Учир мэдэх зарим хүний хэлж ярьж байгаагаар саяхнаас хэрэгжиж эхэлсэн тамхины хяналтын хууль нь тамхидалтыг багасгахын зэрэгцээгээр дараах далд агуулгыг багтаасан гэнэ билээ. Хүнд битгий хэлээрэй гэж учир мэдэх хүн надаас хүссэн юм шүү. Ээ дээ таминь, энийг уншсан бол хүнд л битгий хэлээрэй дээ.
– Хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг тамхины хуулийг сахиулах нэрээр жаахан ч гэсэн авилга аваад ”баяжихтун” гэсэн алсын уриатай гэх яриа ч байна
– УИХ-ын эмэгтэй гишүүд тамхийг хориглох далимаар өөрсдөө эрүүл нийгмийн төлөө, саруул үр удмын төлөө гэсэн хоёргүй сэтгэлтэй гэдгийг ард түмэнд харуулах далд PR-ыг агуулж байгаа гэнэ
– Тэртэй тэргүй бохирдсон утаатай хотын агаараас уушгинд хамгийн хортой тамхины утааг илт багасгаж, “утаагүй” хотыг байгуулахад хууль санаачлагчид хувь нэмрээ оруулах бодлого явж байгаа гэсэн
– Эргүүлийн цагдаа нарт тэдний олон жил хүсэн хүлээсэн, замын цагдаа шиг өндөр торгууль бүхий торгуулийн хуудас таслуулж үзүүлэх, тэдэнд “сэргэлэнтэх” боломж олгон амьдралынх нь хаа ч хүрэхгүй байгаа цалинд нь тус нэмэр, ”дэмжлэг” үзүүлэх санаа агуулж байгаа гэнэ
– Эхнэрүүд нөхрөө баарнаас өөр газар суусан эсэхийг яг баттай мэдэхийн тулд эмэгтэй гишүүдийг лоббидож эл хуулийг батлуулсан гэх сэм яриа ч байна /энэ хууль хэрэгжихээс өмнө нь нөхрүүд гадуур зугаалсан бүхнээ, найзтайгаа бааранд сууж 1-2 пиво уугаад ирлээ гэж тамхи үнэртүүлсэн хувцсаараа аргалаад байсан болохоор/
– Төрийн албаныхны тамхи татдаг хэсэг нь бүгдээрээ шахуу Парламентад орохыг бэлгэдэн Parlament тамхийг ихээр татах болсонтой холбоотойгоор
– Дунд сургуулийн багш нар хөдөлгөөний хомсдолд орж, хэт таргалалтанд нэрвэгдэх болсон тул тэднийг бага ч болов хөдөлгөөнд оруулах, завсарлага бүрт сургуулиас хол 500 метр зайд гүйж очуулан тамхи татуулах дасгал хийлгэн, эрүүл хөдөлгөөнийг дэмжих, тураах зорилгоор
– Хот дотор, хороолол дунд хэзээ ч дэлбэрч магадгүй бензин түгээгүүр олон байгаа бөгөөд нэгэнт тэднийг хотоос зайдуу нүүлгэж чадахгүй учраас, иргэд дутуу татсан асаалттай тамхины ишээ тэнд хаяад дэлбэрэлт үүсгэж, ойр хавийн орон сууц, хүн амын амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах бий гэхээс болгоомжлохдоо
– Татсан тамхины ишээ хаа хамаагүй хаяснаас болж ойн болон ахуйн гал түймэр гарах гол шалтгаан нөхцөл болж байгааг онцгойхон яг олж тогтоосон болохоор
– Баар ресторанууд, архи пиво зарахын зэрэгцээгээр тамхи ширхэгээр зарж зөвшөөрөгдөөгүй орлого ихээр олоод байсан болохоор
– Эмэгтэй гишүүдийн заримынх нь нөхрүүд тамхи татдагаас болж шүд нь шарлах болсон ба цаашдаа шарласан шүдтэй нөхрөө олон нийтийн арга хэмжээнд дагуулан явахад гоо зүйн хувьд үзэл сурталгүй учраас
– Төрөөс тогтоосон статистикаар иргэдийн дундаж амьдрал илт сайжирсан атал гудамж талбайд тамхи ширхэгээр зарж, дамын наймаа эрхлэн, илүү ашиг олохыг хүсэгчид ихээр төрөн гарч байгаагаас үүдэн тэднийг журамлах зорилгоор Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлж байгаа гэнэ билээ.
Эдгээр далд шалтгаануудыг Тамхины эсрэг хууль өөртөө агуулж байгаа гэсэн шүү, хүнд битгий хэлээрэй дээ таминь, тэгвэл би төрийн нууц задалсан хэрэгт холбогдож мэднэ шүү.
Ц.Мөнх
Ugluu.mn