Бямбадоржийн Энэрэл ( enny _126@yahoo.com ) Боловсрол судлалын магистр,
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
(Уралдааны сонин сэтгүүлийн нийтлэлийн төрөлд)
Tүлхүүр үг: Монгол хүүхдийг хөгжүүлэх арга ухааны төрөл, боловсрол гэж юу болох, боловсролын бодлого, агуулгыг шинэчлэхэд дэвшүүлсэн асуудлууд
Хүүхдийг хөгжүүлдэг багшийн тухай ярь гэвэл монголын үе үеийн алдарт багш, сурган хүмүүжүүлэгчдийн арга туршлага, тэдний нөр их хөдөлмөрийн тухай өдий төдий зүйлийг ярьж бичиж болохоор байна. Гэвч агуулгын гол утга бол: өнөөгийн монголын боловсролын бодлогыг шинэчлэхэд чухам юуг анхаарах нь чухал вэ? гэдгийг бид юуны өмнө авч хэлэлцэх нь зөв болов уу? Монгол улсын боловсролын бодлого, цаашдын зорилго, зорилт, яамнаас зарласан уралдааны зорилго зэргээс харахад монголын багш нарыг тодруулах бодлого бус, монгол хүүхдийг хэрхэн зөв хөгжүүлэх вэ? гэдэг асуудлыг дэвшүүлж, боловсролын агуулга, бодлогыг шинэчлэн өөрчлөхөд тус нэмэр болохуйц шинэлэг санаа бодол байх нь чухал гэж үзсэн нь тодорхой байна.
Ингээд хүүхдийг зөвхөн багш хөгжүүлдэг бус, тухайн нийгмийн бодлого, ахуй орчин, хэл яриа, зан заншил, эцэг эх, гэр бүлийн хүмүүжил, тухайн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном сурах бичгээр гэхчлэн маш олон зүйл ухаанаар хөгжүүлэх учиртай. Аливаа нийгмийн ирээдүй болсон хүүхдийг “зөв хөгжүүлэх” тухай асуудал нь тухайн боловсролын бодлогын эн тэргүүний зорилт байх ёстой. Иймээс боловсролын бодлого нь өөртөө хэд хэдэн зүйлийн бүтцийг агуулдаг байна.
Нэгдүгээрт: албан боловсрол,
хоёрдугаарт: албан бус боловсрол,
гуравдугаарт: дотоод хүчин зүйлийн боловсрол
гэх мэт. Албан боловсрол бол тусгай хөтөлбөр бодлогод үндэслэгдсэн сургууль, анги танхимаар сурч үнэлүүлэх тусгай үнэмлэх олгогддог сургалтыг хэлдэг бол, албан бус боловсрол нь тодорхой дэс дараатай хөтөлбөрт баригдах албагүй, сургалтаас гадуур зохион байгуулсан сургалт юм. Харин дотоод хүчин зүйлийн боловсрол гэдэг нь хүн өөрөө тухайн өв соёл, амьдралын туршлагаас олж авсан мэдлэг боловсролыг хэлдэг. Ийнхүү боловсролын зорилго нь: 1-рт: өөрийн өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх, 2-рт: тухайн нийгмийн хөгжлийг дээшлүүлэх, 3-рт: шүүмжлэлт сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлэхийг хэлдэг байна. Иймээс хүний боловсрол олох, хөгжих гэдэг нь юу вэ? боловсрол гэж юу вэ? боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ? гэх асуудалд хүн төрөлхтөн янз бүрийн тайлбар өгсөөр иржээ. Тухайлбал боловсрол бол хүний мэдлэг, чадвар, хүмүүжил, сургалт, багш шавийн тогтолцоо, тасралтгүй үргэлжлэх сургалт, хүнийг хөгжүүлэх үйл явц гэх мэт. (Харин өнөөгийн монголд бол “диплом өвөртлөх” хэмээн буруу ташаа ойлгодог юм биш байгаа).
Тухайлбал гүн ухаантан Эрик Хоффер[1]- (Eric Hoffer 1902-1983) хэлэхдээ: “Боловсрол бол яг үнэндээ хүний суралцахуйн нийгэм орчин бөгөөд эмээ, өвөө, эцэг эх, хүүхэд багачууд, багш сурагч бүгд хамтаар суралцахыг хэлнэ” гэжээ. Үүнээс үзэхэд: Монголд зөвхөн багш сурагчид бус бүх нийтийг хамарсан шинэ мэдлэг, шинэ сэдэв бүхий тасралтгүй давтан сургалт явуулах нь чухал байна.
Харин Билл Беаттие- (Bill Beattie[2]) хэлэхдээ: “Боловсрол гэдэг бол: суралцагчдад практик чадварыг олгохын нэр болхоос биш, юмыг бодуулахын нэр биш” гэжээ. Үүнийг тайлбарлавал: амьдрал дээр хүүхдэд талх яаж хийх вэ? гэдгийг зааж өгөхийн оронд талх яаж хийхийг бодуулж суулгахын нэр биш гэжээ. Энэ асуудлаар “хүүхдийг практик үйл ажиллагаагаар хөгжүүлэх нь” сэдвээр багш сурагчид, эцэг эх, сургуулийн дунд төслийн уралдаан зарлаж шалгаруулж, тэргүүний ажлыг сургалт үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг шинэлэг ажлыг хийж болох юм.
Түүнчлэн Бишоп Крейгтон- (Bishop Creighton[3]) хэлэхдээ: “Боловсрол гэдгийн гол утга учир бол хүнийг тасралтгүй асуулт тавьтал чөлөөтэй сэтгэн бодуулахын нэр” гэжээ. Энэ нь юу вэ? гэвэл хүнийг асуулт тавьж бодтол нь сэтгэн бодуулж сурга, чөлөөтэй байлга, баригдмал хавчигдмал үзэл онолоос чөлөөл гэсэн утга юм. Монголын бага дунд сургуулиудад хүүхдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх дизайны, хими, физик, одон орон, цахим шуудан, ном хэвлэл, олон улсын гэх мэт төрөлжсөн клубуудыг нээн ажиллуулж болох юм.
