“Нарантуул” олон улсын худалдааны төвийн түрээслэгч болон түрээслүүлэгч хоёрын хооронд үүсээд байгаа маргаантай холбогдуулж тус захын Үйлдвэрчний эвлэлийн ажилчид УИХ-ын гишүүн Г.Уянгад ханджээ.
“Нарантуул” захын захиргаа энэ жилээс түрээслэгчдийн бараагаа хийдэг модон авдрыг төмөр авдраар солихийг шаарджээ. Түрээслүүлэгчийн зүгээс модон авдар нь хулгайд өртдөг, өнгө үзэмж, чанар муутай гэдэг шалтгаанаар төмөр авдрыг нэгдсэн журмаар тавьж эхэлснээр түрээслэгч, түрээслүүлэгчдийн хооронд асуудал хурцадсан байна. Мөн тус зах нь түрээслэгчидтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүй өнөөг хүртэл аман тохиролцоогоор явж иржээ. Захын удирдлага болон байцаагч нар нь маш ихээр дарамталдаг, ажиллах орчин нөхцөл туйлын хүнд байдгаа түрээслэгчид ярьж байлаа.
Г.Уянга гишүүн захын түрээслэгчдэд тулгамдаад байгаа эдгээр асуудалтай танилцаад тус захад шалгалт оруулж, цаашид анхаарал хандуулж ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрбээр өөрийн санаачилсан Түрээсийн тухай хуулийн төсөл нь давхар түрээс, шалтгаангүйгээр түрээсийн үнийг нэмэх болон түрээслэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлуудыг цэгцлэхийг зорьж байгаа гэдгийг онцоллоо.
Н.Туяа
МОНЦАМЭ