Р.Бурмаа: Үс, зүснээс үнэтэй зүйл эмэгтэй хүнд бий

Д.БОЛОРМАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Энэ өдөр олон эмэгтэй цэцэг, урмын сайхан үгэнд дарагдаж өнжсөн биз ээ. Харин улстөрч бүсгүйчүүд энэ өдрийг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг бол. Тэд төр түшилцэж яваа ч гэлээ ар гэр, хань, үр хүүхдэдээ хайр халамжаа түгээн суугаа бүсгүйчүүд юм. Түүний нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

 

-ТаМартын 8”-ыг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг вэ. Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд эмэгтэй гишүүдээ хүлээн авч баяр хүргэсэн тухай сонссон. Улс төрийн хүрээний найз нөхдөөсөө баярын үг чамгүй сонссон биз?

-Өө, арга хэмжээнд оролцсоор байтал дуусах шив дээ. “Бэлэг төгс” гэсэн ээжүүдэд зориулсан арга хэмжээнд очлоо.  Их сайхан арга хэмжээ байдаг юм байна. Түүнээс гадна эмэгтэй уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэнг сонирхож сэтгэлийн таашаал амслаа. Салбар, салбарын эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг “Даймонд” клубын нэг жилийн ойн баярын хүлээн авалтад ч оролцож амжлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эмэгтэй гишүүдээ хүлээн авч уулзсан юм байна. Ингээд тоолвол баяр хүргэгчдийн тоо олон болох нь ээ. Миний хувьд энэ баярыг бусад эмэгтэйтэй харьцуулахад тийм ч өндөр хэмжээнд тэмдэглээд байдаггүй.  Жил бүрийн энэ өдөр ээж, эгч, дүү, бэрдээ цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил ч гэсэн уламж­лалаа дагаад тэдэндээ цэцэг бэлэглэлээ. Өмнө нь багц сарнай цэцэг бэлэглэдэг байсан юм. Гэтэл өнөөх нь хоёр ч хонохгүй үхчихээр хайран санагддаг байлаа. Харин энэ жил тасал­гааны цэцэг бэлэглэсэн. Л.Эр­дэнэчимэг гишүүн маань цэцгийн хүлэмжтэй юм билээ. Монголд байхгүй цэцгийн үрийг хаа байсан Голланд, Казахстанаас авчирч ургуулдаг. Энэ нь Монголын нөхцөлд маш сайхан ургана. Тэндээс нь цэцгээ сонгож авсан. Тэ­гээд ч миний эжий тасал­гааны цэцгэнд маш их дуртай.

-Олны танил хү­мүү­сийг жүжигчин үү, дуучин уу, улстөрч үү гэдгээс үл хамаараад тэдний хувийн амьдралыг их сонирхдог шүү дээ. Танайх ам бүл хэдүүл вэ. Аав, ээжийнхээ талаар яриач?