Түүнчлэн Карoл Анн Томлинсон- (Carol Ann Tomlinson[4]) хэлэхдээ: “Боловсрол гэдэг бол сургалт бөгөөд сургалтын гол агуулга нь суралцагчийн бие бялдар, оюун санааны чадавхийг дээшлүүлэх явдал” гэжээ. Тухайлбал жилд 2-с доошгүй удаа багш, сурагчийн авъяас, ур чадвар, шинэ санаачлагын хөтөлбөр түүнийг дүгнэх тогтолцоо буй болгох нь чухал юм.
Харин мөхөс миний үзэж байгаагаар: “Боловсрол гэдэг бол: хүн нийгмийн оюун сэтгэлгээний үр хөврөл буюу үр шим түүний үр дүн нь хүн нийгмийн соёл иргэншлийн хөгжил дэвшил. Өөрөөр хэлбэл хүний насан туршдаа суралцсан туршлагын үр дүн юм ” (Б.Энэрэл[5]).
Монголчууд эрт дээр цагаас үр хүүхдээ “хүн шиг хүн” болгон хөгжүүлэх, “зөв иргэн” болгож хүмүүжүүлэх, төлөвшүүлэх асуудлыг гол болгон, аль болох бага балчир наснаас нь өвөг дээдсийнхээ уламжлалт монгол ухаанаар, өөрсдийн хэл яриа, эрхлэх хөдөлмөр, зан үйлээр дамжуулан сургаж хүмүүжүүлж ирсэн арвин их туршлагатай. Монголчууд хэзээнээс үр хүүхдээ дээдэлж, хамаг бүхнээ тэдэндээ зориулж, “үрийн зулай үнэрлэх” “монголын үрс маш олон болох болтугай”, “үртэй хүн жаргалтай” , “их баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адаг баян эд хогшил” хэмээн үр хүүхдээ хайрлан хамгаалах, хүндлэн дээдлэх сэтгэлгээг шүтэж ирсэн нь ардын аман зохиол, уран зохиол, зан үйлд ч тусгалаан олсон байдаг. Харин өнөө үед энд тэндгүй эх хэлээ мартаж, гадны хэлээр ярих гэж оромцоглож хазгай ярьж байна, буруу ярьж, бичиж байна гэхчлэн маш олон шүүмжлэлүүдийг сонсох боллоо. Монголчууд үр хүүхдээ “зөв хүн” болгон хүмүүжүүлэхдээ юуны өмнө эх хэлээр нь дамжуулж юмсыг ойлгуулж ухааруулж, сэтгэн бодуулж, зөв ярьж бичихийн чухлыг зааж сургаж ирсэн. Өөрөөр хэлбэл “аливаа хүний оюун ухааны хөгжил дэвшил, сэтгэн бодох үйл нь тухайн эх хэлээрээ зөв ярьж, зөв ухаарч ойлгох, зөв оноож хэрэглэсэн цэгцтэй үг, утга агуулгад тохирсон дууны намба төрх, яруу сонсголонтой үг хэрэглэх хэл яриагаар илрэх учиртай”[6]. Хэл сэтгэхүй хоёр нэг гэж хэлэлцэх нь бий. Ингэж Монгол хэлээрээ зөв ярьж, зөв ойлгон ухаарч, зөв сэтгэн бодож, зөв бичиж сурах нь монгол хүн бүрийн ариун үүрэг байх ёстой. Монгол улс л юм бол Монгол хэлээрээ ярьж бичиж, эх хэл, соёлоо дээдлэн хүндэтгэж, сурч эзэмшиж, судлан баяжуулж, ухаарч эрхэмлэх явдал юу юунаас илүү чухал асуудлын нэг байлтай. Гэтэл өнөө үеийн Монголын боловсролын тогтолцоонд бага балчир наснаас нь эхлэн гадаад хэл сургах асуудал нээлттэй байгаа нь Монгол хэлийг сурвал сур байвал бай гэсэнтэй адил болжээ. Иймээс бага ангийн сурагчдыг эхлээд гадаад хэлний сургуульд бус монгол хэлтэй сургуульд сургах асуудлыг нэг мөр цэгцлэх нь чухал бөгөөд дунд ангиас нь эхлэн гадаад хэлийг сургах нь чухалтай байна. Учир нь Монгол нутагт, монгол ахуйд, монголын онцлогийг тусгасан, монгол хэл яриагаар, монгол ёс заншлаараа, монгол сурган хүмүүжүүлэх ухаанаараа, монгол хүүхдийг хөгжүүлэх тухай ярихын оронд, монгол хүүхэд гадаад хэл соёлыг түлхүү үзье гэсэн бодлого байгаа мэт. Харийн хэл соёл, боловсролын бодлого тогтолцооноос шилдэг тэргүүний гэсэн зүйлийг авч бололгүй яахав тэгэх ч ёстой, тэр нь ч зүйн хэрэг, гэтэл түүнээс авах гээхийн ухаанаар монгол хөрсөн дээр, монголжуулан баяжуулж, тохируулж, буулгах нь чухал болов уу? Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн[7] шүлэгт:
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ”
хэмээн бичсэнчлэн өчүүхэн мөхөс миний бие оюутны ширээнээс хальж, ажил амьдралынхаа замыг сонгохоор эх орондоо ирэхдээ, монголын боловсролын хөгжилд миний оруулах хувь нэмэр юу? билээ, монгол хүүхдийг хөгжүүлэхийн тухайд монголын боловсролын шинэчлэлд ямар асуудлыг дэвшүүлбэл тус дөхөм байх билээ? зэрэг асуудалд хариу болгон өөрт тохиолдсон амьдралын адал явдал, зовлон бэрхшээл, сургамж зөвлөлгөөг гадаад дотоодын олон орны сургалтын жишигтэй харьцуулан үзэж, монголчуудын хэлдгээр “далайд дусал нэмэр” гэдгийн адилаар өчүүхэн ч болов тус болох болов уу? хэмээн өөрийн үзэл бодолд тулгуурласан санал асуудлуудыг дэвшүүлэн бичлээ.
