Яруу найрагч Д.Энхболдбаатар
Дурлалын уед зүрх минь буруу цохидог
Шаналалын уед бүүр зогсож орхидог
Дурлал, шаналалгүй уе надад огт байгаагүй болохоор
Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгүй
Өерийнхее цагаар бол хэчнээн жил амьдарснаа
Өөрөө ч би хэлж мэдэхгүй…
****
Дурлаагүйг минь
Уучлаагүй бүсгүйн
Цөхрөлийн цөөрөм
Нэг ч загасгүй…
Анзаарч намайг хараа ч үгүй хонгорхон охины
Араас сэм дагах аятайхан байдагсан
Сэтгэл санаа минь аль хэдийнээ дэргэд нь оччихсон
Итгэл даадаг тухайгаа ярьж явдагсан
****
Зүрхээ дуслуулж эхэлсэн
Зүр шиг залуу насны
Дурлал бухэн минь, гэвч
Хорлол шиг байсан
Хорлол байсан
Хордож гүйцсэн, би…
ЭРГЭЛЗЭЭТ СЭТГЭЛИЙН ЧУЛУУН ГУДАМЖНАА
Элдэв чамин хоршоо зээлтэй
Эргэлзээт сэтгэлийн чулуун гудамж
Эргэлзээт сэтгэлийн гудамж чулуун шалтай
Хахирыг илтгэх хүйтэн үдшийнх нь дунд
Хацар гоо охин дулаанхан дүртэй
Цэл залуухан тэр охин эргэлзээт сэтгэлийн чулуун гудамжнаа
Цэцэг тэврэн алхах нь
Эртний сонгодог дүртэй
Гэрлийн чимэглэлээ гайхуулах
Эндэхийн чамин зээлүүд
Сэрлийн үнэр ханхлуулсан
Эрээ цээргүй наймаатай
Буруу зөв сэтгэл Булингартай итгэл
Бусармаг ухаан
Бусчар оюун санаа
Дур булаам эсвэл ой гутам харц
Дугариг бор царай нумарсан хөмсөг
Хоосон халаас
Нэг бол дүүрэн хэтэвч
Хорсол занал шаналал хагацал
Эргэлзээт сэтгэлийн чулуун гудамжинд үгүй юмгүй
НУТАГ ШИГЭЭ ЯВАХСАН
Учир үйлийг ухуулсан
Уяхан ээжийн минь зэмлэл шиг
Уулс олны чанадаас
Урсгалаа чимээлж санаанд байх
Бургас модон шугуйдаа
Буянаа бөөцийлж мяралзсан
Тунгалаг Тамирын гол шигээ
Тунгалаг гэгээн явах юмсан.
Амьдрал хайрыг таниулсан
Ачлалт аавын минь захиас шиг
Халирхай бяцхан сэтгэлд минь
Хатаа хагсааж цээжинд байх
Бурхан сүлдэт энгэртээ
Бусдыг хаацайлж дүнхийсэн
Булган хайрхан уул шигээ
Буцаж няцахгүй явах юмсан
Дэндүү эндүүг тэнцүүлсэн
Дээдэс өвгөдийн сургаал шиг
Тэнгэрийн хутагтай заяаг минь
Тэгшлэн засаж дэргэд байх
Өгөөж тэнүүн уудамдаа
Өлгийдөж намайгаа өсгөсөн
Арын сайхан хангай шигээ
Асрал дүүрэн явах юмсан
МӨРӨӨДЛӨӨС МИНЬ Ч ХОЛ
Бардам энхрийлэл, янаг дурлалын тухай
Бадагхан шүлгийг би чамд зориулъя, бүсгүй минь
Бадрангуй сэтгэлийн илч гэрлээс хэзээ ч
Баяр хөөр, хөгжөен цэнгэл дайжихгүй…
Түнэр харанхуй сэтгэлийг ч
Дурлалын түүдэг гийгүүлнэ
Түймэр болон авалцвал
Зовлонгийн шалтгаан болно
Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч
Дутуу хагас амьдрал гэж бас байдаггүй…
Энхрий янаг хийгээд хээнцэр сэтгэлт бүсгүй минь
Эрхэм дээдийн хүсэл, миний сэтгэлийн гайхшрал минь
Чиний гунигийн толь мэт нүдэнд чинь юутай
Чимхийн төдий харуусал торно вэ?
