“Нандин – Эрдэнэ”-ийн ээжийнхээ мөөмнөөс гараагүй юм шиг хэрнээ хэрсүү ухаантай уран гартан залуугийн дүрээр нь хамгийн сайн мэддэг нэгэн хүний тухай олон хоног бодлоо. Түүний дэлгэцэнд бүтээсэн олон гайхамшигт дүр байдаг ч тэр л Нандин –Эрдэнэ киног нь үзэх дуртай олон хүмүүс байдаг гэдэгт итгэлтэй байна. Драмын жүжигчин хошин урлаг руу хөл тавьлаа, дэлгэцэндээ мөнхрөх олон сайхан дүр бүтээхгүй байна хэмээн нэгэн хэсэг жүжигчин Бат-Өлзийг үзэгч олон шүүмжилж байсан ч “Өнгөт инээд” хамтлагаа “Шинэ өнгө” продакшн болгон улам ихийг хийхээр ханцуй шамлан яваад нь харин ч баяр хүргэдэг гэнэ. Дээд сургуулийн хуваарьгүй үлдэж эр цэргийн албаа нэр төртэй хааж , жүжигчин болон гараагаа эхэлсэн ч найруулагч хэмээх алдарыг хүртэх нилээд хэдэн бүтээл хийсэн билээ. Түүний гэр бүл тэр аяараа урлагынхан гэж олон мэдэх байх. Эхнэр МУГЖ Сарантуяа, хүү нь гээд өглөө гараад орой “хальт” нэг уулздаг гэр бүлийнхэн. Ингээд уншигч таныг жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийтэй уулзуулья
-Уучлаарай, Таныг жүжгийн бэлтгэлтэй, зав муутай байхад чинь уулзахаар хүрээд ирлээ…
-Зүгээр ээ, хэдэн минут завсарлаж байх хооронд хоёулаа таван үг солиод авъя. Ах нь зохиолч Х.Наранжаргалын зохиол “Харамсалтай нь хайртай” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулахаар найруулж байна. Энэ жүжгээр хосуудын хайр сэтгэл, гэр бүлийн амьдрал, зөрчил тэмцлийг харуулахыг зорьсон юм. 20 гаруй жил хамт амьдарсан хоёр хайр сэтгэлээ тордолгүй ар гэр, аж амьдралаа хайхралгүй ажил гэж явсаар эмгэнэлтэй, инээдэмтэй байдалд орсноо гэнэт мэдэж, хүү нь найз бүсгүйгээ гэртээ дагуулж ирснээр зөрчил улам хурцдан, үл ойлгогдох байдал үүсч, эцэст нь энэ бүхний ойлгон, эвлэрч жаргалтайгаар амьдралаа үргэлжлүүлж байгаа тухай өгүүлсэн бүтээл байгаа юм. Энэ бүтээл 2006 онд Америкийн Чикаго хотод болсон олон улсын жүжгийн эмэгтэй зохиолчдын нээлттэй форумд англи хэл дээр орчуулагдаж, тавигдсан юм билээ.
-Та нэлээн олон кино найруулж, дэлгэцийн бүтээл болгосон байх аа?
-Тийм ээ. “Зүрхэнд шивнэсэн үг”, “Чиний эзгүйд”, “Уулын Төмөр”, “Хайрыг хайрла” киног найруулсан. Олон жил театрт ажиллаж, олон найруулагчтай хамтарч ажиллаж байсны хүчинд Бат-Өлзийгийн гэх бүтээлүүдтэй болж чадсандаа баярладаг юм. -“Уулын Төмөр” кино үзэгчдийн сонирхлыг их татсан. Зохиолыг нь Д.Норов гуай бичсэн санагдах юм? -Тийм ээ. Норов гуай Хөвсгөл нутгийн тайгад амьдарч байсан Төмөр гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэж, зохиолоо бичсэн юм билээ. Энэ хүн залуу насандаа алдаж, онож, хэлмэгдлийн гайгаар олны хөлөөс дайжин, тайгад олон жил амьдарсан гэдэг. Киногоо найруулахын тулд Төмөр гэдэг хүнийг судлахаар Хөвсгөл аймгийг зорьж, таньж мэдэх хүмүүстэй нь уулзаж, амьдралынх нь түүхийг хүртэл яриулж байлаа.