Миний бие монгол улсын 54-р дунд сургуулийн Балам багшийн удирдсан бага ангийг төгсч байх үед ээж маань докторын дараах сургалтад хамрагдахаар бидний хамт Бээжин, Шанхайг зорив. Ингэж хятад хүүхдүүдийн хамтаар дунд сургуульд суралцах завшаан надад тохиолдсон юм. Хичээлийн эхний өдөр хятад хэлээр юу ч ойлгосонгүй. Харин завсарлагаанаар “хоёр хятад хүүхэд” намайг “гадаа гараад ир”, “дээс тоглоё” гэдгийг дохио зангаагаар ойлгуулсан юм. Ингээд дээс үсэрч байхад хүүхдүүд “дөн и хоур” гэж хашгиралдаж байсныг нь “хүлээгээрэй” гэж байгаа юм байна гэж би ойлгов. Тэр ойлголт ч хожим зөв байсан. Ингэж хүүхэд юмыг хэнч зааж өгөөгүй байхад ахуйгаасаа өөрөө сурдаг юм байна гэдгийг, би өөрийн биеэр мэдэж, орчин ахуй чухал юм байна гэдгийг ухаарсан юм. Иймээс хүүхдийг эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, зөв хүн болгон хөгжүүлэхэд ахуй орчин чухал үүрэгтэй юм. Харин өнөөгийн монгол хүүхдийн боловсрох, өсөн торних ахуй орчинг хөгжүүлэх шаардлагатай байна.
Шанхайн дунд сургуульд сурч байсан тэр хугацаанд тухайн сургуулийн 10 000 гаруй хүүхдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байв. Хүүхэд бүрийг эмч үзээд жин хэтэрсэн хүүхдүүдийг гадаа талбайд биен тамирын багшийн хамт гүйлгэдэг байлаа. Энэ нь тухайн үедээ хүүхдийн жин бууруулахад тустай ажил болж байв. Эндээс юу ажигдлагдаж байна вэ? гэвэл тухайн сургуулийн орчинд хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийн мэдээллийн сан буй болж байна гэсэн үг юм.
Харин өнөөгийн монгол улсын хүн ам, хүүхдийн амьдарч буй орчны талаар НҮБ-ийн гаргасан судалгаанаас үзэхэд:
Монголд 92 000 айл өрх аж төрж байгаагаас эмэгтэйчүүд өрх толгойлсон айл өрх Улаанбаатарт 43.8 21.4 байхад аймагт 53.2 39.1, суманд 51.7 28.5 айл аж төрж байгаа бол эрэгтэйчүүд өрх толгойлсон айл өрх Хотод 21. 4, аймагт, 39.1, суманд 28.5 байна. Энэ талаар НҮБ-ийн гаргасан судалгаанаас[8] үзэхэд:
“Монголд амьдарч буй хүүхдийн тоо нь 2005 оны байдлаар: 0 – 2 настай хүүхэд 135.812, 3 – 6 настай хүүхэд 204.055, 7 – 18 настай хүүхэд 736.950 байгаа бөгөөд 18-с доош насны хүүхэд Монголын нийт хүн амын 42.1 % хувь буюу 1.000 000 сая илүү хүүхэд байна. Түүнчлэн Монголын Гурван хүүхэд тутмын 1 нь өлсгөлөн,
17-19 насны 5 хүүхэд тутмын 1 нь сургуульд хамрагдах боломжгүй,
5-17 насны 10 хүүхэд тутмын 1 нь ажил эрхэлдэг,
10-17 ннасны 100 хүүхэд тутмын 2 нь хэзээ ч сургуульд хамрагдаагүй байна. Эдгээр хүүхдүүдийн 48% буюу ядуу зүдүү, 66% өрх толгойлсон нэг эцэг буюу эхтэй хүүхдүүд маш ядуу амьдралтай байна. Эдгээрээс ядуу амьдарч буй Улаанбаатар хотод 9% гэх мэт. Хүүхэд бүрийн амин дэмийн хангамжийн судалгаанаас үзэхэд 2000 онд жиндээ хүрэхгүй хүүхдийн тоо 13% байснаа 2005 онд 6% болж буурсан боловч амин дэмийн дутагдалтай хүүхдийн тоо 2000 онд 25 байсан бол 2005 онд 21 болсон байна. Эндээс хүүхэд бүрт амин дэмийн дутагдал 21 хувьтай байна” гэдгийг харж болно. Иймээс монгол хүүхдийг жил бүр эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулж, ямарваа өвчин, таргалалт, тураалт , амин дэмийн хангамжийн байдлыг хүүхэд нэг бүрээр судлан гаргах нь эрүүл чийрэг бие бялдар оюун ухаантай хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн чухал үзүүлэлт болох юм. Өөр нэг жишээнээс харахад: хүүхдийн үзлэгээр монгол хүүхдийн хүзүү богино бөгөөд өргөн, харин хятад хүүхдийн хүзүү урт бөгөөд нарийн, хятад хүүхдийн биеийн жин хөнгөн байхад монгол хүүхдийнх хүнд жинтэй гэх мэт ялгаа зааг байгааг олж мэдсэн юм. Зөвхөн эдгээр жишээнээс авч үзэхэд л монгол хүүхдийн бие бялдар, идэж уух, өмсөж зүүх хувцас хунар, биеийн бүтэц, цаашлаад уураг тархины бүтцийн асуудал ч өөр өөр байх нь гарцаагүй юм. Энэ асуудлаар би юуг хэлэх гээд байна вэ? гэвэл монгол ахуйд монгол хүүхдийн биеийн онцлог өөр юм байна гэж. Бас нэгэн жишээ: Хятад хүүхдүүд тоог бодохдоо багшийн заасан нэг л аргаар бодож байхад монгол хүүхэд маш олон аргаар бас маш хялбарчилсан аргаар хурдан бодоод хариу нь яг адил гаргаж байгааг хараад багш нар ихэд гайхдаг байж билээ. Энэ бол яах аргагүй монгол ахуй байгалийн онцлог мөн юм. Ийм учраас Монгол хүүхдийн өсөн торниж буй ахуй орчин, зан заншил, хэл яриа, цаг агаарт зохицсон бие бялдрын өвөрмөц онцлог, сэтгэн бодох ур чадвар, ухааны цар хүрээ, түүнийг хөгжүүлэх хөшүүрэг, арга хэлбэр нь юу байж болох вэ? гэдэг дээр олон нийтийн санал асуулга, цаашлаад шинжлэх ухааны үндэстэй баримт судалгаанд тулгуурласан эцэг эх, эмээ өвөө, эмч мэргэд, эрдэмтэн багш, судлаачдын санал асуулгыг явуулах нь чухал байна. Ингээд дараах асуудлыг дэвшүүлж байна.
