-Чанар болоогүй мэдлэг хүүхдийг хөгжүүлдэггүй-
Шинэчлэлийн Засгийн газар Боловсролын шинэчлэлийг бага ангиас нь суурь боловсролоос нь эхэлж байгаа билээ. Тиймээс энэ ажлын хүрээнд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөрийг нийслэлийн гурван сургууль дээр хэрэгжүүлж байгаа. Энэ нь боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг учраас дээрх гурван сургуулийн багш нарыг сургалтад хамруулах, бага ангийн сургалтын арга барилыг шинэчлэх гээд хийх ажил багагүй байгаа аж. Тиймээс төслийг гардан хэрэгжүүлж буй багийн зөвлөх, доктор, профессор Ц.Няндаг багшийг “Миний багш” булангийн зочноор урив. Тэрээр боловсролын салбарт чиг шугам болгож буй “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” онолыг боловсруулж, гоц авьяастны 93-р сургууль дээр амжилттай хэрэгжүүлжээ.
– Танд багш нарын баярын мэнд хүргэе!
– Баярлалаа. Багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа Монголын багш нарын баярын 47 дахь өдрийн мэндийг хүргэе. Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад үеийнхэндээ болон боловсролын байгууллагад хамтран ажиллаж байгаа багш нартаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
– БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд таныг их зүйл хийж байгаа гэж дуулсан. Мөн энэ арга зүй, технологийг таныг анх боловсруулсан гэх юм билээ. Энэ тухай тодруулна уу?
– Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд тэднийг ажилсаг, эвсэг болгох ёстой юм. Энэ хоёр аргад тулгуурлаж ажиллавал хүүхэд бүрийг хөгжүүлж болно гэдгийг олон жилийн туршлагаас олж харсан. Хүүхдийг хөгжүүлэхэд заавал англи хэл сурах, янз бүрийн авьяасыг нь хөгжүүлнэ гэж ойлгох шаардлагагүй. Эвсэг, ажилсаг болсон хүн ямар ч нөхцөлд амьдралаа аваад явах чадвартай болдог. Сүүлийн яавал үед өсвөр үеийг нийтээр нь ажилсаг, эвсэг болгох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Залуус нийтээрээ ажилсаг биш байгаа нь өнөөгийн нийгмийн сэтгэл зовоосон асуудлын нэг юм. Тиймээс ажилгүй залуус олон байна. Мөн ажилсаг байлаа гэхэд эвсэг байх чанар дутагдаж байна. Энэ хоёр чанарыг хүүхэд залуус эзэмших хэрэгтэй байна.
– Тэгэхээр хүүхдийг ажилсаг, эвтэй байхыг сургуулиас зааж сургана гэсэн үг үү?
– Бидний үед, өмнөх нийгмийн үед хүүхдийн хөдөлмөрийн бригад гэж байдаг байсан. 1963 онд Ардын их хурлаас ерөнхий боловсролын сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй хослуулж боловсролын системийг сайжруулах хууль гарсан юм. Яагаад гэхээр 1960-аад онд улсын хэмжээнд 10 жилийн сургууль анх бий болж, ахлах ангид хөдөлмөр хийх чадвартай хүүхдүүд олноороо цугласан. Тиймээс тэдний хүмүүжилд анхаарахын тулд сургуулийг амьдралтай, сургалтыг хөдөлмөртэй холбох хууль гарсан. Би сурагчдыг хөдөлмөрөөр иж бүрэн хүмүүжүүлэх ажлыг хариуцаж 20-иод жил ажилласан хүн. Энэ үед хүүхдүүдийн хөдөлмөр, сургалтыг хослуулан явуулах, тэднийг сурагчдын байгууллагаар нь дамжуулж хэрхэн хүмүүжүүлэх вэ гэсэн хоёр том асуудал гарч ирсэн. Энэ асуудлыг тухайн үеийн төр засгаас дэмжиж улс даяар нэвтрүүлэх тогтоол гарч, хот хөдөөгийн олон сургуульд хэрэгжиж байлаа. Энэ бүхнээс хүүхэд ажил хийх явцдаа өөрчлөгдөж, ухаан суудаг юм байна гэдгийг олж харсан юм. Гэвч нийгэм өөрчлөгдсөнөөр боловсролын хууль өөрчлөгдөж хууль эрх зүйн орчин байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх боломжгүй болсон юм.
– Тэгээд та нийслэлийн 93 дугаар сургуулийг байгуулсан хэрэг үү? Анхны төлбөртэй дунд сургуулиудын нэг байх аа?
