Өмнөговь аймагт, тэнгэр баганадан сүндэрлэх энэ ангалыг Ёлын ам хэмээдэг. Домогт өгүүлсэнээр, энэ нутгийн эгэл ардын хүүхдүүд хооровдоо хайр сэтгэлтэй болцгооход хамт амьдрахыг эцэг эх нь хоригложээ. Учир нь охиныг ноёны хүү хүчээр авахаар шийдэн хайртай залууг нь хуурч “Ёлын баас” авахаар дагуулан явцгаажээ.
Уг баас олон зүйлд сайн, тэр дундаа ямар ч өвчнийг анагаадаг аж. Ёлын аманд очоод 60-аад алд олс бэлдэн нөгөө ядуу хүүг хадан ангал дахь Ёл шувууны үүрэнд оруулсан байна. Үүр зассан хадны ирмэг дээр хүрэхэд нь олсоо тасдаж хаяад явцгаасан аж. Ядуу хүү тэр хадны дунд зоогдон хаашаа ч зайлах газаргүй болон махчин шувууны идэш болжээ.
Ноёны хүүд богтлогдсон охин тэр шөнөдөө оргож алга болов. Хавар цас хайлахад Ёлын хадруу очдог хөтлийн цас хамгийн сүүлд хайлж, цасан доороос Ёлын хадруу сарвайсан охины араг яс гарснаар тэр хөтлийг Хайрт хоёрын хөтөл гэж нэрлэх болжээ.
Н.Оюундалай
Эх сурвалж: “Нийгмийн толь”