удаад нэг ч унаагүй яваа Харумафүжи түрүүлэх нь тодорхой болоод байна. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд Харумафүжид өвдөг шороодон 12 даваа, гурван унаатай Хацу башёг өндөрлүүлж байна.
Озэки Котоошюү, Кисеносато нар 10 даваа таван даваатай цолоо хадгалж үлдсэн бол Макүүчид хүч үзсэн бусад монгол бөхчүүдээс Кёкүтэнхо Н.Цэвэгнямаас бусад нь 50 хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Мөн Жүрёо, Макүүшита зиндаанд монгол бөхчүүд тэргүүллээ.
Д.Өлзий