Хуй салхи хуйсран, сэвэлзэж бороо шаагих шиг хүмүүний амьдрал төрөхөөс төгсөх хүртлээ түмэн чавхдаст хөгжмийн аялгуу мэт. Ширүүн борооны дараа тэнгэрийн амьтас үүлэн мэт биеэ эвхэн нүүн одоход, гал улаан Наран туяа татуулахтай зэрэгцэн долоон өнгөөр нумарсан солонго татах юутай сайхан. Энэ сайхан мөн л хүмүүний амьдралын төрөхөөс төгсөх хүртэлх түмэн үзэгдлийн нэгэн чавхдас.
Турьхан бүсгүйн гар ятгын чавхдаст өөрийгөө шингээн, сэтгэл доторх бодлоо шилгээн аялгуулан хөгжимдөнө. Түүний тоглох хөгжмийн яруухан эгшиг бодлоос бодолд шилэрсээр солонгон гүүр мэт Америк, Монгол хоёр гүрнийг холбон, өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлхэх нь хүний оюун бодол, хөгжмийн гайхамшигт аялгуу, ятгын яруухан эгшиг хязгааргүй орон зайг өөрсдийн дураар эзэгнэхийг гэрчлэх мэт.
Энэ хязгааргүйг эзэмшигч бүсгүйг Дашнямын Нарантуяа гэдэг. Ятга тоглох нь түүний амьдралын нэг хэсэг. Улаанбаатар хотод төрж, 8 дугаар бага сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Москва хотноо Театр урлагийн дээд сургууль, ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн Ухааны Академи дүүргэсэн. УАДБЧ-д хөгжимчин, МҮЭ-ийн Соёлын төв ордонд багш, Архангай аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгч, Соёлын яамны дэргэдэх Намын хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын ТХ-ны зааварлагч, Соёлын яаманд уран бүтээл эрхэлсэн орлогч сайд, Хөгжмийн багшийн коллежид захирал, Хөгжмийн бүжгийн коллежид багш, 1999 оноос АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Энэ бол албан ёсны товч намтар нь. Алба, амины намтараа тэрээр “Амин туульс” номдоо дэлгэсэн. Түүний бичсэн ном урьд өмнө нь манайдаа гарч байгаагүй хувь хүний дурдатгалыг туульсын хэлбэрээр бичсэнээрээ онцлогоос онцлог, маш сонирхолтой, нэг эхлүүлсэн хүн тавилгүйгээр уншаад дуусгах ном болжээ. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай хянан тохиолдуулахдаа “ Талархлын өчил, Миний тавилан” гэгдэж байсан номын нь нэрийг өөрчилж “Амин туульс” болгосон нь “зохисон хувцасаа өмссөн дэгжин бүсгүй” мэт үнэхээр оножээ.
“Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол” гэж яруу найрагч Х.Тэргэлийн шүлэглэсэн шиг Нарантуяа эгчийн хувьд нас бол зүгээр л тоо. Өрөвдмөөр, бахархмаар, бодмоор, болгоомжилмоор амьдралын сорилтод ятгын тасраагүй чавхдас, амьдралын хатуу ширүүн бүхнийг сөрөөд гарнаа гэсэн итгэл зүтгэл зөвхөн энэ хүний өөрийнх нь намтар. Бид бол түүний амьдралыг уншигчид. Гоёчилсонгүй, нэрэлхсэнгүй, байгаагаа байснаар нь л илчилж. Бүсгүй тавилан гэж … шүүрс алдаж, дутуугаа гүйцээж, дундыгаа дүүргэх гэж явсан бүсгүй заяа. Би нүдээ анилаа. Ятгын дуу тэртээ алсаас долгилсоор, бариад авмаар ойрхон эгшиглэнэ. Туурвисан ном, өөртэй нь хүүрнэлдсэн, найзуудынх нь ярианаас би түүний “дотор хүн”- ийг тэмтэрч үзэв. Надад ятгын чавхдас мэт түүний дотоод ертөнц тэмтрэгдээд ирлээ.
Яагаад нутгаасаа “шилрэх” болов. Дарга, сайд хийгээд давгүй байсан биш билүү? Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж?
1990 оноос хойш хүмүүсийн амьдрал сайнаар ч, саараар ч урваж хөрвөсөн дөө. Хүүгээ хөтлөөд хөгжмөө бариад, даяаршиж буй дэлхийн өөр нэг соёл иргэншилд хөл тавьж, амьдрахаар зориг шулуудаж алсын Америкт хөл тавьсандаа. Юу эсийг хийхэв. Шал зүлгэв, юм оёв, настаныг асрав. Сурсан юм гэвэл далай л гэсэн үг. Хэлгүй бол хөлгүй, хэл сурах гэж их ажлын хажуугаар нүдээ чилээн, биеэ ядраан байж наанатай цаанатай болсон. Машин тэрэг барихаас өгсүүлээд амьдрал аяндаа их зүйл сурахыг шаардсан. Би ганцаараа зовлон, бэрхшээл туучиж яваа бишдээ. Хүн болгон л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.
Америкчуудаас юугийн нь авч, юугийн нь гээх вэ? Дэнслээд үзий байз. Нутагтаа очихоор энэ асуултыг хүн бүр асуух биз?
