ФРАНЦЫН НИЙСЛЭЛ ПАРИС ХОТНОО БОЛСОН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЧЭЭ.
Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн уралдааны хуваарийн дагуу буурал Европыг зорьсон шигшээ багийн тамирчид 2013 оны олон улсын анхны тэмцээнээ Францын нийслэл Парис хотноо “Их дуулга” тэмцээнээр эхлүүлсэн юм. “Их дуулга”-ын тэмцээнд Монголын шигшээ багийн жүдочдоос эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин зодоглосноос 73 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алт , Д.Төмөрхүлэг мөнгө /66 кг/, Б.Тэмүүлэн мөнгө /-100 кг/, М.Уранцэцэг хүрэл /эм 48 кг/ медаль хүртэж, Европын цувралын гараагаа амжилттай эхэллээ.”Их дуулга”-ыг багийн дүнгээр Францын шигшээ багийн тамирчид 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Японы шигшээ баг 4 алт, 2 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж, Монголын шигшээ багийн жүдочид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн амжилтаар 54 орны багаас гуравдугаар байр эзэллээ.