– Хөдөлмөр, сургалт хоёрыг хослуулсан ёс суртахуунлаг, хүүхэд төлөвшүүлэх зорилгоор 1991 онд сургуулиа байгуулсан. “шинийг санаачлагдын сургууль” гэдэг нэрээр байгуулах гэж хөөцөлдөөд “Гоц авьяастай хүүхдийн 93 дугаар сургууль” гэж нэрлэсэн. Тэр үед би хөдөлмөр сургалтаар эрдмийн зэрэг цол хамгаалаад удаагүй байсан. Хөдөлмөрчин хүний хамгийн дээд хүмүүжил бол шинийг санаачлагчдыг бэлдэх ёстой гэдэг үзэл миний гол зорилго байлаа. Боловсролын яамны харьяа сургууль байсан учраас багш нар 25 хувийн нэмэгдэл цалинтай. Төсвөөс цалинждаг ч эцэг, эхээс төлбөр өгөх дүрэмтэйгээр байгуулагдсан. Сургууль байгуулагдаад эхний 2-3 жилдээ хөдөлмөрийн сургалттай байсан. Хэдэн жилийн дараа хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж анхны зорилго зохион байгуулалт байхгүй болсон юм. Харин энэ жилээс шинэчлэлийн Засгийн газар манай энэ үзэл санааг дэмжин бодлого болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад баяртай байна.
– Хөдөлмөр сургалт хоёрыг хослуулах нь тийм ч шинэлэг санаа биш байж магад. Тэгсэн хэрнээ яагаад “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогын гол тулгуур болоод байгаа юм бол?
– Шинэлэг биш гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр одоогийн манай сургалт бол олон төрлийн “Шинжлэх ухаан” нэртэй хичээл заадаг. Шинжлэх ухаан тус бүрээс их мэдлэг эзэмшүүлэх гээд түүнийгээ ойлгуулах арга боловсруулсан нь эцсийн үр дүндээ хүүхдийн сургалт гэдэг зүйл мэдлэг болоод хувирчихсан. Уг нь мэдлэг нь чадвар болж хүнийг хөгжүүлдэг. Чадвар болоогүй мэдлэг хүүхдийг хөгжүүлдэггүй. Тиймээс мэдлэгжүүлэх сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг чадваржуулах болгон шинэчилж байгаа юм. Амьдралд чадвар, ухамсар хэрэгтэй. Чадваржуулах, ухамсарлуулах арга технологи манай сургалтын хөтөлбөрт байхгүй. Арван жилийн сургууль төгссөн хүүхдүүд дээд сургуульд орохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсдэг ч тэднийг ухамсрын, ажлын үнэлгээгээр шалгаруулдаггүй. Хэн мэдлэгтэй нь дараагийн сургуульд орох эрхээ авдаг. Өнөөгийн багш нар мэдлэгжүүлэх аргыг сайн эзэмшүүлдэг ч мэдлэгээ чадвар болгон хэрэгжүүлэх аргад сургахгүй байна. Гэвч амьдрал дээр хэн бизнесийн ухаан чадалтай нь сайхан амьдарч байна. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд бизнесийн ухаан, мөнгө олох арга заадаггүй. Тиймээс сургалтын аргыг өөрчлөх цаг болсон. Боловсролын тогтолцоонд хувьсал хийхгүйгээр энд тэндэхийн улсын туршилтыг авчирч, хуучин тогтолцоонд нааж шингээх журмаар боловсрол шинэчлэгдэхгүй. Ерөнхий боловсролын сургуульд сурдаггүй нэг ч хүүхэд байдаггүй. Тэр ч бүү хэл 10 жил сурчихаад нийгэмд гологдол болгочихвол төсвийн 20 гаруй хувийг авдаг боловсролын байгууллагын буруу болно.
– Боловсролын салбарын суурь шинэчлэлийг юунаас эхэлбэл илүү хялбар байх бол. Ахмад багшийн хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ бол их том ажил. Юуны түрүүнд сургуулийн хүүхдүүдийг сургахын өмнө багш нарын ухамсрыг сурган хүмүүжүүлэх онол арга туршлагыг шинэчлэх хэрэгтэй. Учир нь мэдлэгжүүлэх арга онолын сургалтаар хэдэн зуун багш бэддсэн. Одоо ч бэлдэж байгаа. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлага байна.
