Би ажлаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчихжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас аргагүй. Намайг Цэндмаа гуайнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж ээж нь юм индүүдэж байв. Хоёр тэрсхэн хүүтэй манайх гэж айлд зурагттай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гүм байх нь аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана.
Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч “Суугаач миний дүү. Аяга цай уу. Чихэр ид” хэмээн сайхан загнаж, гал тогооны өрөөнөөсөө хоёр том сонгино авчирч өгөв. Тэднийд сууж энэ аятайхан зантай авгайтай ганц хоёр үг солин саатмаар байвч гал дээр хоол тавьчихсан, бас хоёр “дайсан”-даа санаа зовох зэрэгцээд дараа л нэг тухтай айлчлах ам өгч яаран гарч билээ. Манайх хотын захын хуучин байшинд амьдрах болсоор нилээд хэдэн сар өнгөрчээ. Хотын төвд тохитой угсармал байранд амьдарч дассан надад энд нүүж ирсэн эхний нэг сар үнэхээр хэцүү байж билээ. Шавар шохой нь холторч унаад, гаднаас нь харахад хүчтэй үлээхэд нураад уначихмаар харагдах энэ навсархай байшинг эргэн тойрныхон нь “бранк байшин” гэж нэрлэнэ. Галладаг зуухтай, хонгилынхоо мухарт хориод айл дундаа ганц жорлон, хүйтэн усны цорготой, чийг ханхалсан ийм оромжинд амьдарна гэдэг өнгөрсөн зуунд ирчихсэн мэт цухал төрүүлдэг юм. Энд амьдардаг хүмүүс гэж хятадын оёдлын үйлдвэрийн оёдолчин, тэтгэврийн хөгшчүүд, ажилгүйчүүд гээд дандаа ядарсан эмзэг давхаргынхан. Манай хажуугийн хоёр өрөөнд суудаг Цэндмаа гуайгаас бусад хөршүүдтэйгээ би нэг л дотносч чадахгүй байлаа.
Нөхөр маань Солонгост ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр явахдаа байраа барьцаалан зээл авснаас л бүх юм эхэлсэн. Очоод л ганц хоёрхон сарын дотор зээлээ төлчихнө гээд явсан хүн чинь ажил олдохгүй байна хэмээн хэдэн сарыг өнгөрөөгөөд, дараа нь бөөр нь өвдлөө гэж хэвтээд ард нь үлдсэн бид гуравт мөнгө төгрөг гавьтай явуулж чадсангүй жил тойрчихсон юм. Ингээд өндөр хүүтэй зээлнээс гарахын тулд байраа зарж энд нүүж ирсэн. Амьдралаа дээшлүүлэх гэсэн биш нэг шатаар доошлуулан хотын захын энэ хуучин байшингийн хоёр өрөө оромжинд амьдрах болсон нь энэ. Манай хөршүүдээс хамгийн аятайхан айл нь Цэндмаа авгайнх санагдана. Дээд сургуульд туслах багшаар ажилладаг энэ авгай том болсон хоёр сайхан охинтой. Харин нөхөр ньяасныг бүү мэд. Нас барсан юмуу гэтэл гэрт нь зул, зураг хөрөг үзэгддэггүй өөрөө ч тэр тухай үл ярина.
Намайг заримдаа элдэвт бухимдахад тайвшруулан “Зүгээр ээ миний дүү, чам шиг боловсролтой хүн юу алзахав. Эрүүл саруул байхад нэг л өдөр амьдрал сайхан болоод л ирнэ” хэмэээн намуухан дуугаар ярина.