-“Зүрхэнд шивнэсэн үг” кино таны найруулсан анхны бүтээл үү?
-Тийм ээ. Зохиолыг мөн л Норов гуай бичсэн. Миний дотоод сэтгэл, бодлыг мэдсэн юм шиг хөндөж бичсэн байсан шүү. Би энэ хүнтэй гар, сэтгэл нийлж ажиллах тун дуртай. Зохиолынхоо дүрүүдийг хүний сэтгэлд хүргэхээр гаргаж өгсөн байдаг юм. Сайн бүтээл төрүүлэхэд зохиолчийн санаа, дүр их нөлөөлдөг юм шүү дээ.
-Өнгөрсөн жилийн 2012 оны Олон улсын театрын баярын өдрөөр “Гэгээн Муза”-гийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хань тань “Эдип хаан” жүжгийн Иокосота хатны дүрээр хүртсэн. Таны сэтгэл тэр өдөр их догдолсон байх аа…
-Тэгэлгүй яах вэ. Баярлаж, догдолсон гэж жигтэйхэн. “Гэгээн Муза” наадмыг эхнэр маань найзуудтайгаа анх санаачилж, зохион байгуулж байсан. Ханийнхаа санааг дэмжиж, хажууд нь тус дэм болж, зургаан жилийн нүүр үзлээ. Өдгөө энэ наадмыг олон хүн сэтгэл догдлон, хүсэн хүлээж үздэг болсон байна.
-Яруу найрагч Ш.Гүрбазар шагнал хүртсэн уран бүтээлчдэд зориулж, шүлэг тэрлэснээ тайзан дээр уншсан. Эхнэрт тань зориулж гоё шүлэг бичсэн. Тэр үед юу бодож суув даа?
-Ш.Гүрбазарын шүлгийг сонсчихоод эхнэрээрээ их бахархсан шүү. Яг тэр үед би наадмын үйл ажиллагааг камераар бичээд зогсч байлаа.
-Нэг гэрийн хоёр уран бүтээлч байх санаа бодол нийлж, ойлголцоход хүртэл амар байдаг биз?
-Гэр бүлийн хоёр уран бүтээлч байх сайхан. Хийж буй ажил, ярианы сэдэв ч ойролцоо, бие биеэ ойлгоход нэг бодлын амар. Нөхөр нь уран бүтээлч, эхнэр өөр мэргэжилтэй байсан бол тэр бүр ойлгоод байхгүй шүү дээ. Бодоод байхад их азтай хүмүүс нэг нэгнээ олж, харж гэрлэдэг байх.
-Танай хүү тань “Boom town” хамтлагийн дуучин байх аа. Мэргэжлийг чинь өвлөхөөр суралцаж байгаа гэл үү?
-Тийм ээ. Манай хүүхдүүд багаасаа театрын тайзан дээр өссөн. Уран бүтээлийн тоглолттой үед тайзны ард л бужигнаж өнждөг байлаа. Одоо хүү маань уран бүтээлээ туурвихын хажуугаар СУИС-д суралцаж байгаа. Ирээдүйд драмын театрын жүжигчин болох сонирхолтой. Удахгүй “Тэнгис” кино театрт нээлтээ хийх “Сүүлчийн бүжиг” киноны гол дүрд тоглосон. Хоёр жилийн өмнө хүүгээ “Хайрыг хайрла” кинонд тоглуулж, жүжигчин болж чадах нь уу гэж сорьж үзсэн. Хүний үг сайн авч, хийх гэж байгаа зүйлээ олон хэлүүлэлгүй ойлгож байгаагаас нь харахад гайгүй жүжигчин болмоор юм шиг санагдсан. Гэхдээ би тэг, ингэ гээд юм болгонд нь оролцоод байдаггүй. Өөрөөр нь аль болох бие даалгаж, багш нарынх нь зааж, сургаснаар явуулахыг боддог.
