Манай цэцэрлэг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болоод 10 дахь жилдээ ажиллаж байна. Хүнд эрүүл байхаас илүү эрхэм зүйл юу байх билээ. Эрүүл мэндийнхээ төлөө юу ч хийхгүй байж болохгүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ эрүүл мэндийн асуудлаа бид тэр бүр бусдаар заалгаж, зохицуулахдаа тийм ч дуртай биш. Энэ нь ч бас зөв. Яагаад гэвэл эрүүл байхын тулд хүн бүр өөртөө тохирсон сонголт хийдэг. Тэрхүү сонголтыг хийх мөн хүүхэдтэйгээ ярилцахад тань энэхүү зөвлөмжөө зориуллаа.
Эд хөрөнгийн саятан байснаас
Эрүүл мэндийн тэр бумтан байя
Хоол идэхийн өмнө гараа угаагаарай
Хог хаягдал, хир тоостой бохир муухай орчинд өвчин үүсгэдэг нянгууд өсөж үржиж байдаг. Нянгууд нүдэнд үзэгдэхээргүй жижиг бөгөөд янз бүр, мөн тоо тоомшгүй олон байдаг учраас бидний эргэн тойрны агаар, хөрс, ус, эд юмсанд тарж, тэдгээрийг бохирдуулсан байдаг. Бид тэр бүхэнд хүрч, оролдож байдаг учраас хүний гар маш их бохирддог. Ийм нянтай бохир гараар идэх юмаа барьж идвэл тэр нянгууд гэдсэнд орж өвчин үүсгэдэг. Тиймээс хоол идэхийн өмнө гараа заавал угаах хэрэгтэй байгаа биз? Гараа угаахдаа усаар норгоод шингэн савангаараа савандаж хөөсрүүлээд, бугуйнаас урагших бүх хэсгийг олон дахин сайтар үрж, цэвэр усаар зайлж, нүдэнд үзэгдэх бохир зүйлгүй болгоно. Хир, тос, будаг, саван зэрэг гадны зүйлс үзэгдэж байвал дахин арилтал нь угаах хэрэгтэй. Гарыг савандаж сайтар угаасан ч бүх нянг арилгаж чаддаггүй тул өвчин үүсэхээргүй болтол тоог нь цөөрүүлж болдог. Нян үхүүлдэг ариутгах бодистой лайфбой мэтийн саван, хлораминтай ус, санитолоор арчвал гар ариун болно.
Хүүхдүүд ээ, гараа хэдийд угаах ёстой вэ?
Хоол идэхийн өмнө
Бие зассаны дараа
Тоглосон, ажил хийсний дараа
Хумсны завсарт их олон нян байдаг учир хумсаа байнга богиносгож аваад, сойздож угаана.
Өдөр бүр шүдээ угаагаарай
Хүний шүд хүнсний бүхий л хатуу зүйлийг хазаж, жижиглэх зориулалтайгаар заяасан эрхтэн. Мөн сайхан зүс царайтай харагдуулах, сайн ярих, дуулахад их тустай. Иймээс энэ чухал эрхтнээ бүрэн бүтэн байлгах хэрэгтэй. Шүдний угийн хэсэг нь дээд, доод буйланд шигдэж бэхлэгддэг.
Шүд, буйлаа гамнаж, цэвэрлэж, хоол ундаа тохируулан болгоомжтой хэрэглэж байвал шүд эрүүл, бүрэн сайхан байна.
Хоол ундандаа мах, ногоо, сүү, цагаан идээ, жимс, загас, өндөг зэрэг олон төрлийн зүйлс хэрэглэж байвал шүд, амны хөндийн эрхтнүүд эрүүл байхад их тустай.
Харин чихэрлэг болон зөөлөн хүнсний зүйлсийг удаан хугацаагаар хэрэглэвэл шүдийг гэмтээх, бэх бат чанар нь муудах нөлөөтэй. Шүдтэйгээ байя, шүдээ бэхжүүлье гэвэл хатуувтар зүйл идэж байвал шүд улам хатуурч, бэхжиж гялалзана.
Хүүхдүүд ээ, шүдээ хэдийд яаж, угаах вэ?
Хоол идсэний дараа болон унтахын өмнө шүдээ сойздож угаана. Мөн өглөө, өдөр, оройн хоолны дараа амаа зайлж, шүдээ цэвэрлэж заншвал сайн.
Шүдээ угаахдаа дотор, гадна тал, хоорондох завсар, зажилах талбай зэргийг сайтар сойздож угаана.
Шүд чинь цоорсон бол өвдөх, дахиад өөр шүд цоорох аюултай. Тэгэхээр шүдний эмчээс айлгүй очиж үзүүлж, эмчлүүлэх нь чухал.
Бидний зөвлөгөө үргэлжлэх болно.
Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн
Арга зүйч С.Эрдэнэцэцэг