Загвар өмсөгчийн амьдрал тийм ч хялбар биш. Тэр тусмаа дотуур хувцас сурталчилдаг бол хоёр дахин хүнд гэсэн үг. Victoria’s Secret брендийн нүүр царай болсон нэрт загвар өмсөгч Адриана Лима энгийн амьдрал дээрээ хоолны хатуу дэглэм мөрдөөд байдаггүй гэнэ. Гэхдээ томоохон, нэр хүндтэй шоуны өмнө яалт ч үгүй хоолоо сойх шаардлага тулгардаг аж. Хэдэн долоо хоногийн өмнөөс л өдөрт хоёр удаа фитнесээр эрчимтэй хичээллэж, ес хоногийн өмнө “шингэн хооллолт” буюу зөвхөн коктейлиэр өл залгаж, тайзан дээр гарахаас 12 цагийн өмнөөс бүр ус ч уудаггүй гэнэ. Ийм хүнд үеийг давж байж тэрээр 3,5 хүртэлх кг хаяж чаддаг гэнэ. Тиймдээ ч 177 см өндөртэй нуруулаг загвар өмсөгч маань 51хэн кг жин татдаг аж.
Ингээд Адриана Лимагийн жин хасах “экспресс “аргатай танилцана уу.
Өглөөний цай: ногооны нухаш, үзэм эсвэл үнээний цэвэр сүүгээр бүрсэн тослоггүй тараг, аяга кофе
Үдийн хоол: Шинэ ногооны салат, ууранд жигнэсэн өөхгүй мах эсвэл загас
Оройн хоол: Жимсний салат эсвэл ногоон өнгөтэй хүнсний ногоогоор хийсэн зууш
Түүнчлэн зөвхөн хийжүлээгүй рашаан усыг ихээр хэрэглэж, дархлаагаа дэмжих зорилгоор бага зэргийн зөгийн бал хэрэглэдэг гэнэ.
Харин спортын хувьд Лима тун сонирхолтой арга барилтай. Тэрээр гүйлт, усанд сэлэлт, йог, дугуй унах зэргээр жингээ барихыг хичээсэн ч залхуутай санагджээ. Тиймээс “сахиусан тэнгэр” маань боксоор хичээллэж эхэлсэн гэнэ. Энэ нь Лимад хөгжилтэй санагдсан төдийгүй давхар зүрхэнд хэрэгтэй ачааллыг өгч, бүхий л булчингаа чангалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.