Ямар ч юм багаасаа эхэлдэг учраас бага сургуулийнхаа боловсролоос шинэчлэлийг эхэлье. Бага ангийн багш нарын ухамсар, арга туршлагыг нь өөрчлөх ажлыгг эхлүүлэхээр бидэнд итгэл хүлээлгэсэн. Бидний шинэчлэл багшийн ажлыг асар их хөнгөвчилж байгаа. Эзэмшсэн арга барилыг өөрчилж байгаа нь эхний үед хэцүү ч амьдралд ойртуулах тусам амархан болдог.
-Бага ангийн багш нарт шаталсан олон сургалт явуулж байна. Тэд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой” гэж ярьж байсан. Өмнө нь яагаад сургалтаа ийм арга барилаар явуулж болоогүй юм бол?
-Аргагүй шүү дээ. Тэднийг багш болгож бэлтгэх үеэс эхлээд өрнийн сурган хүмүүжүүлэх арга ухаанаар сургаад бэлдчихсэн. Өрнийн сурган хүмүүжүүлэх ухаан дандаа мэдлэгжүүлэхээр голлож, мэдлэгийг нэгдүгээрт тавьдаг.
Хүнд мэдлэг чухал боловч хэрэгтэй, хэрэггүй, зөв, буруу мэдлэг гэж байдаг. Тэгэхээр амьдралд хэрэггэй, хүн болгон мэдвэл зохих мэдлэгийг сургуульд эзэмшүүлж чадаггүйгээс ийм болоод байгаа юм. Хүн бүрийн мэдвэл зохих мэдлэг их байх албагүй. Харин суурь гол мэдлэг нь миний хэлээд байгаа хүн болгоныг ажилсаг, эвсэг болгох юм. Ажилсаг болоход их мэдлэг, эвтэй болгоход их ном судар заагаад байх хэрэггүй.
Багаасаа эвсэг, ажилсаг, тусархаг болоогүй учраас том болоод эвсэт гэр бүл, хамт олон болохгүй. Тиймээс нийгмийн сайн сайхан байх үндэс нь нийтээр ажилсаг, эв нэгдэлтэй болох явдал. “Эвт шаазгай буга барина” гэдэг чинь энгийн мөртлөө яг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Үүнийг хэрэгжүүлээд ирэхээр багш нар хоорондоо өрсөлддөгөө больж, бие биедээ тусална. Хүүхэд нь дагаад биенээ дэмжээд ирэхээр багш сурагчгүй өөртөө итгэлтэй болдог. Тэгэхээр бүх юмны нууц ажилсаг, эвсэг болгоход оршиж байгаа юм.
-Бага ангийн хүүхдийг эвсэг болгож болох байх. Харин анхнаасаа суурийг нь тавиагүй хүүхдүүдийг яах вэ?
-Бага ангийн хүүхдийг сургуульд орсон цагаас нъ өөрийгөө арчлах дадал хэвшилтэй болгоно. Энэ дадал хэвшлийг суулгахад эцэг, эх гол нөлөөтэй. Харин өөрийгөө арчлах дадал хэвшил сууж байгааг сургууль нь үнэлдэг болох юм. Өөрийгөө арчилна гэхээр гутал хувцасаа зөв өмсөхөөс эхлээд олон юм орно. Дараа нь 3-4 дүгээр анги болоод ирэхээр гэр бүлийнхэндээ туслах хичээл орно. Хүүхдийн хийсэн ажлыг үнэлгээнд оруулаад ирэхээр хүүхэд дорхноо сурдаг. Өөрийгөө арчилж сураагүй хүн хүнийг арчилж сурна гэж байхгүй. Ажилсаг болгохын цагаан толгой нь өөрийгөө арчлах юм. Аав, ээждээ тусалж сураагүй хүн өөр хүнд тусламтгай болно гэж байхгүй. Үүнийг өмнө нь чухалчилдаггүй байсан. Албан ёсоор сургуулийн үзүүлэлтэд оруулчихаар хүүхдүүдийн ухамсар өөрчлөгдөж эвсэг, тусархаг болно. Цаашлаад дээд сургуульд элсэхэд нь тэр үзүүлэлтээр тодорхойлдог болгох хэрэгтэй.
-“Олон жилийн хөдөлмөр бараг л талаар болох гэж байтал Шннэчлэлийн Засгийн газар дэмжлэг үзүүллээ” гэж та хэллээ. Өмнө нь энэ тухай хөндөөгүй байсан гэж үү?