1-рт: Монгол хүүхдийг хөгжүүлэхэд олон угсаатны зан үйлээр дамжуулан сургах бодлогын тухайд: Монголын өнөөгийн сургалтад олон угсаатны өв соёл, ёс заншлаас сургах асуудал учир дутагдалтай байна. Бага дунд ангийн сурах бичиг, сургалтын хөтөлбөрт: ардын зан үйлээс ерөөл магтаал, тойг, гүүргий, уухайг зөвхөн халх аялгаар аялж хэлээд бүх зан үйлийг ойлгочих мэтээр бодож оруулсан нь учир дутагдалтай юм. Монгол бол олон овогтон угсаатны өлгий нутаг. Өнөөдөр монголын олон угсаатны ёс заншлаас багтаасан ардын аман зохиолын өв сангаас энгийнээс нарийнруу, хөнгөнөөс хүндэд чиглүүлсэн сургалтын сурах бичиг ном товхимол төдийлөн гараагүй байна. Үүнд: Монголын олон овогтон угсаатны зан үйлийг Баруун монгол, Төв халх, Зүүн болон Өмнөд аялга, тухайн нутаг Барга, Баяд, Буриад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Өөлд, Урианхай, Үзэмчин, Хасаг, Хотгойд, Торгууд, Төв халх, Өмнөд халх, Дорнод халх, Баян бараат гэхчлэн олон угсаатны нутгийн аялгаар оруулах нь чухал юм. Монгол үг хэллэг, түргэн хэллэг, амьсгаа хөгжүүлэх дасгал, монгол ардын аман зохиол, явган үлгэр домог, гар урлал, морь малын өнгө зүс, нас хүйс, олон угсаатны ардын дуу, бүжиг, хурим найрын дэг ёстой танилцуулах. Тэдгээрт буй сурган хүмүүжүүлэх ухааны болон эх орон, эцэг эх, ах дүүсээ хайрлан хүндэтгэх, хайр халамж, ач тусын тухай, монгол хүүхдийн тоглоом наадам, шагайн наадгай, уухай, дэмбээ, монгол хүүхдийн нэр өгөх ёс, хүй угаах ёс, даахь үргээх ёс, шинэ дээл өмсгөх ёс, чөдөр ногт зангидах ёс, унага тамгалах ёс, араг савар, ташуур урлах ёс, мэндлэх хүндлэх ёс, цээрлэх ёс, дээдлэх ёсны тухай олон зүйлийн ёс заншлаар дамжуулан дэс дараатайгаар зөв яриулж, бичүүлж ойлгуулах дадлага эзэмшүүлэх нь чухал байна. Ингэхгүйгээр гадаад хэлийг бага наснаасаа сураад гэнэтхэн эх монгол хэлээ сурчихна гэсэн ойлголт даанч байхгүй нь харамсалтай.
2-рт: Уламжлалт монгол ёс заншлаар дамжуулан сургах тухайд: Монголчууд хэзээнээс ярьдаг.
“Багад эрдэм сурах нь мандаж буй нар мэт
Дундад эрдэм сурах нь үдийн наран гийх мэт
Өтлөх насанд эрдэм сурах нь жаргах наран мэт
Үхтэлээ эс сурахуй нь харанхуй шөнө мэт”[9]
(Х.С) хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрээр “Монголчуудын эрхэмлэх таван гол ёсны сургаальд:
- Ахас дээдсээ хүндлэх,
- Аливаа эрдэмд шамдан сурах
- Эцэг эхийн тусыг ачлах
- Эх орноо энэрэн хамгаалах
- Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь үр хүүхдээ үнэнч шударга, зөв боловсон хүмүүжүүлэх зарчим юм.
Монгол гэр бүлийн хүмүүжил, түүнд баримтлах зургаан зүйлийн “ёс сурталд”:
- Эцэг асралтай,
- Хөвгүүн тахимдуу- хүнийг дээдлэх ёс,
- Эр найртай,
- Эм эвтэй,
- Ах элэгсэг,
- Дүү бишрэлтэй байх ёс юм хэмээн эцэг эх ах эгч болон дүүгийн ёс журам ямар байх ёстойг заан гаргасан сургамж” /Х.С/ гэжээ.
Түүнчлэн “Монгол айл гэрийн эзэн, эр хүний арван эрдэмд:
- Номонд мэргэн,
- Нойрт сэргэлэн,
- Үйлэнд уран,
- Үгэнд цэцэн,
- Хуулинд шударга,
- Хуримд цовоо,
- Дайнд баатар,
- Далайд усч,
- Дээдэд зусаргүй,
- Доодод найртай байх ёсыг эрхэмлэдэг бол,
Монгол эхнэр хүний есөн эрдэмд:
- Өнгөнд цэвэр,
- Үйлэнд уран,
- Үрдээ энэрэлтэй,
- Үргэлж цэмцгэр,
- Ханьдаа түшигтэй,
- Хадамдаа элэгтэй,
- Найранд дуутай,
- Настанд ерөөлтэй,
- Нартад буянтай байхыг сургасан байдаг” Х.С гэжээ.
