…Бидний багад 11, 20-ийн чихэр гэж байв. Хатуу хэрнээ их амттай. Нэг нөхөр дэлгүүрт орж ирээд худалдагчаас нь “Тэр 11, 20-ийн чихэр килограмм нь ямар үнэтэй вэ?” гэж асуусан гэдэг. Бид заримдаа яг дэргэдээ байгаа үнэ цэнэтэй зүйлээ ч анзаардаггүй. “Байж л байдаг, байх л ёстой зүйл” хэмээн анзааргагүй, хайнгадуу бодолдоо хэрэгтэй зүйлээ ч мэдэрдэггүй. Урсан урсах цаг хугацааны хяруу дарсан гунигт бодолдоо, амьдралдаа байсан үнэ цэнэтэй зүйлээ гэнэт анзаарах нь бий. Тэр үед дурсамж ч, яриа ч, ухаарал ч “өнгөрсөн цаг” дээр үлдэх нь бий.
ХАЙР бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв. Хүмүүс хайрын тухай янз янзаар ойлгож, янз янзаар ярьж, янз янзаар боддог. Зарим нь хайрыг хайн бэдэрч, зарим нь хайр өөрөө хүрээд ирэхийг хүлээж, зарим нь хайрыг худалдаж авах тухай ч бодно. “Энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шүү, түүнийг олбол алдаж л болохгүй” хэмээн бичсэн Ч.Лодойдамба гуайн алдарт ишлэлийн талаар өнөөгийн залуус ихэд маргалдана. Зарим нь “Сайхан хайр гэж хаа ч байхгүй, зөвхөн ном зохиолд л бидний сэтгэлийг тайтгаруулах гэж тэгж бичдэг” гэж мэтгэнэ. Зарим нь “Сайхан хайр гэж байдаг байх аа, гэхдээ тэр нь их л ховор зүйл. Ээ дээ бараг л олдохгүй л болов уу” хэмээн санаашрангүй өгүүлэх. Хүмүүс өөрийн ХАЙР -аа дандаа төгс сайхнаар төсөөлдөг болохоор төсөөлөл болсон эрэл нь олддоггүй байх л даа. Нэг бодлын амттай хэрнээ хатуу, бас тэр болгон олддоггүй ховор чихэр шиг ч юм уу даа.
Дэлхий даяаршиж, Монголд минь нүүдэлчин амьдралын хэмнэлээс суурин амьдралын хэмнэл рүү шилжиж, төвлөрөл үүссэн өнөө цагт хайр дурлалын “сонголт” нь харьцангүй олон болсон болохоор залуус минь чамгүй будилаад байх шиг. Гэнэт олдсон их эрх чөлөө, зоволгүй олдсон эд хөрөнгө, санаандгүй мэт тараагдах бэлэн мөнгө, санамсаргүйгээр аз тохиож гэнэт баяжих гэнэн мөрөөдөл дунд ХАЙР үнэгүйдэж эхэлж байх шиг. Уул уурхайг тойрсон их хийрхэлийн тоосон дунд, гэнэт баяжих гэнэн мөрөөдлийн манан дунд, юу ч сураагүй байж “юм үзсэн хүний дүр”-д тоглох зохиогүй ихэмсэглэлийн дунд монголчууд бидний “мөн чанар” алдагдаж байх шиг. Хүний эрхэм “мөн чанар”-тай ямагт уусан сүлэлдэж байдаг гэгээлэг хайр, алдагдсан “мөн чанар”-тайгаа хамтад алга болдог. Тэгээд юу үлддэг гээч. Зүгээр л адгууслаг тачаал, зугаа цэнгэл, хардалт хорсол, үзэн ядалт хууралт, үнэ цэнэгүй хов хоосон сэтгэл. Хүсэл мөрөөдөлгүй хав харанхуй ертөнц.
