Сонголт хийх боломж хүн бүрт байдаг. Харин зөв сонголт хийх нь л чухал юм. Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглосон залуу жүжигчин О.Дөлгөөнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Амьдралд тавтай морил киноны Золоогийн дүрээр анх гараагаа эхэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт нь жүжигчний мэргэжил юм байна.
Сайн байна уу? Мөрөөдлийн театрынхаа тухай танилцуулаач?
Мөрөөдлийн театр байгуулагдаад нэг жил болж байна. Бид драм, хошин урлаг хоёрын аль алиных нь шинжийг агуулсан “шоу драм” гэсэн шинэ төрлөөр уран бүтээлээ хийж байгаа юм. Нийгэм юу үзэхийг хүсэж байна, түүнийг л дагана гэсэн зорилготой. Мөн бүрэн хэмжээний жүжиг тавьдгаараа онцлогтой.
Яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон бэ? Хэн нэгэн нөлөөлсөн үү?
Эмэгтэй хүүхэд болгон загвар өмсөгч, жүжигчин болохыг хүсдэг шүү дээ. Би ч гэсэн тийм л мөрөөдөлтэй байсан юм. Гэхдээ дунд ангид байхдаа нэг хэсэг санхүүч болно гэж боддог байсан. Ингээд яг төгсөх жилээ ерөөсөө л жүжигчин болъё гэж шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад ээж минь бас хамаатны ах эгч хоёр маш их дэмжиж урам өгсөн. Миний хувьд амьдралын минь хамгийн зөв сонголт байсан.
“Амьдралд тавтай морил” “Миний нууц хүү” “Амьдрал өөрөө бэлэг” гэх мэт тодорхой тооны кино жүжгүүдэд тоглолоо. Энэ мэргэжлийн сайхан тал нь юу вэ? бас хүнд хэцүү нь юу вэ? Мэдэрч амжсан уу?
Томчууд, ахмад жүжигчдийнхээ сонин сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг уншиж байхад “Эмэгтэй хүнд урлагийн амьдрал хатуу,заавал нэг зүйлээ золиослох шаардлага гардаг” гэдэг. Гэхдээ миний хувьд дөнгөж эхэлж байгаа учраас одоохондоо хэцүү зүйл байхгүй ээ. Хааяа бага зэргийн хэцүү зүйл тохиолдох ч түүнийг даваад гарсны дараа маш өчүүхэн байсныг ойлгодог. Харин сайхан тал нь тайзан дээр уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох тэр мөч мөн үзэгчдийн алга ташилт бидэнд их эрч хүч, урам зориг өгдөг. Ийм сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа би их баярладаг.
Урлагийнхан тэр дундаа жүжигчдэд хөгжилтэй явдлууд их тохиолддог юм шиг ээ. Хөгжилтэй дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
Тиймээ хөгжилтэй зүйлүүд их тохиолддог. “Амьдрал өөрөө бэлэг” тоглолтон дээр Эрхэмээ ах бид хоёрын харц тулгараад харьцдаг хэсэг байдаг. Тэр хэсэг дээр би үгээ хэлчихээд эргээд Эрхэмээ ах руу харсан чинь сандал дээр суугаад л байх юм. Тэгээд дараагийнхаа үгийг хэлчихээд “за одоо ард ирсэн байх ёстой” гээд эргээд харсан дахиад байдаггүй. Нөгөө сандал дээрээсээ босоогүй өөдөөс бүлтийгээд л суугаад байдаг. Би бүр гайхаад тэр хэсэг дууссаны дараа тайзны ар луу гараад “Эрхэмээ ах аа та чинь яачихваа ард ирж зогсох ёстой биз дээ” гэсэн чинь “Өмд урагдчихлаа” гэдэг юм даа. Тэгээд л суугаад байсан юм байна лээ.
Сайтуудаар өөрийг тань “гэрлэх хүртлээ эротик кинонд тоглоно” гэсэн мэдээллүүд их тархсан байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
Үгүй ээ. Би эротик кинонд тоглохгүй. Тэгээд ч надад зохихгүй. Тэр бол худлаа мэдээлэл.
Жүжигчдийн ярилцлагуудыг уншиж байхад “ийм л дүрд тоглочих юмсан” гэдэг битүүхэн бодол байдаг юм шиг санагдсан. Та ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
Миний хувьд сайхан хайр дурлалтай киноны гол дүрд тоглохыг хүсэж байна. Хайр дурлалынхаа төлөө зовж шаналааад л түүнийхээ төлөө тэмцдэг тийм дүр байвал мөн “Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Жульеттагийн дүрийг бүтээхийг хүсдэг.
Бидний бахархал болсон олон сайхан чадварлаг жүжигчид байна. Эмэгтэй жүжигчдээс хэнийг илүү хүндэлж, үлгэр дууриалал авч байна?
Бүгдийг нь л хүндэлж, суралцаж байдаг даа. Гавъяат жүжигчин Одончимэг эгчийг их хүндэлж явдаг.Үзэгчдийг уйлуулахаасаа илүү инээлгэх нь надад хэцүү юм шиг санагддаг. Одноо эгчийг тайзан дээр гараад ирэхэд л үзэгчдийн хандлага өөрчлөгддөг. Маш чадварлаг сайн жүжигчин мөн хамгийн анхны Жульетта гээд л их мундаг хүн шүү.
Хэр их мөрөөдөмтгий хүн бэ? Мөрөөдлөөсөө хуваалцаач?
Миний мөрөөдөл хязгааргүй. Би их шуналтай юм шиг байгаа юм. Гэхдээ их холын мөрөөдөл гэхээсээ илүү жижиг жижиг зорилгууд тавиад түүндээ хүрчихээд дараагийнхаа зорилгыг тавьдаг. Миний мөрөөдөл гэвэл мэдээж ээжтэйгээ урт удаан наслаж хамтдаа сайхан амьдрах мөн хүмүүсийн хүндэтгэл хайрыг хүлээсэн сайн жүжигчин болохыг хүсдэг.
Ярилцсанд баярлалаа. Танай театрийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж яваа танай сайтын хамт олонд ч гэсэн амжилт хүсье.
Н.Задгайцагаан /EMEGTEICHUUD.MN/