Энэ жилийн хавар зуны хувцас загварын чиг хандлага нь “богинохон” гэсэн уриатай байх бололтой. Учир нь даашинз, юбка, шорт гээд ихэнх зүйлс богинохон байна гэсэн үг.
Харин өнгө үзэмжний хувьд судалтай, шоон, цэцгэн хээтэй болон торон материал зонхилох ба номин ногоон болон саарал өнгөнүүд голлох аж.
Ялангуяа цэцэг навч ургасан зуны дэлгэр цагтай цэцгэн хээтэй даашинз эсвэл өмд, цамц өмссөн бүсгүй гайхалтай зохицохыг энэ зуны загварын трэнд харуулахыг зорьжээ. Мэдээж хээгүй цулгай даашинз дээр ч цэцгэн хээ бүхий цүнх барьж болох юм.
Мөн торон нэхээстэй хувцас эмэгтэй хүнийг ялдам харагдуулахаас гадна энэ нь хавар зуны улиралд ч тохиромжтой сонголтуудын нэг юм.
Хэзээ ч моодноос гардаггүй савхин эдлэлээр хийгдсэн хувцсыг зөвхөн хавар намар өмсөх ёстой гэсэн бодлоосоо одоо салах цаг болжээ. Учир нь энэ зуны загварт савхин юбка, даашинз, шортууд ч багтаж байна.
Харин өмдний хувьд өнгөрсөн жилд зонхилж байсан скинни буюу шагайнаас дээгүүр нугалсан мэт загвартай жинсэн өмд зонхилно. Дээр дурдсан цэцгэн хээг агуулсан бариу жинсэн өмд бүсгүй таныг бүр гайхалтай харагдуулна.