Дурлахгүйгээр үнсэлцэж, хайрлахгүйгээр сексддэг залуус
…Манай Монголын орчин үеийн хэв шинжит 2 залуу наргихаар шийдэж л дээ. Үдэш үдшийн хязгаарлалтгүй зугаа цэнгэлийн гайгаар халаас нь хоосон. Тэд гудамжинд гарч өөрсөдтэйгээ адил хэв шинжийн 2 охинтой тааралдаж, өнөөгийн амьдралын хэмнэл ёсоор дорхноо л танилцаж дотносов. Хамтдаа ууж идэж наргихийг санал болгосны хариуд “хүний юм, үнэгүй юманд нугасгүй дуртай” мөнөөх 2 бүсгүй эс татгалзав. Хамтдаа бааранд орцгоож, идэх уух зүйлээ ч элбэг дэлбэгээр захиалцгааж. Найрсаг сайхнаар ууж идэж, наргиан цэнгээн их халах үед, нэг залуу нь боловсон маягаар “бие засах” зөвшөөрөл авч “ОО”-руу явж л дээ. Тэр залууг ирэхгүй удахаар нь нөгөө залуу нь “би яасныг нь мэдээд ирье” гэж хэлээд араас нь явсан гэнэ. Мэдээж мөнгөгүй 2 залуу гэртээ харьцгааж, “хүний мөнгөөр наргих” гэсэн 2 бүсгүй ууж идсэн зүйлийнхээ өрний барьцаанд үлдсэн гэдэг. Иймэрхүү жишээ захаас аваад л байгаа.
Хөгжлийн манлайд хүрчихсэн юм шиг, баяр болгоныг “өдөр өдрийн нарыг чилээн байж, үдэш үдшийн сарыг аргамжин байж” ууж идэж, наргиж наадан байж тэмдэглэдэг монголчуудын амьдрал, залууст ийм боломжуудыг олгож байгаа. Хэрэв ажигласан бол ямар нэгэн баяр болохоос 10-аад хоногийн өмнө “мэндчилгээ”, “талархал” урсч, баяр тэмдэглэх арга хэмжээ дор хаяж 3 хоног үргэлжилнэ. Төр засаг нь ч үүнийг дэмжинэ гэж жигтэйхэн. Эр эмгүй, хөгшин залуугүй ууж наргих дор, халамцаж мансуурсан харцанд нь бүсгүй болгон нь “Нансалмаа”, бүстэй болгон нь “Юндэн” болж харагдан, халуурч мансуурсан сэтгэлдээ “Хоролмаа”тайгаа ч хамтдаа “дурлахгүйгээр үнсэлцэн”, “хайрлахгүйгээр сексдэн” “жаргацгаана”. Согтож мансуурсан яриандаа хөвгүүн болгон нь “босс”, хүүхэн болгон нь “мисс” болж “томорцгооно”. ” Чадахгүйн зовлон, мэдэхгүйн гачлан” -гаа сархадаар даруулан цайруулж байхдаа “ороо нь ороогоороо, жороо нь жороогороо” ханьсан, ам нийлцгээнэ, бодол төөрөлдөнө. Аяа мансуурч, мангуурсан залуу үе минь дээ. “Жаргалтайн дэлгэр” эх орон минь дээ. Төөрөлдөж одсон “хүн чанар, хайр сэтгэл” минь дээ.
Цэцэрлэг, сургуулийн насныхны уламжлал болгон тэмдэглэдэг алтан мөнгөн “Хонхны баяр”, найз нөхдийн “төрсөн өдрийн баяр”, зохиомжтой болон зохиомжгүй “нийллэг”, эд бүхэн монголчууд бидний өсвөр үеийг энэ зам руу хөтөлж байна. Их дээд сургуулийн оюутнуудад сар бүр олгож байгаа 70 000 төгрөг, “Эх орны хишиг” нэрээр хэрэгтэй ч хэрэггүй ч бүх хүнд хавтгайруулан олгож байгаа 21 000 төгрөг болон бусад өглөгүүдийн нэг хэсэг нь ийм зугаа цэнгэлд зарцуулагдаж байгаа. Хэмжээ хязгаараа давсан архидалт, зугаа цэнгэл болгон сайн юманд хүргэдэггүй. Энэ болгоны эцэст “эзэн сэтгэл хиртэж”, ирж буй “тавилан заяа төөрдөг”. Хэн нэгэнд сэтгэл зүрхээрээ дурлаж хайрлах итгэл нь алдардаг. “Бүх хүн адилхан л хуурамч юм билээ” гэх гундуухан сэтгэл энэ мөчөөс л чамд шингэж эхэлнэ.