- Хоёр хүүтэй. Одоо тэд маань өрх тусгаарласан том харчууд болжээ. Хоёр хүүхэдтэй ч гэлээ тэдний маань хүүхдүүд гээд өнөр өтгөн айл болж өргөжсөн байна. Миний аавыг Л.Раднаа гэдэг. Насаараа математикийн багш хийсэн хүн. Хэдийгээр багш хүн ч гэсэн спор­тынхны дунд нэр хүндтэй буурай. 61 жилийн өмнө ууланд авирч байсан анхны уулчин. Хамт авирсан уулчид дундаа амьд сэрүүн яваа нь ганц миний аав юм уу даа. “Уулын улаан” гэж хочтой. Үүнийг нь би хоч гэхээс илүү алдар гэж ойлгодог. Яагаад гэвэл уулын хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл нь юм. Спортынхон бол миний аавыг андахгүй байх аа. Харин ээжийг маань Г.Сэрээтэр гэдэг.  Биеийн тамирын багш. Залуудаа их сайхан бүжиглэдэг байсан юм гэнэ лээ. Багш болохоор бүжгийн спортоос илүү хүүхэд сурган хүмүүжлүү­лэхээ урьтал болгосон гэх үү дээ. Шавь нараа олон төрлөөр улсын аварга болгосон багш хүн бий дээ. Би ээжээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явдаг юм. Миний эжий их дайчин, хөдөлмөрч эмэгтэй. Ямар ч юмыг хүнд хэцүү гэж хойшлуулж байсангүй. Ажил амьдралд нь ямар ч зовлон тохиолдсон даваад гардаг дайчин. Өөрөө олон хүүхэд төрүүлсэн, тэд нь ойр ойрхон төрсөн байтал ажлаасаа нэг ч удаа чөлөө авч байсангүй. Ямар ч өвчин зовлон хэлж үр хүүхэд биднээ сандаргаж байсангүй. Энэ л зарчмаар биднийг өсгөн хүмүүжүүлжээ. “Та нар ажлыг их, бага гэж бүү гол. Хийгээд ард нь гар. Хүнийг битгий ялгаж харьц. Хэзээ нэгэн цагт чиний дорд гэж үзсэн хүн чинь чамаас ч сайхан амьдарч болно. Бусадтай сайхан харилцаатай яв. Болж өгвөл битгий гутарч бай. Өөдрөг сэтгэл, эерэг бодолтой явбал ажил нь аяндаа бүтнэ” гэж. Энэ сургааль нь одоо ч бидний сэтгэлд уяатай явна. Би ийм л сайхан аав, ээжтэй хүн дээ.

-Бүсгүйчүүд эх хүн болохоороо ээжийгээ илүү ойлгодог шүү дээ. Ээждээ хайртай гэдгээ илэрхийлж чадах юм уу?

-Өөрт нь хязгааргүй хайртай гэж хэлж чаддаггүй. Бэргээд байгаа ч юм уу хэлэхээс нэг л эмээгээд байдаг юм. Дотроо бол эхийгээ харах бүртээ баярлаж явна даа. Ээж гэлтгүй аавдаа ч энэ үгийг хэлж зүрхлэхгүй явна. Харин танай сониноор дамжуулаад “Хоёр буурайдаа хайртай шүү. Үр хүүхэд бидэндээ амьд сэрүүн харагдаж яваа нь хамгийн том аз жаргал юм” гэж хэлмээр байна. Нэг дуу байдаг даа. Ээжтэйгээ хамт өтөлье гэж. Түүн шиг эжий, аав хоёртойгоо хамт өтөлж явъя даа гэж боддог юм. Манай ээж чинь утсаар байнга ярина. “Чи манайд ирж хоол идээч. Би ийм, ийм хоолоо хийлээ” гээд л. Тэгснээ хамт ажилладаг хүмүүсээ дагуулаад ир. Ирээд ярьж сууж байгаад харь гэнэ. Их зочломтгой, олонтой хүн гэх үү дээ. Уг нь болж өгвөл очиж хийсэн хоолыг нь идэх юмсан гэж хичээх юм. Даанч энэ улс төрийн ажил чинь хэр баргийн зав чөлөө олгоод байдаггүй. Тийм болохоор очиж амжихгүй л юм. Яахав, хааяа заавал ажил хэрэг болгож очно оо. Намайг очихоор нөгөө хоёр маань сүйд. Хүүхэд шиг баярлана.

-Та ээжийнхээ ямар зан чанарыг өөртөө шингээсэн гэж боддог вэ?

-Манай ээж багшаар ажиллаж байхдаа нэг ч удаа өвдөж, чөлөө авч бай­гаагүй. Ажил цалгардуулж байгаагүй. Тэр хэм­жээгээр ажилдаа их хариуцлагатай. Байнгын шинэ зүйлийг эрэлхийлж суудаг хүн. Тэтгэвэрт гарсныхаа дараа хүртэл эмчилгээний нэг курст  очоод суучихаад үр хүүхэд, ач зээгээ ханиад хүрэхээр эм гэхгүйгээр гарын дор аргаар эмчилж байх жи­шээтэй. Сэтгүүл, сонин бас их уншина. “Тэр сонинд тийм хэрэгтэй юм бичсэн байна. Алив, чи олж унш” гээд л. Идэвхтэй амьдралын хэв маягтай. Түүгээр нь бахархаж явдаг юм.

