-“Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого” сэдэвт сургалт өмнө нь хэд хэдэн удаа болж байсан. Энэ удаагийн сургалтын онцлог нь юу вэ?
-БШУЯ, БМДИ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт хэлэлцүүлгийн зорилго нь шинэчлэлийн засгийн газар, БШУЯ-аас боловсролын чиглэлээр баримталж байгаа бодлого шийдвэрийг удирдах ажилтгнуудад танилцуулах. Мөн удирдах ажилтнууд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй юм, яаж хамтран ажиллах вэ гэдэг санал бодлыг сонсох юм. Нөгөө талаар боловсролын шинэчлэлийн гол чиглэл болоод байгаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш сургуулийн удирдах ажилтнууд хэрхэн яаж ажиллах нь зүйтэй вэ гэдэг чиглэл өгөх зорилготой сургалт байсан. Энэ утгаараа өмнө нь явагддаг сургалтуудаас арай онцлогтой. Бид удирдах ажилтнуудад аливаа нэг загварт баригдахгүйгээр төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага бөгөөд суралцагч, эцэг, эхчүүд, нийт иргэдэд үйлчилдэг төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд тусалдаг байгууллга гэдгийг ойлгуулахын тулд энэ сургалтаа энгийн байдлаар зохион байгуулсан. Төрийн бодлого шийдвэр гэхээр л яамны удирдах ажилтнууд, удирдах дээд байгууллагын ажилтнууд оролцоод мэдээлэл хийхийг сургалт гэж ойлголдог байсан бол энэ удаа арай өөрөөр зохион байгуулахыг хичээсэн. Тухайлбал ардчилсан нийгэм дэх эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж чадвал хүн амжилт олж, амьдралдаа ахиц гаргаж болох юм бэ гэдгийг амьдралын туршлагатай хүмүүсээс санал бодлыг сонссон. Нөгөөтэйгүүр багш удирдах ажилтнууд хоорондоо бие биенээ сонсох боломжийг олгосон сургалт боллоо гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
-Оролцогч багш, сургуулийн удирдах ажилтнуудад энэ сургалт үр өгөөжөө өгч чадсан гэсэн үг үү?
-Энэ удаа удирдах ажилтнууд түлхүү оролцсон л доо. Сургуулийн захирал, эрхлэгч нар тэр болгон сургалтад хамрагдаад байдаггүй. Сургалт эхлэхэд хүмүүс “Эд нар юу ярих нь вэ. Ингэж л байдаг юм” гэсэн шинжтэй байсан.Гэтэл ” Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ” гэдэг нь үл ойлголцох зүйл биш юм байна гэдгийг сургалтаар өгч, энгийнээр ойлгуулж чадсан. Сургалтын төгсгөлд үнэхээр Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой юм байна гэдэг дээр багш нар санал нэгдсэн. Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Ардын уран зохиолч П.Бадарч болон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” туршилтын сургалтыг зохион байгуулаад байгаа байгаа гугрван сургуулийн багш нарын ярианаас олон шинэлэг сайхан зүйл сонссоод боломж байна гэцгээж байсан. Мөн ОХУ-аас ирж “Хэрэглээний боловсрол” сэдвээр лекц уншсан мэргэжилтнүүд сургууль багш нар бол суралцагчдад суралцах аргыг л заадаг. Хүүхэд өөрөө суралцах авьяастай төрдөг бөгөөд түүнийг нь багш, сургуулийн байгууллага хөгжүүлдэг юм гэдгийг баталж, өөрсдийн хийсэн үйл ажиллагаа, туршлага дээрээ тулгуурлан ярьж өгсөн. “Энэ нь энгийн бөгөөд бидний хийж чадах зүйл байна гэдгийг ойлголоо” гэж удирдах ажилтнууд дүгнэж нүдэнд нь баяр тодорч байхыг харсан хүний хувьд би энэ сургалт үр дүнд хүрсэн юм болов уу гэж бодоход хүрсэн. Нөгөөтэйгүүр хүүхдийг сургаж хүмүүжүүлж төлөвшүүлэхэд эцэг эх чухал үүрэгтэй гэдгийг энэ сургалтын үеэр онцлон яригдсан. Тодруулбал, эцэг, эхчүүдтэй сургууль гэрээ хийх хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж харилцсан бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүллээ.
-Сургалт цаашдаа үе шаттай үргэлжлэх үү?
-Гадны нэг сургагч багш хэлж “Боловсрол бол онгоцоо зохион бүтээнгээ алсын аялалд гарсан нисгэгчид юм” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл боловсрол гэдэг байнгын тасралтгүй үргэлжилж байдаг үйл явц юм. Тиймээс үүнийг нэг л өдөр шинэчилчихгүй. Энэ шинэлчлэл гээд байгаа зүйлийг ирээдүйнхээ төлөө хийж байгаа учраас сайн сайхан зүйл байх ёстой. Бид ирээдүйгээ хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа хүмүүс. Өмнө нь 21 аймагт энэ сургалт явагдсан. Одоо нийслэлийн дүүргүүдэд, цаашлаад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарт зориулж явагдана. Ер нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг бол багш нэг бүрийг хөгжүүлнэ, багш нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багш бүрийн оролцоо байх хэрэгтэй. Тэгэхээр боловсролын чанарын шинэчлэлийг амжилттай явуулъя гэвэл зөвхөн багш гэлтгүй сургуульд ажиллаж байгаа цаашлаад боловсролын салбар гэж хязгаардагдахгүй, эцэг эх, нийгэм бултаараа оролцож байж энэ салбар шинэчлэгдэнэ.