Хүн өөрийн сэтгэлийн гүн дэх хайрын сайхан мэдрэмжээ олохоосоо өмнө ингэж цэнгэж зугаацвал, тэр мэдрэмж хэзээ ч чиний амьдралд ирэхгүй. “Залуу насан дээрээ л амжиж наргиж цэнгэж авахгүй бол хожим нь хэн ч тоохгүй байх” гэж зарим хүмүүс энэ үйлдлээ зөвтгөх гэж тайлбарладаг. Таалагдсан ч эс таалагдсан ч хамаагүй хичнээн олон хүнтэй зугаацаж наргих тусмаа, чи өөрийнхөө сэтгэлийг “хиртээж” итгэлээ алддаг. Тэр болгонд чи өөрийн эрхэм “мөн чанар” аа алдаж, бусдын өмнө үнэ цэнэгүй нэгэн болж хувирна. Бас чиний залуу нас, гоо үзэсгэлэн ч үнэгүй болно. Чи өөрөө үнэ цэнэгүй байх тусам, чиний ХАЙР ямар ч үнэ цэнэгүй болно. Бусад хүмүүс чамайг хүндлэхээ больж, чи тэдний хувьд зугаацаж цэнгэх нэгэн боломж болон хувирдаг. Яг л хэрэгтэй үед өмсөөд, хэрэггүй үедээ тайлаад орхидог хуучин хувцас мэт. Гунигтай байгаа биз?
Худалдагдсан ХАЙР
…Тэр царайлаг, сайхан бүсгүй. Бас дурлаж хайрладаг найз залуутай. Гэхдээ тэдний амьдрал нь тийм ч хүрэлцээтэй биш. Хааяа уулзаж учран бие биенийхээ гарыг атган, нүдийг нь ширтэн суухдаа тэд, тэр гэхийн аргагүй жаргалд умбадаг. Энэ үед ертөнцөд бие биенээс нь өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Царайлаг сайхан бүсгүйг нь нилээд чинээлэг амьдралтай залуу сонирхжээ. Угаасаа л ядуухан амьдралтай ээж аав нь “охиноо өөрсөд шигээ дутуу дулимагхан өсгөхгүй юм сан” гэсэн шаналлаар энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Хайртай охиндоо тэд “Чи эргэн тойрноо бас өөрсдийгөө хар. Хоосон хайр сэтгэлээр биеэ хучих юм уу? Мөнгөтэй, боломжтой болсон байхад бусад бүх юм олддог юм. Өнгөн дээрээ сайхан харагдаж байвч ачир дээрээ амьдрал гэдэг чинь хуурамч юм шүү дээ” гэж ятгацгаана. Охин тансаг амьдралыг сонгожээ. Хэдийгээр баян нөхөр нь түүнд тийм сайхан санагдахгүй ч, түүний өгч байгаа мөнгө, тансаг амьдрал нь “орлож” чадах аж. Одоо тэрээр энэ амьдралдаа дасчээ. Хааяа анхны хайраа дурсаж, санаа алдах авч, одоо хэр нь гундуухан яваа түүнийгээ хараад өөрийгөө зөвтгөх аж. Амьдралд үүнээс муухай жишээ зөндөө бий.
Манай Монголын шинэ үеийн “цээж өвчтэй” баячууд, бүх зүйлийг “зөвхөн мөнгөөр л худалдаж авч болдог” гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Хулгай луйвраар олж байгаа мөнгө нь “алганд нь багтах”-аа болихоор зугаа цэнгэлд харамгүй зориулна даа. Эхний эхнэрээсээ уйдахаараа гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авч өгөөд явуулчихна. “Тавиул эхнэр” гэдэг нэр ингэж үүссэн юм. За тэгээд залуухан аятайхан, “мөнгө, гоёлд нугасгүй дуртай”, бусдад гайхуулж атаа хорслыг нь хөдөлгөж “сэтгэлийн таашаал” авдаг бүсгүйчүүд зөндөө олон байгаа болохоор “ийм эрд эхнэр хаанаас мундах” билээ. Дэндүү даварсан, заваарсан ийм үйлдлийг нь хараад хүмүүс зэвүүцэх авч “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд юуны хамаатай” хэмээн бодож харцаа буруулна. Монголын нийгэмд “архагшиж” байгаа ийм байдалд бид дасч, зохицож байгаа хэдий ч бидний хойч үе болсон үр хүүхдүүдээ ч үүнд бас дасгаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Одоо дараагийн ийм үе, бидний хүссэн ч эс хүссэн бий болж эхэллээ. Тэд бол нийгэм дэх паразитууд.
