Ерөндөг нь хүний бие мах бодид хор нөлөөгүй материалаар хийгдсэн, жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүнтэй, аюулгүй арга юм. Ерөндөг нь дотроо хэлбэр хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд төрсөн эмэгтэйчүүдэд Т /Cu-380A/, Гайнефиксийг төрөөгүй охидод зориулсан Охид-ерөндөг буюу /Cu-375/-ыг манай оронд өргөн хэрэглэдэг байна.
Охидын ерөндөг Cu-375 гэж юу вэ?
Эр бэлгийн эсийн амьдрах боломжгүй орчныг умайд бий болгож улмаар эр бэлгийн эсийг өндгөн эсэд хүрэх хөдөлгөөнийг саатуулдаг. Мөн үр хөврөл умайн салстанд бэхлэгдэхийг саатуулдаг. Охид ерөндөг Cu-375-ыг төрөөгүй охид, нэг удаа төрсөн эсвэл ксерево хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд тавихад тохиромжтой.
ДАВУУ ТАЛ: Өндөр үр дүнтэй Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалдаг /5 жил/. Ерөндөгийг хүссэн үедээ авахуулж болох ба буцааж авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ. Бэлгийн харьцаанд нөлөөлөхгүй. Ерөндөг хэрэглэхтэй холбоотой анхаарвал зохих зүйлс бага.
СУЛ ТАЛ: БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй. Ерөндөг нь эмэгтэйд мэдэгдэхгүйгээр умайгаас унаж болно. Бохир нөхцөлд тавиулсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй.
АНХААРВАЛ ЗОХИХ ЗҮЙЛ: Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно. Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Үйлчлүүлэгч ерөндөгийн утсыг тэмтэрч, ерөндөг байрандаа байгаа эсэхийг шалгана.
ЕРӨНДӨГИЙГ ХЭЗЭЭ ТАВЬЖ БОЛОХ ВЭ?
Биений юм ирснээс хойш 3-5 дахь хоногт тавина. Биений юм ирэх үед умайн хүзүү аяндаа өөрөө нээгддэг бөгөөд энэ үед ерөндөг тавихад тохиромжтой байдаг. Төрсний дараа тавихад тохиромжтой/нэг төрсөн болон ксерево хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд/. Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавьж болно(халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд). Умайн хүзүүнд улайлт шарх үүсээгүй, наалдцын шинжилгээний 1-2-р зэрэгтэй үед тавина.
ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ТОХИОЛДОЛ:
– Жирэмсэн байж болзошгүй
– Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
– Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг өвчин сэдэрсэн
– Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай
ХЯНАЛТАНД ИРЭХ ХУГАЦАА: Ерөндөг тавиулсны дараа ойролцоогоор 3-6 долоо хоногийн дотор дахин үзүүлэх ба түүнээс хойш тогтмол ирж үзүүлэх шаардлагагүй. Харин жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ороход тохиромжтой
ЕРӨНДӨГ ТАВИУЛСАНЫ ДАРАА ЭХНИЙ 7 ХОНОГТ ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
– Бэлгийн харьцаанд орохгүй байх
– Хүнд хүчир юм өргөхгүй байх (фитнесийн хүч шаардсан дасгал г.м)
– Өндөр өсгийтэй гутал аль болох өмсөхгүй байх
– Ванн, саун, бассейнд орохгүй байх (шүршүүрт орж болно)
ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЭМНЭЛЭГТ ИРЖ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ!
– Биений юм саатах
– Биений юм удаан хугацаагаар үргэлжлэх, их хэмжээгээр цус алдах, биений юмны хооронд цусархаг зүйл гарах
– Бэлгийн хавьтлын үед өвдөх
– Үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах(энэ нь халдвар авсан байж болох юм).
– Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан байвал