Монгол Улсад бараг л хошуутай болгон нь тамхи татаж байсан цаг саяхан. Тэгвэл Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ замбараагүй тамхи татах явдал бараг үгүй болж байгаа гэхэд буруудахгүй. Тэгвэл одоо араас нь амаа олохгүй уугаад байгаа архийг бас хуульчлана гэж дуулдсан. Агсан согтуу тавьж амь насаа алдаад байгаа хүмүүс олон байгаа болохоор тэр. Тамхийг хязгаарлаж болж байгаа юм чинь архийг яагаад болохгүй гэж. Архийг хориглочихвол нийгмийн дунд архи уух иргэдийн тоо бас тамхины хэрэглээтэй адил буурах өндөр магадлалтай. Мөн дээрээс нь тун удахгүй Ёс суртахууны тухай хуулийг бий болгох хэрэгтэй. Түүнийгээ ч хуульчилж олон нийтийн дунд хэрэгжүүлбэл тун аятайхан болох биз. Ёс суртахуунаа уландаа гишгээд байгаа энэ үед ер нь тун дажгүй хууль юм аа. Нүцгэн зургаа сэтгүүлийн нүүрэнд тавьж болохгүй. Хориотой сайт руу орж болохгүй. Мөн өглөө гэрээсээ гараад хүнтэй маргахгүй. Хориотой янз бүрийн хараалын үг хэлэхгүй бусдын хажууд эрээ цээргүй загнахгүй тун дажгүй хууль болох нь. Ер нь монголчуудын энэ зах замбараагүй байдлыг бүгдийг нь хуульчилвал ямар вэ. Өглөө ажилдаа гарахдаа улаан юм өмсөж болохгүй. Олон нийтийн дунд сондгойрч болохгүй гэх мэт. Ингээд өгчихвөл хүмүүсийн зах замбараагүй байдал арилах нь тэр шүү. Жишээ нь тав дахь өдөр ажил тараад 24 цагаас хойш гэртээ орохыг хориглоно. Эсвэл гадуур явахыг хориглоно гээд хуульчлаад өгчихвөл бүр ч зүгээр юм шиг. Болохгүй бүтэхгүй байгаа бүгдийг олны дунд хуульчлаад өгчихвөл нийгэм маань дагаад хөгжих нь тодорхой. Цэрэг цагдаагийн хэрэг ч гэж байхгүй болно. Төсвөө ч хямдхан зохицуулчихна гэсэн үг. Хамаг байдаг мөнгөө архинд өгөх хүмүүсийн тоо ч багасах нэг талтай. Үүнийгээ дагаад монголчуудын амьдрал дээшилж мэднэ. Ёс суртахуунаа дээдэлдэг, ухаалаг, төлөв даруу монгол хүнийг бий болгоход тун ойрхон байна. Хамгийн гол нь гаргасан хууль болгон Тамхины эсрэг хууль шиг байгаасай. Нийгмээ цэвэр байлгахын тулд олны замбараагүй байдлыг одоо л хуульчлахгүй бол болохгүй.
Э.Баясгалан