-Та анх Сарантуяа эгчтэй яаж танилцаж, гэр бүл болж байв?
-Намайг цэргийн алба хааж байхад “Говь Хянганд тулалдсан нь” кино дэлгэцээр гарлаа. Удалгүй хэд хоногийн дараа сонин дээр Борхүү сувилагчийн дүрд тоглосон оюутан Сарантуяагийн тухай бичсэн байхыг олж уншаад, зургийг нь хайчилж аваад ханан дээр наачихсан. Үе тэнгийн, нэг оны цэргүүд нөгөө зургийг хараад “Энэ юун бүсгүй вэ” гээд асуухаар нь “Аан, энэ бүсгүй юу, миний эхнэр болох гэж байгаа юм” гээд хариулдаг байсан. Би чинь хэлсэн үгэндээ хүрч, эхнэрээ болгож чадсан хоншоортой эр хүн байхгүй юу. (Инээв)
-Та хаана цэргийн алба хаасан бэ?
-Би 10 дугаар ангиа дүүргэх жилээ кино драмын ангид шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгсэн аав маань надад “Чи нэгэнт тэнцээгүй юм чинь амьдрал эхлээд үз. Амьдрал үзэж байж жүжигчин болдог юм шүү дээ” гээд цэргийн албанд мордуулж байлаа. Би бүр хязгаарын ангид, Өмнөговь аймгийн хил хамгаалах заставт алба хааж байсан. Одоогийн Оюутолгойн ойролцоох газрыг гурван жил манасан цэрэг дээ.
-Гурван жил цэргийн алба хаахдаа олон нөхөдтэй болсон биз дээ…
-Аавын хөвгүүдтэй нэг тогооноос хоол идэж, инээж, хөгжилдөж явсны хувьд сайхан нөхөдтэй болсон. Эр хүний нөхөрлөл ямар байдгийг цэргийн алба хааж байх хугацаандаа мэдэрсэн. Халуунд халж, хүйтэнд хөрч явахдаа амьдралд хатуужил тэвчээртэй байх сэтгэлийн хатыг тэндээс л суралцсан даа.
-Жүжигчин болоход аавын тань нөлөө их байв уу?
-Аавыг минь Монгол Улсын гавьяат жүжигчин Осор гэхээр танихгүй хүн Монголд байхгүй дээ. Драмын театрт, дараа нь “Монгол кино” үйлдвэрийн жүжигчнээр олон жил ажилласан. Аав маань урлагийн хүн болохоор ч тэрүү, бид багаасаа урлагт дуртай, элэгтэй өссөн. Манай ах, эгч бүгд урлагийн хүмүүс.
-Сэтгэлд чинь аав тань юугаараа илүү хоногшиж үлдсэн бэ?
-Аавын минь зөөлөн нинжин сэтгэл одоо ч надад үгүйлэгддэг юм. Хүүхэд байхдаа болчимгүй зүйл хийчихээд, ганц хоёр удаа алгадуулж байсан маань санаанаас ер мартагддаггүй. Аавын хүртээсэн алганы амт одоо эргээд бодож байхад надад ухаарал хайрласан шагнал байжээ.
-Таны өөдрөг, сайхан яваа чинь ханийн тань тус дэмтэй ихээхэн холбоотой биз…
-Би өөдрөг яваагаа ханьгүйгээр төсөөлж чаддаггүй. Олон жил ханилсан бидний дунд хэрүүл, маргаан байдаггүй юм. Өдий хүртэл хамт амьдрахдаа ханьдаа сэтгэл дундуур байж үзээгүй.