Нээрээ л амьдрал сайхан болох байлгүй гэсэн горьдлого л намайг зоригжуулдаг байлаа. Түүнээс биш хотын захаас хар эрт хоёр хүүгээ хөтлөн автобусанд суун хотын төвд цэцэрлэгт нь өгөөд ажилдаа хожигдолгүй очих гэж бас нэг автобусанд сууна. Тэгээд ажлын өдөр дөнгөж эхэлж байхад л би хэдийнээ сульдаж гүйцсэн амьтан есөн цагтай уралдсаар амьсгаадан очно. Орой нь хүүхдүүдээ цэцэрлэгээс заавал оройтож аваад манаач өвгөнд нь загнуулна. Тэгээд дэлгүүрээр орж хүнсээ цуглуулаад тор дүүрэн юмтай, хоёр хүүгээ хөтлөн автобусанд чихэлдсээр ертөнцийн мухарт байх хуучин байшиндаа ирэхэд хамар сэтлэм хахуун үнэрт чийг ханхлан угтана. Тавтай, гуравтай, хоёр бандийн тоглох, хашгиралдах чимээнд хоол хийсээр орой болгоно. Үүнийг над шиг дөнгөж хорин долоотой залуу бүсгүйн амьдрал гэхэд хэцүү.
Гэвч хүн зовлонд дасдаг юм болохоор амьдраад л байлаа. Энд нүүж ирээд хагас жил боллоо. Хавар ирэхэд хүний сэтгэл бага ч гэсэн тэнийдэг бол энд нэг л бишээ. Манай энд явган хүний ч, машиний ч зам гэж цас хайлмагц шавар шавхайд нь гутлын өсгий шигдэн нэгшмэл муухай үнэр ханхална. Байшингаас гараад, суух ганц модон сандал ч үгүй тул хоёр хүүд минь тоглох битгий хэл хөөцөлдөөд гүйх тохмын чинээ ч тэгш талбай үгүй нь бухимдал төрүүлнэ. Нөхрөөс гавьтай мөнгө төгрөг ирэхгүй байлаа. Урьдын адил Цэндмаа эгчтэй хааяа хууч хөөрч бухимдлаа тайлдаг хэвээрээ. Хараад байтал тэдний том охин нь шөнө их оройтож ирэх бөгөөд ээж, дүү хоёртойгоо заримдаа нилээд ширүүн харьцах нь нимгэн хананы цаанаас дуулдана. Ер нь тэднийх анх танилцахад санагдсан шигээ тийм ч амгалан тайван айл биш гэдэг нь мэдэгдэж эхэллээ. Нэг орой хоёр хүүгээ унтуулчихаад ном уншиж хэвттэл гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдэж гарлаа. Цонхоор харвал Цэндмаа эгчийн том охин жийпнээс буугаад “Fuck you. Муу гичийний хүү” гэхчлэн чанга чанга хараасаар орц руугаа орж хаалга тасхийлгэх нь дуулдав.
Өндөр нуруу, урт хөлтэй, сүмбэ шиг л гоолигхон биетэй, задгай хүрэн үс намируулсан тэр охин хааяа тааралдахаараа гуниглангуй харцтай гоё нүдээрээ инээмсэглэн мэндлээд л зөрдөг сөн. Уг нь харах бүрт нүд баясгам сайхан бүсгүй. Бодоод байхад ээж нь бага охин Сарангаа л анагаахад сурдаг гэж ярихаас биш Нарангийнхаа тухай бараг ам нээдэггүй нь ямар учиртайг одоо л гадарлаж эхэллээ. Харамсалтай юм. Тийм сайн ээжийн ийм сайхан охин ингэж явах гэж дээ. Би санаа алдаад гэрлээ унтраалаа.
Хэд хоногийн дараа гадаа бас л бөөн дуу шуу болж манай байрныхан тэр аяараа л сэрцгээсэн биз. Цонхоор хартал Наранг хоёр залуу татаж чангаан баахан хэл ам болж байгаад нам болж машиндаа суун одоцгоов. Цаг шөнийн 00 өнгөрч байлаа. Энэ удаа хэрүүл гэрт нь үргэлжлэв. Бодвол ээж нь “Улс амьтнаас зовоход яадаг юм” гэсэн бололтой Нарангийн дуу хадаад явчихав.