-Гэнэт ойлгосон юм биш л дээ. Өчигдрөөс маргааш өөр болоод явдаг юм байна. Өмнөх амьдралын туршлага байж л ухаарна уу гэхээс гэнэт бэлтгэлгүйгээр сайхан ухаарал хүнд ирдэггүй. Хүн өөрөө амьдралыг биеэрээ туулж байж шинэ юмыг ухаарах нөхцөлөө хангадаг. 40 жилийн мөрөөдөл энэ цаг үед биелж байгаад байртай л сууна.
Энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?
-Ер нь шинэ санаачлага, шинийг нэвтрүүлнэ гэдэг тухайн үеийн хууль эрхзүйн орчныг зөрчих эрсдэл ихтэй байдаг. Шинэ замаар явах гэж байгаа учраас үр дүнгийн тухай ярих болоогүй. Хамгийн гол нь бид багш нарыг сургах, хүмүүжүүлэх онол арга зүйг хэр чадамгай түргэн өөрчилж чадахаас хамаарна. Одоогоор манай багийн 10-аад хүн бага сургуулийн сургалтыг шинэчлэх хөтөлбөртэй ажиллаж байна. Гурван сургуулийн 80-аад багш, 3000 хүүхэдтэй ажиллаж байна. Багш нарыгаа өөрсдийн төвшинд авчрахад хугацаа хэрэгтэй. Багш нарыг өөрчилсний дараа тухайн арга барилаар сурагчдыг өөрчлөх юм. Тэгж байж багш бусдад туршлагаа түгээх сургах нөхцөл бүрдэнэ. Гурван сургуулийн багш нар 30, 300 сургууль болж өргөжихөд хугацаа хэрэгтэй. Үүнийг л дэмжээд өгвөл хууль эрх зүйн орчин бий болгоход дөхөм болно. Манай боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд бүгд хүлээн зөвшөөрч ухаарна гэдгээс их зүйл хамаарна. Бидний яриад байгаа юмыг яам дэмжлээ гэхэд хууль эрх зүйн орчин, өөрчлөлтийг ганц БШУЯ хийх боломжгүй.
-Бага боловсролын шинэчлэл буюу хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын бас нэг онцлог нь цаасгүй сургалт. Энэ нь багш, эцэг, эхчүүдэд нэлээд таалагдаж байх шиг байна?
-Одоогийн манай Ерөнхий боловсролын сургуулиуд багш нараас дүрэм журмын дагуу конспект дүрмээс эхлээд үзүүлэн таниулах материал гээд хүүхдэд биш өөр хүнд үзүүлдэг зүйл бэлдүүлчихдэг. Нөгөө багш нь тэрийг бэлдсээр байгаад хүүхдээ сургахад анхаарал төвлөрч өгдөггүй. Манай 93 дугаар сургууль энэ байдлыг халсан. Бид хийсэн ажлын үр дүнгээр үнэлдэг учраас цаасаар ажлаа тайлагнадаггүй. Үр дүнгээ бодоод хэрэгтэй ажлыг л хийхээс олон ажил хийсэн гэж хүнд харагдахыг боддоггүй. Энэ аргыг л бага боловсрол хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүнтэй холбогдуулж багшийн ажлыг үнэлэх үзүүлэлтийг шинэчилнэ. Юу хийснээр бус ямар үр дүнд хүрснээр тодорхойлдог болох. Мөн одоогийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өөрчилье. Энэ шалгалтыг сүүлийн үед мэдлэгийн шалгуур үзүүлэлт болгочихсон. Тэгвэл бид чадварыг ухамсрыг үр дүнгийн үзүүлэлт болгох шинэчлэл хийх гэж байна. Чадварыг яаж ойлгодог, яаж үнэлдэг арга манай багш нарт бараг байхгүй байна. Үүнийг боловсруулж, сургаж хэвшүүлнэ гэдэг том ажил шүү дээ. Манай 93 дугаар сургуулийн бас нэг онцлог нь самбаргүй сургалт явууддаг. Самбартай болохоор наашаа хар гээд багш л заагаад байдаг. Одоо заадаг багш биш чиглүүлдэг, хөтөлдөг багш болох ёстой. Багш самбар дээр ажиллахаар хүүхэд хараад л хуулаад байхаас өөрөө хийдэггүй. Харин дэвтрийг самбар болгох юм бол багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах нөхцөл болдог.
Э.Орхонсүрэн
Эх сурвалж: Зууны мэдээ сонин