-Тэгэхээр танайх хүү­хэд бужигнасан айл бо­лолтой. Эцэг, эх нь багш учраас сурган хүмүү­жүүлэх талдаа их өргөн байсан байх?

-Ер нь багш хүмүүс гэртээ ирээд хүүхдээ сургаад байдаггүй юм шиг ээ. Би аав, ээжийгээ хараад тэгж ойлгосон. “Тэр чинь зөв. Энэ буруу” гэж хатуу зарчмаар нэг ч үг хэлж байсангүй. Багш хүмүүсийн онцлог гэж бий. Тэр нь их гэгээлэг байдаг. Хүүхдүүдийн дунд байдаг учраас муу санаа гэж байдаггүй. Тэр ч ут­гаа­раа хүүхэд шиг сэтгэл хөдлөл ихтэй, сайхан энер­ги цацруулсан гэгээлэг хүмүүс байдаг юм.

-УИХ-ын гишүүн Р.Бурмааг тайрмал үстэй, нүдний шилтэй, алчуур, эсвэл энгэрийн зүүлтээр гоёдгийг хүмүүс гадарлах болсон байх. Та гадаад имижээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Имижээ бүрдүүлье гэж нэг их тусгайлан хүчин чармайлт гаргаж явсангүй. Хойшид ч нэг их имиж хөөцөлдөөд, өөр болоод явна гэж бодохгүй байна. Хүний гадаад төрх гэдэг дотоод ертөнцийнх нь л үргэлжлэл шүү дээ. Би харин эх хүн, эмэгтэй хүний эргэн тойрондоо бий болгож чадах сайхан зүйл бол ёс зүй, зөв сэтгэл, өөдрөг, эерэг эрмэлзэл юм гэж боддог. Энэ нь үс, зүснээс чухал үнэтэй зүйл юм даа. Улс төрд байгаа эмэгтэй хүнийхээ хувьд миний үзэл бодол, итгэл үнэмшил нийгэмд зөвийг санагдуулах үлгэр дууриал болж байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш би УИХ-ын гишүүн боллоо гээд гоёж гоодоод имиж хөөцөлдөөд явах нь утга­гүй. Эмэгтэй гишүүдээ бодвол хамгийн имиж муутай нь байж мэдэх юм. Гэхдээ би гадаад үзэм­жээс дотоод гоо сайхныг илүүд үздэг нэгэн. Яахав, хааяа ээж маань утсаар ярина. “Чи улс төрийн хүн ийм хувцас өмс. Хэлж ярихдаа ингэж хэл” гэх нь бий. Тэр бү­рийг нь дагаж мөрдөхгүй ч хааяа нэг өөртөө тусгаж авна аа.

-Та гэрийн хэр сайн эзэгтэй вэ. Гэр бүлдээ цаг зарцуулж чадаж байна уу?

-УИХ-ын гишүүн чинь ар гэртээ цаг бага зарцуулдаг юм байна. Ямар ч байсан эхний хагас жилд ар гэрийн ажилд маш бага оролцжээ. Оройд очиж унтах л шив дээ. Түүнийгээ хүлээн зөв­шөөрнө. Харин цаашдаа зохицуулахаас өөр арга алга. Би л нэг гишүүн гэж хэнхэглээд ар гэрээ мартаж болохгүй. Ирэх чуулганаас эхлээд  ажлаа зохицуулж ар гэртээ анхаарал тавья гэж бодож байгаа шүү.

-Таны бодлоор сайхан монгол эмэгтэй ямар байх ёстой вэ?