-Саяхан Сараа эгч зурагтаар “Залуу байхдаа үр хүүхдүүдээ өсгөөд, ажлаа ч хийгээд завгүй гүйдэг байлаа.Одоо тэр үеэ эргээд санахад их зоригтой байж дээ ” гэж ярьж байсан…
-Үнэн. Эхнэр маань хоёр ихэр хүүхдээ төрүүлчихээд , 72 хоног амраад ажилдаа орж байсан. Тэр үед гурван жаахан хүүхдээ гэртээ үлдээгээд ажил руугаа явдаг байлаа. Аль нэг нь завтай үедээ ажлаасаа гүйж ирээд хүүхдүүдээ хооллож, ундалдаг байсан. Драмын театр манайхтай ойрхон болохоор эхнэрийг маань завгүй үед уран бүтээлч найзууд нь манайхаар ирж, гурван хүүхдийг минь харж ханддаг байсанд одоо ч баярлаж явдаг.
-Бүтээсэн дүрүүдээс алинд нь хайртай вэ?
-“Амьдралын нахиа” кинонд тоглосон Цолмонгийн дүрд хайртай. Эхнэр маань гэр бүлдээ хайртай, хайр сэтгэлдээ үнэнч, ухаалаг, тэвчээртэй эмэгтэйн дүрийг гайхалтай гаргаж чадсан.
-Хааяа нэг ажлын ачааллаас болоод ханьдаа хатуу, ширүүн үг хэлчихсэн удаа байдаг уу?
-Хань маань намайг та гэж хүндэлдэг. Хичнээн уур хүрч, бухимдаж байлаа ч муу үг чулуудаж, ханиа гомдоож байгаагүй.
-Ямар зан, чанар нь танд таалагддаг вэ?
-Хань маань хүнд хэлэх гэсэн үгээ шударга хэлчихдэг түс тас зантай. Нэг ажил эхэлсэн бол ард нь заавал гарч, үр дүнг нь үздэг шаргуу чанараар нь их бахархдаг. Би өөрөө ийм биш л дээ. Надад хийж, бүтээж чаддаг дайчин чанар нь үлгэр дууриал болдог юм. Ядарсан амьтан гэрийнхээ босгоор алхаад, эхнэрийнхээ хийсэн хоолноос нэг аягыг идэхэд тэр өдрийн алжаал ядаргаа тайлагдах шиг л болдог. Бүр долоо хоног амралтад яваад ирсэн юм шиг санагддаг гээч. Хааяа нэг сэтгэлээр унасан үед ханийн минь сэтгэлийн дэм хайрласан үг өөдрөг бодол төрүүлдэг.
-Хайрыг бие биедээ итгэж, хүндэлдэг сэтгэл илүү бэхжүүлдэг юм шигээ…
-Тийм шүү. Жинхэнэ хайр бөхөхгүйгээр насан туршдаа үргэлжилдэг. Итгэл, хүндлэлийг холбодог нандин зүйл бол хайр. Итгэл хүнд амьдрах хүсэл төрүүлж, аз жаргалтай болгож чаддаг. Амьдралын гол утга учир нэг нэгнээ хайрлаж, хүндлэх сэтгэл дээр тогтдог байх шүү. Тэгэхээр залуус нандин, ариун бүхнээ сэв суулгаж, цөвтүүлэхгүйгээр хайрлаж, хамгаалж амьдрах хэрэгтэй. Эхнэр хүн эр нөхрөө, эр нөхөр эхнэрээ хүндэлдэг эртнээс уламжилж ирсэн сайхан ёс заншлыг мартаж болохгүй. Сүүлийн үед гэр бүл салалт их байгаа нь уламжлалт ёс алдагдсантай холбоотой болов уу гэж боддог.
-Амьдралын тань хамгийн сайхан дурсгалтай мөч…
-Миний амьдралд дурсамж болж үлдсэн олон зүйл бий. Ардын армид алба хаасан цэргийн гурван жилийн амьдрал, Хүүхэд залуучуудын театрынхаа алтан үеийн жүжигчидтэй хамт ажиллаж байсан залуу насныхаа эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн явсан мөчөө эргэж дурсах дуртай. Жаран жил оршин тогтносон энэ сайхан театр одоо үндсээрээ устаж, үгүй болсонд их харамсдаг. Энэ театр чинь хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж, хөгжиж дэвшихэд нь ахих шат, гүүр нь болж байсан соёлын газар байлаа шүү дээ.