Энэ нь хэн хүний эрхэмлэн дээдэлж явбал зохих сургааль ёсны заншил, уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан юм. Монгол ёс заншлын уламжлалаа хадгалуулан өвлүүлэхийн тулд зан үйл, хурим төрийн ёслол, ардын аман зохиолоор дамжуулан сургаж байсан нь нүүдэлчдийн нэг ёсны гэрийн сургууль, ардын ёс заншлын сургууль байсан гэж үзэж болно.
3-рт: Хүүхдийг хөгжүүлэхэд монгол хэл, аман зохиол, утга зохиол, ярианы ба бичгийн хэлний зохиомж бүтцэд дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх тухайд: Их Зохиолч Д. Нацагдоржийн:
“Өсөхөөс сурсан монгол хэл
Мартаж болшгүй соёл
Элтэл (үхтэл) орших төрөлх нутаг
Мартаж болшгүй орон” гэж шүлэглэсэн нь бий.
Монгол аман зохиол утга зохиолын үг хэллэгийн уран тансаг өв сангаас дэс дараалалтайгаар ойлгуулах арга дутагдаж байна. Үүнд: ялангуяа хэлц үг, уран хэллэг, түргэн хэллэг, оньсого таавар, үлгэр домог, шүлэг, өгүүлэл, роман тэдгээрийн бүтэц, утга зохиолын бүтцийн ангилал, шүлэг зохиох арга, зохиомж найруулан бичлэг, тэдгээрт бүтцийн дүн шинжилгээ хийх арга хэлбэрүүд учир дутагдалтай байна. Тухайлбал дэлхий нийтийн шүлгийн өдий төдий бүтэц байх ба тэдгээрийг сургалтын агуулгад оруулах өргөн боломж бий. Үүнд:
А. Шекспирийн “Сонет “шүлгийн бүтэц: нийт 14 мөр шүлгээс бүтэх ба хоёр хоёр мөрөөр давтагдах, нэг бадаг нь хоёр мөрөөс, хоёр мөр нь нийлээд нэг өгүүлбэр, мөн ижил сонсголонтой үгийн хэмнэлийг сонгосон байдаг гэх мэт,
Б. Шекспирийн “Оде” шүлгийн бүтэц: Шүлгийн мөрийг таван хэсгээр, үгийн үеийн өргөлтийг мөн таван хэсэгт авч үздэг байна. Үе бүрийг бүтцээр нь:
Да дум- траде бүтэц
Да ДУМ- спонде бүтэц
Да да ДУМ- анапест бүтэц
Да дум ДУМ- дактил бүтэц
да дум—пиррик бүтэц гэсэн өргөлтүүдээр нь ангилдаг аж.
В. Японы “Хайку” шүлгийн бүтэц нь: Нийт гурван мөрөөс бүтэх бөгөөд эхний мөр гурван үеэс, хоёр дахь мөр таван үеээс бүтдэг бол, гурав дахь мөр долоон үеэс бүтэх бөгөөд ихэнхдээ байгалын тухай дүрсэлдэг байна.
Г. Цуваа буюу ”Акростик” шүлгийн бүтэц нь: ямар нэг үгийг доош цувуулан бичээд эхний үсгийн дарааллаар толгой холбож бичдэг байна.
Д. Дахин давталттай шүлэг буюу “Рефрен” шүлгийн бүтэц нь: нэг үг, мөр буюу бадгийг дахин давтдаг онцлогтой.
Е.”Тууль” шүлгийн бүтэц нь: ямарваа нэг түүхэн үйл, баатрын тухай өгүүлдэг бол,
Ё. “Хийсвэрлэлт” шүлгийн бүтэц нь: хүмүүсийн мэдэж буй алив зүйлд тулгуурлан бичдэг арга юм.
Ж. “Уянгын” шүлэг нь: ямар нэг тодорхой зураглал, дүрслэл гаргасан байх ба энд уянгын сэтгэлгээ чухал аж. Энэ мэтчилэн зөвхөн шүлгийн бүтцийн талаар ярихад л гуч дөчөөд төрөл зүйлээр ангилан тайлбарлан таниулж болох байна. Тухайлбал өнөөгийн сургалтад ямарваа нэг зүйлийн гол агуулга дүрслэлийг л ярихаас биш бүтцийн онцлогт дүн шинжилгээ, задлан шинжилгээ хийх, зохиох арга ухааны талаас тайлбарлаж таниулах нь учир дутагдалтай байна. Д. Нацагдоржийн “Миний нутаг” гэдэг шүлгийг хүүхдээр цээжлүүлж уншуулдаг хирнээ энэ шүлэг нь ямар бүтэцтэй вэ? шүлгийн ямар ангилалд багтах вэ? гэсэн асуултад хариулдаггүй. Эндээс юу ажиглагдаж байна вэ? гэвэл юмсыг өнгөцхөн судалсан, юмсын гол утга чанарыг таниулах арга дутагдалтай, хоцронгуй байгааг харуулж байна.