Хайрыг хайрлаж биш, худалдаж авч болдог энэ байдал олон хүний сэтгэл дэх гэгээлэг сайхан мөрөөдлийг унтрааж байна. Эрдэм мэдлэг эзэмшиж, энэ амьдралын хатуу ширүүнийг сөрж давж чадаж байгаа бүсгүйчүүд, хэзээ ч өөрийгөө худалддаггүй. Тэд өөрсдийн хүссэнээрээ амьдарч чаддаг. Хэрэв бүсгүй хүн өөрөө хүчгүй, мэдлэггүй дорой бол, амьдрал нь хэзээ ямагт бусдаас хамааралтай бол, өөрийгөө зовоолгүй бусдын олсноор амар амьдрахыг хүсдэг бол ийм зам сонгох нь олонтаа. Ийм бүсгүйчүүд их эд хөрөнгөн дунд байхдаа сэтгэл нь ханавч чин сэтгэлийн хайр халамжаар ямагт дутаж явдаг. Элдэв гоёл зүүсгэл, өмсч гангарсан брендээр бусдад гайхуулавч харц нь нэг л гунигтай байдаг. Эдэлж хэрэглэж байгаа болон өмсч зүүсэн элдэв гоёлоос илүүтэйгээр чин сэтгэлийн хайр, хүний сэтгэлийн дотоод галыг асааж, ямагт дотроос нь гэрэлтүүлж чадна. Ийм хүмүүс ямагт дотроосоо гэрэлтэж бусдын сэтгэлийг өөртөө татаж явдаг юм даа.
Үнэ цэнэтэй ХАЙР
“Сайхан хайр гэж юу юм бэ?” гэсэн миний асуултад нэгэн найз минь “Дурласан тэр хүнийхээ алдаа болон муу талыг ч сайхан болгож харж чадаж байгаа хүнийг хэлэх байх аа” гэж хариулсан юм. Бидний амьдралд сайн муу олон зүйл тохиолддог. Хайр сэтгэлийн хувьд алдаж онох тохиолдол зөндөө. Салж, нийлэх тохиолдол ч зөндөө. Энэ ертөнцөд төгс хүн гэж байдаггүй болохоор төгс хайр гэж ч ховор байх. Хамгийн гол зүйл нь ямар ч тохиолдолд өөрийн “мөн чанар” -аа алдахгүй байх явдал. Хүний мөн чанар нь ямагт сайхан байх юм бол хүн өөрийн үнэ цэнээ хадгалж чаддаг. Ямагт үнэ цэнэтэй байж чаддаг хүний ХАЙР нь хүртэл үнэтэй байдаг.
Хүмүүс бидний алив зүйлд чин сэтгэлээсээ хандах хандлага нь улам л багасаад байна уу даа. Өөрөө заавал бусдад таалагдах гэж , өрөөл бусдыг өөртөө таалагдуулах гэж оролдох тусмаа бид өөртөө улам их зовлон хураадаг. Хайр сэтгэлийн хувьд ч бас л адилхан. Өөрийгөө байгаагаараа хайрлуулах, өрөөл бусдыг байгаагаар нь хайрлах гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Үүний тулд сэтгэл тань хиртээгүй байх хэрэгтэй. Бас бусдын сэтгэлийг хиртээдэггүй байх хэрэгтэй. Мэдээж зөрчилдөх, санал зөрөх, маргах олон асуудлууд дээр хоёулаа ярьж суугаад ойлголцоно гэдэг чухал зүйл. Бас бие биенээ хүндлэх, бахархахын эхлэл.
ХАЙР гэдэг аугаа зүйл. Хүнийг онгироож, хөгжүүлж, чадахгүй байсан зүйлийг нь чаддаг болгож чадна. Нарны гэрэл шиг сэтгэлийг тань ямагт гэрэлтүүлж, галын илч дулаан шиг итгэлийг тань ямагт дулаацуулж, гоёмсог сайхан цэцэгс шиг бахархлыг тань ямагт сэргээж байдаг ид шидтэй зүйл. Сайхан хайрын хажууд их мөнгө, эд хөрөнгө, элдэв зүүсгэл гоёл юу ч биш. Тэр таны дотоод сэтгэлд байгаа цагтаа таныг ямагт гоо үзсэгэлэнтэй, эрч хүчтэй, эрхэмсэг бардам харагдуулдаг.
Бид заавал Ромео Жульетта хоёр шиг, Юндэн Нансалмаа хоёр шиг байх албагүй. Зүгээр л өөрсдийн хайр сэтгэлээ ҮНЭ ЦЭНЭТЭЙ байлгахад л болно. Тэгж чадвал та ч бас өөрөө үнэ цэнэтэй байх болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах