Хууль зүйн яамнаас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан аяны хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого” зөвлөлдөх уулзалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д энэ сарын 4-нд зохион байгууллаа.
Ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох болсон хүний наймааны гэмт хэрэг хил дамнан далд үйлдэгддэг. Хохирогчид нь охид, эмэгтэйчүүд бөгөөд гэмт этгээдүүд тэдний сул талыг ашиглан гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах, гадаадын иргэнтэй гэр бүл болгох нэрийн дор бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөр худалдаалж, ашиг олдог байна. Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн дарга Б.Дэлгэрсайханы тавьсан илтгэлд дурьдагдсанаар хүний наймааны хохирогч болсон эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь Хятадын муж хотуудад байдаг. Бээжинд 120, Хөх хотод 60-70 орчим хүн бий гэсэн судалгаа байна. Эрээн хот хүн худалдаалах гэмт хэргийн гол бааз болсон. Сүүлийн үед Хятадын зүүн, зүүн өмнөд хэсгийн бүс нутгууд, Турк, Казахстан, БНСУ, Япон зэрэг улсад хүний наймааны гэмт хэрэг ихээр гарах болжээ. Мөн вэб сайт ашиглан биеэ үнэлэгчдийг царай зүс, бие хаа, утасны дугаар, насаар нь танилцуулах явдал ихссэн тул энэ асуудалтай тэмцэхэд бүтэц орон тоо, Элчин сайдын яам, консулын үйл ажиллагааг энэ асуудал руу хандуулах хэрэгтэй байгаа гэдгийг онцолсон юм.
Харин Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль 2012 оны нэгдүгээр сард батлагдсан. Хэдийгээр хууль хэрэгжээд нэг жил болж байгаа ч гэмт хэргийн шалтгаан нөхцөл буурахгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Гадаад харилцааны яам, дипломат косулын газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон төрийн бус байгууллагуудын оролцоо чухал байна гэв.
Хууль зүйн яам эрүүгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Мөрдөх албыг байгуулах гэж байгаа. Харин энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд ярилцаж, цаашид явуулах бодлого, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Хууль зүйн яам