4-рт: Монгол хэлээр зөв ярьж, зөв бичих ур чадварыг хөгжүүлэх тухайд. Монгол сургалтын тогтолцоонд: хүүхдээр зохион бичлэг бичүүлэхэд юуг, яаж, ямар арга хэлбэрээр, ямар бүтэцтэйгээр бичих арга ухааныг тайлбарлаж өгдөггүй. Иймээс хүүхэд бүр дор дороо өөрсдийн бодсоноор ямарч бүтэцгүй зохион бичлэг бичдэг. Жишээ нь: Өнөөгийн ерөнхий боловсролын сургалтын агуулга арга зүйд: зохион бичлэгийн бүтэц нь үндсэн таван хэсгээс бүтэх, оршилд юу бичих, оршлын эхний өгүүлбэр ямар бүтэцтэй байх, үндсэн биеийн гурван хэсэгт яагаад гэдэг асуултад хариу өгөх, үндсэн гурван бие бүлгийн бүтэц, өгүүлбэрийн бүтэц, утга агуулгын баяжилт, өрнөлт, дахин давтал, төгсгөл хэсэгт ямар асуудлыг яаж шийдсэн, юу хэлснийгээ дүгнээд, үүний үр дүн нь юу болов? гэх асуудлуудыг тайлбарлан таниулдаггүй. Ялангуяа орчин цагийн хүүхдүүд шинэ техник технологи, цахим ертөнцтэй учирснаар, маш хурдацтай хөгжиж буй юмсын өөрчлөлтийг даган, гадаад үг хэллэгийг ихээр хэрэглэхтэй уялдан монгол хэлний бичгийн хэлээр бус хар ярианы хэлээр бичиж, монгол хэлний үг үсгийн зөв бичих дүрмийг зөрчиж байна. Энэ талаар зарим судлаачдын мэдээлснээр: “аатай гоё шт”, “ёстой аймаар гоё шт”, “аймаар хөөрхөн шт”, ”галзуу давхижийна”, “баярласанаа илэрхийлмээр байна”, “яахгэжжаагаан”, “байгаам шт” “таны зөв гэж ойлгож байна”, “гэжиуга”[10] гэхчлэн ярианы хэллэгийг шууд бичгийн хэлнээ буулган бичиж байгаа алдаа нь монгол хэлний үгсийн санг гажуудуулж, ярианы болон бичгийн хэлний хэм хэмжээг зөрчиж байгаа бусуу. Ингэж алдаа гартлаа доод түвшинд унасан нь хэний буруу вэ?
5-рт: Монгол хэлээр дамжуулан сурган хүмүүжүүлэх арга ухааны сэтгэлгээг хөгжүүлэх тухайд: Монголчуудын аман ярианд “хүнээр хүн хийх” гэдэг үг бий. Энэ нь хүнийг эхлээд зөв хүмүүжүүлж, төлөвшүүлж байж сургах нь чухал гэсэн утга юм. Иймээс монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг хэлц үгээр дамжуулан сургах аргыг хэрэглэх нь чухал болов уу. Монгол хэлний хэвшмэл хэлц үгийн талаар эрдэмтэн Д. Бадамдорж[11] судлан үзээд: “Монгол хэлний тогтвортой нийлэмж үг ба хэлцийн утга нь: түүний хэвшмэл хэлэгддэгт оршино” (Д. Бадамдорж) гэсэн бол эрдэмтэн Ц. Өлзийхутаг[12]: “хэвшмэл үг хэллэг нь: нэгдүгээрт тогтож хэвшчихсэн байдаг ба олон тооны хүмүүс мэдэж байдаг бэлэн үгс юм” гэжээ. (Ц. Өлзийхутаг, 104). Эдгээрээс үзэхэд хэвшмэл хэллэг нь дотроо хоёр хэсгээс бүтэх ба 1-рх нь: сургаалийн буюу сурган хүмүүжүүлэх утгатай хэлц, 2-рх нь: танин мэдүүлэх буюу төлөвшүүлэх утгыг хадгалсан байдаг тул энэ нь боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх асуудалд хамрагдаж байгаа учраас түлхүү авч үзэх нь чухал мэт. Тухайлбал: хэвшмэл хэллэг нь: монгол хэлний дотор байнга хэрэглэгддэг шилмэл үгсүүд байдаг ба, хэвшмэл хэллэгт боловсрол, сурган хүмүүжүүлэх арга ухааны тухай утга тусгагдсан буюу хэвшмэл хэллэг нь монгол хэлний хамгийн товч бөгөөд тодорхой утга агуулгыг өөртөө багтаасан цогц бүрэлдэхүүнт бүтцийг хадгалж чадсан бичил орчин юм. Хэвшмэл хэллэгээр дамжуулан тухайн үндэстэн угсаатны боловсрол, түүх, угсаатны зүй, зан заншил, хэл соёлын асуудлыг ч авч үзэх боломжтой орчин юм. Монгол хэвшмэл хэлцийн 10 000 гаруй үгсийг багтаасан өдий төдий ном[13] зохиол гарсан байдаг тэдгээрээс сургалтад ашиглаж оруулж болохгүй гэжүү?
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа,
Хүн ахтай
Дээл захтай гэсэн хэлц үг байдаг.
Эдгээр хэлц үгийн утга нь тухайн хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь бага наснаасаа мэдрэгддэг тул бага гэлтгүй эхнээс нь сайн сургаж хөгжүүлж хүмүүжүүлэхийн чухлыг заасан хэрэг. Монголчууд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ яагаад уламжлалт зан заншил, хэл соёлоор дамжуулан хэлц үгээр сургаж ирсэн бэ? гэдгийг ч авч үзэх нь чухал юм. Монгол хэлний сургалт, сурах бичгийн агуулгад оновчтой өөрчлөлт хийгээгүй, зөв сонгоогүй, мэргэжлийн ур чадвартай олон арван эрдэмтэдийн санаа оноог оруулаагүй, тэдний саналыг аваагүй юм болов уу? гэсэн бодол төрж байна.
