БШУЯ-аас энэ жилийн багш нарын баярыг багш нарын бүтээлч,санаачилгыг дэмжин хөгжүүлэх үйлсийг эхлүүлж, ажил хэрэгч байдлаар тэмдэглэхийг зорьж байна. Шинэчлэлийн засгийн газрын Боловсрол, шинжлэх ухааны салбарын “Эрдэм боловсролтой Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ хийх зорилтыг хэрэгжүүлэхээр БШУЯ-аас 2013 оныг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн арга зүй, технологийг хөгжүүлэх жил болгож зарласан.
Багш нарын баяраар хүүхэд нэг бүрийг хөгжүүлж амжилттай хэрэгжсэн сургалтын арга зүй, технологийг тодорхой журмын дагуу бүртгэн хэрэгжилтийг зохион байгуулах зорилго бүхий “Боловсролын технологийн үндэсний сан”-г нээж байна.
“Боловсролын технологийн үндэсний сан”-г вэб хуудсанд суурилсан, санал зөвлөмж бичих, харилцах эргэх холбоотой, хандалтын тоо хэмжээгээ тодорхойлдог, интернетийн орчинд ажиллах боломжтой байхын зэрэгцээ мэдээллийг дуу дүрстэй, бичмэл гэх мэт бүх төрлийн мэдээллийн хэлбэрээр байршуулж, танилцуулах боломжтой болно.
“Боловсролын технологийн үндэсний сан” нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын бүх түвшний сургалтыг чанартай, үр дүнтэй болгох шилдэг технологи, үр дүнтэй нь нотлогдсон сургалтын технологийг үнэлэх, дамжуулах, түгээн дэлгэрүүлэх боломжийг бий болгоно.
Боловсролын технологийн үндэсний сангийн нээлтийн үеэр
Завхан аймгийн БСГ-ийн аргазүйч Ю.Дэлгэрнасан- хөтөч хүүхдээр дамжуулан морин хуурыг амжилттай заасан “Тэмүүлэхүй” сэдэвт технологи,
“Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн багш Б.Цэцэгмаа-хүүхдэд хүргэх хичээлийн агуулгыг бодит туршилга дээр сурилан амжилттай хүргэсэн туршлага бүхий “25:50:25″сэдэвт технологи, Нийслэлийн БГД-ийн”Эрдмийн Өргөө”цогцолбор сургуулийн багш Ш.Алтантуяа-хүүхдэд олгох чадварт төвлөрч багш нарын заах хичээл нэгдмэл байдлаар байгальд зохион байгуулагдаж амжилтанд хүрсэн “Байгаль дахь сургалт” сэдэвт технологи, Нийслэлийн БГД-ийн 93 дугаар сургуулийн багш С.Отгонтуяа- хичээлийн агуулгыг нэгдмэл байдлаар эх хэлний уран яруу ярих чадварт суурилан хүүхэд бүрийг амжилттай хөгжүүлсэн “Хүүхдийн ертөнцийг нээхүй” сэдэвт технологийг тус тус танилцуулна. Хүүхэд бүрийг амжилттай хөгжүүлсэн арга зүй технологийн дэлгэрэнгүйг www.etd.edu.mn website руу орж бүрэн эхээр танилцах боломжтой юм.
Жил бүрийн багш нарын баяраар тэргүүний сургууль, цэцэрлэг, багш нараа шалгаруулж өргөмжилдөг сайхан уламжлалтай.
Өнөө жил цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн “Оны тэргүүний багш”-аар
1) Булган аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Лхагвасүрэнгийн Бумбат
2) Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Цэндийн Чимэддулам
3) Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн багш Цэсэнжавын Цэцэгбалжид нар шалгарлаа.
Төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагаас “Оны тэргүүний багш”-аар
1) МУИС-ийнХими, химийн инженерчлэлийн сургуулийн химийн багш О.Болормаа
2) Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн үсчний мастер багш Д.Одгэрэл
3) “Идэр” дээдсургуулийн Сэтгүүлзүйнбагш, докторН.Мөнхзоригнаршалгарсан байна.
Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр
1) БулганаймгийнХангалсумын “Хараацай” цэцэрлэг
2) Завхан аймгийн Улиастай сумын VIII цэцэрлэг
3) Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг
“Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль”-аар
1) Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хан-Уул цогцолбор сургууль”
2) Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV сургууль
3) Өмнөговь аймгийн Даланзадгад сумын III сургууль
4) Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулиуд тус тус шалгарчээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн багш нар, нийт 1400 хүн оролцсон тус арга хэмжээний үеэр цэцэрлэгийн багачууд, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, цэцэрлэг, сургуулийн багш нараас бүрдсэн 500 хүний бүрэлдэхүүнтэй концерт тоглоно. Мөн Завхан аймгийн БСГ-ийн аргазүйч Ю.Дэлгэрнасан-гийн “Тэмүүлэхүй” сэдэвт технологиор 21 хоногт “морин хуур” тоглож сурсан нийслэлийн 93, 44 дүгээр сургууль, “Эрдмийн-Өргөө”сургуулийн авьяаслаг сурагчид өөрсдийн сурснаа тайлагнах юм.