Чи надад хайртай гэдгийг өнөөдөр мэдэх сайхан ч
Чин хайр чинь хэвээр эсэхийг өдөр бүр шалгах хэцүү…
Хайртай гэдэг үг хагас өдрийн хүчинтэй, дахиад хэл
Харин удаахан тэврээд уртаар санаа алдаарай
Хацар үнэрлэн шуугих амьсгалын чинь исгэрээнд
Хардаж сэрсэн төсөөллөө түр ч гэсэн мартъя
Хавирга дамнан оньслох эв муутай тэвэрт чинь
Харамлаж манасан болгоомжоо зуур ч болов азная
Чи надад хайртай гэдгийг өнөөдөр мэдэх сайхан ч
Чин хайр чинь хэвээр эсэхийг өдөр бүр шалгах хэцүү…
Уруул шавхуурдах үнсэлтийг тооцохгүй, уламжлал гэм
Унтаад ч болов өврийг минь харин, удаан дэрлээрэй
Бодол хоослон нялхарч гүн нойрсох зуур чинь
Болж өнгөрсөн бүхнээс гэмийг чинь уйлж цайлгая
Сэвлэг зөөлөн магнайг чинь яаралгүй таалж суухдаа
Сэтгэлээсээ ярилцъя, чамаасаа нуулгүй чанга бодъё
Чи надад хайртай гэдгийг өнөөдөр мэдэх сайхан ч
Чин хайр чинь хэвээр эсэхийг өдөр бүр шалгах хэцүү…
Дагуулж явахдаа дал мөрөөр тэврэх нь эелдэг төдий
Дараа нь харин уйдвал гараас минь атгаад суугаарай
Суваг эргүүлэн тэнүүчлэх сувдан харцны чинь үзүүрт
Суудалдаа эрх гүнжирхэж, цор ганцханаа мэдрэе
Хурууд ноололдох гарын төөрөг зөгнөгч алганд чинь
Хувь заяагаа зангидах хүслээ бясалган шившэе
Чи надад хайртай гэдгийг өнөөдөр мэдэх сайхан ч
Зохиогч:
Чин хайр чинь хэвээр гэдгийг өдөр бүр батлах хэцүү…