Испанийн “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пикей “Twitter” хуудсандаа өмнө нь хүүгийнхээ толгой, их бие ороогүй зургийг нийтэлсэн билээ.
Жерард Пикей “Twitter” хуудсандаа хүүгээ үнсэж буй зургаа оруулсан байна. Милан хүүгийн анхны зургаас олох мөнгө UNICEF байгууллагын санд хандивлагдсан аж. Хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүгээ үнсэж буй Жерард Пикей үнэхээр халамжтай аав болох нь харагдаж байна хэмээн “Телеграф” сонинд бичжээ. Испанийн шигшээ багийн хамгаалагч “Ла Стампа” сонины сурвалжлагчид ярихдаа “Би хүүгээ ямар хүн болохыг мэдэхгүй байна. Надтай адил хөлбөмбөгч болох нь түүний л сонголт байх болно. Загасчны хүүхэд загасчин болох албагүй шүү дээ” гэжээ.
Мөн Испанийн хэвлэлүүд Шакираг эмнэлгээс гарч байгаа зургийг нийтэлсэн юм. Тэрбээр нэлээд ядарсан харагдсан ч урьдын адил сайхан инээмсэглэлээр дүүрэн, аз жаргалаар бялхаж байгааг хэвлэлүүд онцолжээ.
Өнгөрсөн сарын 22-нд Шакира, Жерард Пикей нарын хүү Милан Пикей Мебарак хүү каталоны нийслэл Барселон хотод мэндэлсэн юм. Тэр энэ онд мэндэлсэн дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг билээ.