6-рт: Хүүхдийн сэтгэн бодох, танин мэдэх сэтгэлгээний ур чадварыг хөгжүүлэх тухайд: Дүрслэх урлагийн хичээлээр хүүхдийн сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ямарваа дүрс дүрслэлийг бүтээх анхны ойлголтуудыг зөвхөн зургаар бус өөр бусад олон зүйлээр хөгжүүлж болохгүй гэж үү? Тухайлбал судалгаанаас авч үзэхэд: “хүүхэд бүр хаягдал хувцас даавуу, оймсны үлдэгдлээр ямар нэг шинэ санаа гарган юм урлаж ирэх даалгавар өгөхөд Японы бага, дунд сургуулийн хүүхдүүд даавууны дотор талд элсээр хийсэн төрөл бүрийн хөдөлдөг амьтан, муур нохой, “гулзаганадаг хүүхэлдэй” урласан бол Америк хүүхдүүд төрөл бүрийн хөдөлгүүрт онгоц, завь, машин, дугуй урласан гэхчлэн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт зохиомжийн даалгавар өгөх ажил монгол сургуулиудад төдийгүй монгол сургалтын агуулгад ч учир дутагдалтай байна. Ганцхан жишээг дурдахад: Таван настай Америк охины гаргасан санаан дээр үндэслэн машины хөдөлгүүр бүтээсэн туршлага байдаг. Энэ бол “шинэ санаа” бол бага гэлтгүй “агуу” гэсэн утга юм. Өнөөгийн монголын бүх шатны сургалтын агуулгад жилд нэг удаа ч болов бүх багш суралцагчдын дунд “шинэ санаачлага” нэртэй төсөл хөтөлбөр буй болгох, шинэ хийсэн зүйлээр тайлан үзүүлэн, үзэсгэлэн, уулзалт өдөрлөг, шалгаруулах тэмцээн зохиож, шалгарсан бүтээлийг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх, тухай бүрд нь урамшуулал олгодог тогтолцоог буй болгож болох юм. Энэ нь хүүхдийг хөгжүүлэх арга төдийгүй цаашлаад нийгмийн хөгжилд ч зохих хувь нэмрээ оруулж, үр дүнгээ өгөх нь гарцаагүй.
7-рт: Хэмжил зүйн сэтгэлгээг хөгжүүлэх тухайд: Өнөөдөр тооны төрлийн хичээлээр цаасан дээр л тоо бодоод байхаас биш, хүүхэд тодорхой нэг шугам бариад анги танхим, байшин барилга, өрөө тасалгааны хана хаалга, шал, цонх, тааз бүгдийг хэмжиж сураагүй төгсөж байна. Нэг өрөөний хананд хэдэн ширхэг ханын цаас орох, шалыг нь хэдэн литр будгаар будах, таван ханатай монгол гэрийн нэг хананд хэдэн унь байдаг вэ? монгол хүүхэд ба томчуулын хувцасны хэмжээ, тэдгээрийг яаж хэмждэг вэ? малгай, гутал, өмд, цамц, даашинз, хослол хувцасны хэмжээ гэхчлэн энгийн зүйлийг огт заахгүй байна. Гадаад орны сургалтад: дэлхий ертөнцтийн гариг эрхис, нар сарны аймгуудыг хэмжих, нар сар ямар өнгөтэй вэ? од эрхисийн байдал хөгшин од-цагаан, залуу од-мөнгөлөг өнгөтэй, түүний хөдөлгөөн, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга зэргийг юугаар яаж хэмжих, түүнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? Түүнчлэн цахилгаан, тос, даавуу, цаас, модноос үүдэлтэй гарсан галыг яаж, юугаар унтраах вэ? гэхчлэн амьдралд байх энгийн зүйлүүдийг зааж сургаж байгааг авч хэрэглүүштэй юм.
8-рт: Эрүүл мэндийн мэдлэг, биеэ зөв боловсон авч явахад сургах. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн бодлого нь: “хүнийг нийгмийн өвчнөөс сэргийлэх бодлого” явж байхад монголд бол “хүн бие эрхтэнээ хэрхэн хамгаалах вэ? гэсэн өнгөрсөн хоцрогдсон бодлого хэвээрээ явж байх юм. Ялангуяа бодлогод: хүний биеийн эрхтэн тэдгээрийн үйл ажиллагаа, биеэ үнэлэхийн хор уршиг, алив өвчний шинж тэмдгүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга ухаан, архи тамхины хор уршигаар ямар өвчин тусаж болох түүнээс яаж сэргийлэх гэхчлэн анхан шатны мэдлэгийг цахим хичээлээр зааж сурталчлах нь чухал байна.
9-рт: Хүүхдийн шинжлэх ухаанч буюу логик сэтгэлгээг хөгжүүлэх тухайд. Гадаад орнуудын туршлагаас харахад: шинжлэх ухаан танин мэдэхүйн хичээлээр гариг эрхис, байгалийн гамшиг, сүйрэл юунаас үүсэж буй, шинэ “нано” технологи түүний шинэчлэлийн явцыг эсийн түвшинд танилцуулсан мэдлэг олгож байна. Тухайлбал жимс жимсгэнэ хүнсний ногоог яавал хүний биед хоргүйгээр удаан хадгалж болох вэ? хүнсний ургамлын бүтцэд эрвээхэй буюу загасны эсийг суулган 2-3 сараар хадгалж болох тухай үзэж байна. Ханин манайд бол хоцрогдолтой явж байна.
10-рт: Хууль эрх зүйн мэдлэгийг хөгжүүлэх тухайд: Өнөөдөр монголын өсвөр насны хүүхдүүдийн дунд ямар хэрэг зонхилж байна вэ? түүнийг хэрхэн яаж засаж залруулах, урьдчилан сэргийлэх талаар сургалтад ямар нэг асуудлыг хууль шүүхийн танхимд танилцуулахгүй байна. Харин өнөөдөр Хятад, Япон, Америкийн бага дунд сургуулиуд цагдаа сэргийлэхийн танхимтай хамтран ажиллаж, хүүхэд бүрээр замын хөдөлгөөний дүрэм судлуулж, тэдгээрийг биелүүлээгүйгээс гарч болох хэрэг явдлын талаар танилцуулж байна. Дунд сургуулийн хүүхдүүдийг шүүхийн танхимд биеэр нь байлцуулан ямар нэг хэрэг явдалтай танилцуулж, анги нийтээр нь маргаан мэтгэлцээн зохиож, дүгнэлт гаргуулах зэргээр тухайн орны хууль дүрмийг багаас нь үе шаттай танилцуулж байна.
