Цэцэг бүхэн өөр өөрийн илэрхийлэлтэй. Хэрэв танаас цэцэг авсан хүн энэ талаар мэдлэгтэй бол сэтгэл шингээж утга учиртай авч уу эсвэл зүгээр л гартаа тааралдсаныг худалдаад авчихсан уу гэдгийг шууд л мэднэ. Та хайр сэтгэл, хүндлэл, тэр бүү хэл хайхрамжгүй хандаж буйгаа ч цэцгийн хэлээр илэрхийлж болно. Тэгэхээр удахгүй болох гэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай бүсгүй, ээж, эмээ, хүндэлж явдаг хүндээ ямар цэцэг бэлэглэвэл зохих талаар танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хэрэв та баяраар нь ээждээ цэцэг өгөхөөр шийдсэн бол ягаан өнгө тохиромжтойг санаарай. Ийм өнгө нь өр зөөлөн сэтгэл, итгэлийг билэгддэг. Цэцгийн хувьд сарнай, алтанзул, лилия, гэр бүлийн билэгдэл балжингарам, мэргэн ухаан, аз жаргал, эрүүл энх, мөнх наслахын билэгдэл бадамлянхуа байж болно.
Хэрэв хүндэтгэж явдаг жирийн сайхан найз бүсгүйдээ цэцэг бэлэглэх гэж байгаа бол цагаан өнгийг эрхэмлэ. Учир нь цагаан өнгө үнэнч нөхөрлөлийг билэгддэг.
Ер нь ийм өнгөтэй цэцгийг залуухан бүсгүйчүүдэд эсвэл хуриман дээр сүйт бүсгүйд бэлэглэдэг.
Хайртай хүндээ баглаа цэцэг өгөх нь тийм ч сайхан санаа биш. Ийм цэцэг хэд хоноод л үхээд хорчийчихдог. Сэтгэл гэдэг эмзэг зүйл. Тиймээс гоёмсог савтай тасалгааны цэцэг бэлэглэсэн нь дээр. Жишээ нь хайртай хүн чинь компьютерийн ард олон цагийг өнгөрүүлдэг бол кактус бэлэглэ. Энэ “зараа” шиг өргөстэй ургамал компьютерээс ирэх хорт туяаг саармагжуулахаас гадна хүний сөрөг энергийг өөртөө шингээдэг шидтэй гэнэ. Мөн зорилго тэмүүлэлтэй занг, уужуу, өгөөмөр сэтгэлийг билэгддэг “Би чамайг хэнээс ч илүү ойлгож байна”, “Чи бид хоёр адилхан юм аа” гэдгийг илэрхийлдэг гэнэ.
Гэхдээ компьютергүй бол өгсний хэрэггүй. Учир нь энэ ургамал “завтай” үедээ хайртай хосуудын хооронд хэрүүл дэгдээх хандлагатай байдаг гэнэ шүү.
Түүнчлэн хайртай хүндээ элбэг хангалуун байдлыг билэгдэн мөнгөний мод буюу красул бэлэглэж ч болно.
Дашрамд нэгэн эргэлзээг тайлахад шар өнгийн цэцэг хагацлыг зөгнөдөггүй гэнэ. Үнэндээ энэ бол нар, гэрэл гэгээ, сайхан сэтгэл, өөдрөг байдал, гэр бүлийн баяр баясгалангийн өнгө юм. Жишээлбэл та шар алтанзул цэцэг сонгох бол хүсэл тэмүүлэл, хэмжээлшгүй аз жаргал, бүсгүй хүний дур булаам, сайхан байдлыг илтгэдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Түүнээс гадна “голланд” баглаа буюу өнгө алагласан баглаа цэцэг хаврыг, хөгжилтэй байдлыг, амьдралын хурц тод дурсамжуудыг билэгдэж байдаг.
Эцэст нь сануулахад бэлэн боосон цэцэг худалдан авах нь хайхрамжгүй хандаж байгааг илтгэнэ. Тиймээс хичнээн яарч байсан ч заавал боолгож байгаарай.