-Цаанаасаа л гэрэл цацруулсан эмэгтэй гэж байдаг. Уулзаад салахад л сайхан сэтгэгдэл төрүүл­сэн байдаг. Аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг, өгөөмөр, элдэв хар санаа байхгүй тийм бүсгүйг сайхан монгол эмэгтэй гэнэ. Гадаад  үзэмж гэхээс илүү дотоод сэтгэлийн сайхантай л байх ёстой. Эерэг бодлоор цэнэглэгд­сэн, бусдад энерги түгээж зөв явж байгаа хүнийг сайхан эмэгтэй гэж боддог.

-Эмэгтэй гишүү­дийн­хээ хэнтэй нь илүү найз вэ. Зовлон, жаргал учирсан саад бэрхшээлээ хоорон­доо ярина биз?

-АН-ын зургаан эмэг­тэй өөр хоорондоо ойр дотно шүү. Байнга шахам уулзаж ярилцана. Бие биендээ дэм өгнө. Бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг ги­шүүнийг эзгүй байхад нь бүлгийн ажлаа ху­ваагаад л хийнэ.  Нэгнийхээ оруулж байгаа хуулийн төслийг ч гэсэн сайн дэмждэг. Бусад на­мын эмэгтэй гишүүнтэй ч гэсэн ялгаагүй сайн ха­рил­цаа­тай. Харин бидний дунд хувийн асуудлаа ший­дэх уулзалт гэж байдаггүй. Бид нийтийн эрх ашгийн төлөө зүтгэх ёстойгоос биш хувийн эрх ашгийг чухалчилж үздэггүй.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар та бишгүй дуугарч яваа эмэгтэй. Энэ санал са­наач­­лагаа ямар үр дүнтэй байна гэж үзэж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн эр­хийн талаар цөөнгүй ажил хийсэн гэж боддог. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний чад­варыг  дээшлүүлэх талаар олон сургалт, судалгаа хийж байлаа. Одоогийн хийж байгаа ажил гэвэл Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн квот байх хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулиас илүү Улс төрийн намын хуульд квот байх ёстой гэж үзэж байна. Нөгөө талаас улс төрч гэдэг бол өөрөө мэргэшсэн байхыг шаарддаг. Энэ утгаараа эмэгтэйчүүдээ ард иргэдтэй харилцах соёл, тэдний санаа бодлыг илэрхийлэх ур чадварт суралцах ёстой. Дээрээс нь хуулийн төслөө уншаад  ойлгодог, тайланг нь хянаж асуултуудаа асууж чаддаг байх ёстой. Орон нутгийн төвшинд юуг шийдэж болох, хэрхэн яаж шийдэх вэ гэсэн хууль дүрмийг бас мэдсэн байх ёстой. Түүнчлэн хүн бү­рийн өгсөн бэлгийг аваад байж болохгүй. Гадаад, дотоодод урьсан хүн бү­рийн урилгаар явж очоод байж болохгүй гээд сур­галт зайлшгүй шаард­лага­тай. Нөгөө талдаа Хүчир­хийллийн эсрэг хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах ёстой. Тухайлбал эмэг­тэйчүүд бэлгийн дарамтад их орж байгаа. Тэгвэл хэргийг мөрддөг хүн нь эмэгтэй цагдаа баймаар байна. Үүний тулд эмэгтэй цагдаа бэлдэх хэрэгтэй. Мөрдөн байцаах албыг тусгайлан ажиллуулах гэж байгаа юм бол хүний най­маанд мэр­гэшсэн эмэгтэй мөрдөн байцаагч ажил­луулах гээд олон шийдэх ёстой асуудал байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ /POLIT.MN/

topod.inпродвижение раскрутка сайтовраскрутка сайтачехлы для macbook airoutcall escort dubaiполучить кредит для бизнесанациональный парк килиманджаро d fahbrtтуры на килиманджаро lemoshoзаявление на получение кредита бланк скачатьсафари африкатур афика сафариразработка по iosбыстрый аудит сайтажелчнокаменная болезнь симптомы лечение


Р.Бурмаа: Үс, зүснээс үнэтэй зүйл эмэгтэй хүнд бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.