“Монгол хүний биологийн дээжин дэх мөнгөн усны лавлах хэмжээг тогтоох” судалгааны ажлыг ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-ийн Хор судлалын төвийн судлаачид хийж гүйцэтгэжээ.
Судалгаанд Өвөрхангай аймгаас 205, Хэнтий аймгаас 238, Сэлэнгэ аймгаас 198, Архангай аймгаас 138, Төв аймгийн Жаргалант сумаас 38, Борнуур сумаас 50, УБ хотоос “АПУ” ХХК-иас 408, “Атар-Өргөө” ХХК-аас 59, Дулааны III цахилгаан станцаас 283, “Мон-Энзим” ХХК-иас 20, “Айвико” ХХК-аас 21, “Талх чихэр” ХХК-аас 60, клиникийн нэгдсэн II эмнэлгээс 292 хүнийг хамруулж нийт 2049 цус болон шээсний дээж цуглуулсан. Шээсэн дэх мөнгөн усны агууламж илрүүлэх шинжилгээг хүйтэн уурын атом шингээлтийн спектрометрийн аргаар мөнгөн усны анализатор люмэкс багажаар НЭМҮТ-ийн Хор судлалын төвийн мөнгөн усны итгэмжлэгдсэн лабораторид, цусан дах мөнгөн усны агууламж илрүүлэх шинжилгээг Япон улсын Минамата өвчин судлалын үндэсний төвийн лабораторид тус тус шинжилжээ.
Судалгааны дүнгээр Монгол хүний шээсэн дэх мөнгөн усны дундаж агууламж 0.254±1.752 мкг/л, цусан дах мөнгөн усны дундаж агууламж 0.726±0.937 мкг/л байна. Энэ нь Германы хүний биомониторингийн комиссоос гаргасан лавламж хэмжээний аюулгүй буюу нэгдүгээр түвшин (шээс 0-7 мкг/л, цус 0-5 мкг/л)-гийн дээд хязгаараас мэдэгдэхүйц бага байна. “Монгол хүний биологийн сорьцон дахь лавламж хэмжээг тогтоосон нь мөнгөн усны хордлогыг оношлоход чухал ач холбогдолтой судалгаа” болсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа мэдээллээ.
Манай оронд уул уурхайн салбар хөгжсөний улмаас хууль бусаар мөнгөн ус хэрэглэн алт олборлох үйл ажиллагаа ихсэж хэд хэдэн аймгуудад мөнгөн усны шалтгаантай хордлогыг бүртгэгджээ.
Ж.Болор