11-рт: Биен тамир спорт, урлаг гоо сайхны хүмүүжлийг дээшлүүлэх асуудалд: гадаад орнуудын дунд сургуулиудад спортын болон урлагийн төрөлжсөн дугуйлангууд хичээллэж бүх муж, хот, улсын сургуулиудын дунд спорт урлагийн уралдаан тэмцээн зохиож шалгарсан хамтлаг, багуудыг дээрх улс орнуудад харилцан урин уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдийн авъяас чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна.
12-рт Ном сурах бичгийн шинэчлэлд: Ер нь бүх шатны сургалт хичээлийн агуулга, ном сурах бичигт чанарын томоохон өөрчлөлт хийхгүйгээр бид урагшлахгүй. Тухайлбал: Шанхайн дунд сургуулийн жишгээр улирал бүхэнд шинэ сурах бичиг, жижиг хэлбэрээр СД, ДВД хэлбэрээр шинэчлэгдэн гарч байгааг судлаж нэвтрүүлэх. Харин монголын сургуулиудад сурах бичиг нь бүтэн жилээр үзэх зүйлийг нэг номд багтаан хэвлэн гаргаж байгаа нь сурагчдад дэндүү залхуутай байдал үүсгэж байна. Суралцагч бүр номоо худалдан авсан цагаас л хуудас бүрийг нь нээгээд урьдчилан мэдчихдэг учраас хүүхдийн идэвхи сонирхол буурдаг. Иймээс сурах бичгийн үйлдвэрлэлтийн бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Энэ арга нь улирал бүрт сэдвийн агуулгад шинэ зүйлийг нэмж оруулахад ч дөхөмтэй ажээ.
Эцэст нь дүгнэн хэлэхэд:
Бидний амьдарч буй эх газар нь монгол, эх хэл нь монгол, эх орон хөрс шороо нь монгол, мах цус бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй сэтгэлгээ нь монгол, ёс заншил нь монгол, ахуй зан үйл нь монгол, угсаа гарал соёл нь монгол байсаар байтал, харийн соёлыг шууд монгол хөрсөнд буулгах гэж оролдох нь буруу юм. Иймээс сургалтын хөтөлбөр агуулгыг ч “Кембрижийн стандарт” гэхийн оронд ядаж “Шинэчилсэн монгол стандарт” гэж нэрлэж болохгүй юм болов уу? Боловсролын бодлого сургалтын арга хэлбэрийг ч бүхэлд нь шинэчлэн өөрчлөх шаардлага өнөөгийн монголын нийгмийн хөгжил, боловсролын бодлогын тулгамдсан асуудлын нэг болж байна.
Хэрэв бид гадны соёлоос авах зүйл байдаг бол түүнийгээ монгол хөрсөнд монголжуулан, монгол ахуй зан үйлд тохируулан суулгах ёстой бөгөөд энэ нь өнөөдөр монголын боловсролын тогтолцоонд гарч буй “ үнэн бодит ахуй” буюу харийн соёлыг буулгах гэсэн мөрөөдлийн “хуурамч ахуй” хоёрын дунд хавчуулагдсан монголын үрс хөөрхийлэлтэй яа. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголын боловсролын тогтолцоонд гарч буй “хэзээ ч биелэгдээгүй хүслэн” буюу “хэзээ ч биелэгдэхгүй хүслийн” хойноос тэмүүлж буй “төөрсөн бодлого” буюу “зөрчилт бодлогыг” халах цаг болжээ гэж үзэж байна. Ийнхүү “Монгол хүүхдийг хөгжүүлэхэд өчүүхэн ч болов өөрийн санаа санаачлагыг энэхүү өгүүллээр дэвшүүлж байгааг минь хүлээн авч, авах гээхийн ухаанаар тунгаан үзнэ гэдэгт найдаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Монголын үрс хөгжих болтугай!
[1]Eric Hoffer (1902-1983) Америкийн нэрт гүн ухаанч сурган хүмүүжүүлэгч, http://www.teachersmind.com/Education.html
[2] Bill Beattie мөн мэдээнд,
[3] Bishop Creighton мөн мэдээнд,
[4] Carol Ann Tomlinson мөн мэдээнд,
[5] Бямбадоржийн Энэрэл “ Монголын уламжлалт боловсролын асуудлыг хэлц үгээр дамжуулан судлах нь” магистрийн зэрэг горилсон зохиол. Удирдсан багш: Ян Жао Шань. Зүүнхойд Багшийн Их Сургууль, Чань Чунь хот , 2012 он,
[6]Д. Болод “ Эх хэлээ эрхэмлэх тухайд”, БХИС-ийн дэд профессор, хэл шинжлэлийн магистр УБ, “Соёмбо”,
[7] Орчин цагийн монголын их найрагч Дашдоржийн Нацагдоржийн зохиолын түүвэр зохиол, УБ,
[8]UNICEP – “Situation Analysis of Children and Women Mongolia” 2007, Ulaanbaatar Mongolia, Table 3.1 Situation of Children in Mongolia in 2001-2011,
[9] Х. Сампилдэндэв “Монгол зан үйлийн аман зохиол” УБ, УХГ, 1995, 8-12,
[10]Д. Болод “ Эх хэлээ эрхэмлэх тухайд”, БХИС-ийн дэд профессор, хэл шинжлэлийн магистр УБ, “Соёмбо”,
[11]Д.Бадамдорж “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” Уб, 1997, 91- р талд,
[12] Ц. Өлзийхутаг “ Монгол хэлний үгийн сангийн судлал” УБ, 1973, 21, 104 дэх тал,
[13]Ж. Бат-ирээдүй “ Монгол хэлний хэвшмэл хэллэг дэх хэлц үгийн утга”, УБ,2007,