Хэнд ч, хэзээ ч үл итгэхийг чи өөртөө андгайлсан мэт
Хэлэх үг чинь хэгжүүн, харц чинь юутай жуумгархан
Хэнхдэгэн цаана чинь цохилох
Хэсэгхэн зүрх чинь ямархан бэ?
Мөрөөдөл минь байхаас татгалзсан
Мөрөөдлөөс минь ч холын бүсгүй минь
Ямар ч утга агуулаагүй мэт хэрнээ надад
Янаглангуй санагдах ер бусын харцаараа чи
Яагаад намайг сонжинхон ширтэнэ вэ?
Яагаад ч юм намайг сонжинхон ширтэх чинь
Ялдам энхрий агаад чиний надаас
Янаглал биш итгэл эрэлхийлэн байгааг илэрхиилэх хэрнээ
Ямар ч утга агуулаагүй хэвээрээ байна…
Хэзээ ч мөрөөдөж байгаагүй мэт надад санагдах
Хэнэггүй гэнэн, хээнцэр сэтгэлт бүсгүй минь чи
Хэзээ ч мөрөөдөхгүй байж үзээгүй миний
Хэтэрхий холын мөрөөдөл хэвээрээ л баймаар байна уу?
Хээнцэр сэтгэлт бүсгүй чи…
НАЙДАХ ХЭРЭГГҮЙ ХҮН ГАНЦ Л АМЬДАРНА
Найдах хэрэггүй, хүн ганц л амьдарна
Насаараа хийж гүйцээгүй ариун үйл хэргээ
Хойд насандаа хийж дуусгаад
Хорвоогийн мөхлийг хойшлуулна гэж бодохын хэрэггүй
Итгэх хэрэггүй, амьдрал хэмжээтэй
Эрх чөлөө гэдэг эрхэм чухал болохоор
Ганилант торноосоо арайхан мултарсан канар бялзуухай
Ганцаардаж байгаа, хөөрхий минь… гэж чамайг өревдөөд буцаж ирэхгүй
Өөрийгөө хуурах хэрэггүй, хүний нас хязгаартай
Өгөөмөр ч гэлээ бурхан чамайг бусдаас илүү үзэхгүй
Өнөөдөр амжуулж дуусгаагүйгээ маргааш болгочихно гэж
Өөрийгөө хуурах хэрэггүй, маргаашийн ажил чинь тэртэй тэргүй дийлдэхгүй
Хүсэхийн хэрэггүй, ер бусын юм гэж байдаггүй
Хүчирхэг бирд гурван хүслийг чинь биелүүлэхээр хүрэлцэн ирэхгүй
Чиний амьдрал бол чиний л амьдрал болохоор
Чиний төлөө хэн ч хөлөө хугалах шахан гүйхгүй
Горьдох хэрэггүй, хоног өдрүүд олон ч гэлээ
Гоожоод дуусна. Тэгэхэд чи наснаас нөгчинө
Аав, ээжийнхээ нэр хүндийг хэчнээн дурдлаа ч
Арав, тав бүү хэл ганц ч хоног олдохгүй
Мөрөөдөхийн хэрэггүй, амьдралыг худалдан авч болохгүй
Мөнгө хөрөнгө хэчнээн байлаа ч огт нэмэргүй
Үнэ цохиж авсан булган дээл, минжин шуба
Үхсэний хойно дулаалга болохгүй
Санахын ч хэрэггүй, бүх зүйл хуурамч
Сайхан амьдарсан байлаа ч тус нэмэргүй
Бүтээж, үлдээж, ирээдүйн өмнө буян үйлдэж явахгүй л бол
Бүгдийн энэхэн орчлонд ирээд одсоны чинь хэрэг гарахгүй…