Америкчууд төрөхөөс, төгсөх хүртлээ хуулиа сахидаг. Энэ л их чухал юм даа. Эрх чөлөөний орон гэдэг ч бүх л зүйл хуулийн дагуу. Хэн байх нь хамаагүй. Бүх хүмүүст боломжийг тэгш олгодог. Хамгийн товчоор ингэж л тодорхойлъё. Харин үр хүүхэд нь эцэг, эхээ нас дээр гарахын цагт зөвхөн мөнгөнд нь даатгадаг чанар ч гэх юм уу эсвэл Америк соёл иргэншлийн нэг талтай миний үзэл бодол эвлэрдэггүй. Монголчууд минь харин энэ тал дээр бүлээн, дулаан ард түмэндээ.
Сайхан амьдарахад юу чухал юм бэ?
Хань ижлээ зөв сонгох л хамгийн чухал эрдэнэ юм даа. Бүсгүй хүнийг хайрлаж яваарай эрчүүд минь. Бид чинь эмзэг, нялх, эрэлхэг, эр нөхөр, гэр бүлийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй энэ дэлхийн үзэсгэлэнт баатрууд юм шүү дээ.
Үрийн тэнгэр үнэрхэх агшинд
Үүлийг сөхөөд наран гийсэн юм
Өчүүхэн үр минь наддаа ирээд
Өрцний чанадад хайр бэлэглэсэн юм
Эхийн жаргал наддаа эдлүүлсэн
Эрдэнийн хэлтэрхий алаг үр минь
Зүүдийг жаргааж үнэнийг бэлэгдээд
Зүрхэнд минь ургасан энхрий үр минь гэж элэг дэвтээж, гараасаа хөтлөх нэг хүүтэй ч ганцаас газар дүүрдэг гэж. Одоо би чинь баян болсон. Хүүтэй, бэртэй, хоёр ачтай. Миний хувьд хүн л юм хойно олон хүмүүстэй харьцаж, алдаж, онохыг алийг тэр гэхэв. Алдсан алдаан дээрээ дахиж хальтрахгүйгээр өндийсөн. Эцсийн дүндээ хүн гэдэг амьтан насан туршдаа суралцаж, хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн болж, хүн хүнээ уучилж, мууг мартаж, сайн луу тэмүүлж, сэтгэлээ цайлгаж явбал амьд явсны утга учир. Уучлал, энэрэл, зөв сэтгэл гэдэг сайхнаас сайхны эхлэл юм даг уу даа.
Хүний хүсэл, зорилгод хязгаар байх биш дээ. Бодсон санаснаа бүгдийг эс ч боломжийнхоо хэрээр гүйцэлдүүллээ. Нөгөө намаасаа гарчихлаа, ноосоо тушаачихлаа, ажил ч жигдэрч байна даа гэдэг шиг үр хүүхэд минь ч өсч өндийж хүний гар харахааргүй болж, нутаг буцах онгоцны тийзээч авчихлаа. Унасан газар, угаасан усандаа хөл жийн амар жимэр амьдарч, нар, сар, хөх тэнгэртээ залбирч, сүүн цацлаа өргөж суух шиг сайхан юм хаана байхав. Гэхдээ л илжиг модон хударгандаа гэгчээр, зүгээр сууж чадахгүй байхдаа, хүн намайг тоогоод тэгээч ингээч гэвэл хөгжмөө тэврээд, алтан үеийн багш нарынхаа өвлүүлсэн дээр өөрийн сурсанаа нэмээд урлагийн шинэ үеийнхэндээ хичээл заагаад гүйгээд байна даа. Хүүхдүүд минь хөл хөсөр, гар газар амарч суу л гэх юм… Анх Америкт хөл тавихад мэдэхгүй, чадахгүйн бэрхшээл угтаж байсан. Одоо тэгвэл 14 жилийн дараа нутгаа зорих гэж байна. Мэдээж сайхан байлгүй л яахав. Сайхны хажуугаар саар юм таарах л байх. Бэрхшээлгүй юм гэж хаа байхав дээ. Бас хүний газар, гүний хошуунд танилцаж дотносон, ижил дасал, ах дүү, амраг садан шиг болсон нөхдөө санана үгүйлнэ, тэд ч намайг гэнэ дээ. Эргэж уулзахын баяртай ерөөл тавьж, бүгдэд нь эрүүл энх, эрч хүчийг хүснэ.
Амьдрал урд минь зурайж байна. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна даа.
Түүний “дотор хүн”-ийг ийнхүү би тэмтрэн чагнаваа, буруу тэмтрээгүй гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна.
“Үлэмжийн чанар төгөлдөр” , “Бүсгүй заяа” тай “Цээ вангийн хошууны Цэцэн залангийн охин, Арван найман настай, Алиа Сэндэр” нэртэй “Хөх торгон дээл”-тэй “Гоолингоо” нь “Буурал мориныхоо бундаан дээр” төвхөн агаад жишүү сууж “Гандангийнхаа үүдээр галигуулж”, “Судгийн ногоо”-г сугсалзуулж “Баян монголынхоо хонь ямаан сүргээ гүүргийлж” , “Буурал аавын нутгаар бууж мордож”, “Бүсгүй хүний хоолой нь хөө, Бүүвэйн дууны уянгатай” билээ гэж цангинуулан , “Арилгасан сонгино шиг, Арван цагаан хуруугаараа аялгуут”, “Яруухан дуутай ятга”-ын эгшгээрээ “Дуулим хорвоог уяртал” чавхдас юугаа амилуулан таслаагүй ятгач, төрийн түшээ, түмний нэг, хүүгийн ээж, монголын үзэсгэлэнт сарангоо танд зөвхөн сайхныг хүсье!
Ялдам зант, ятгач бүсгүй минь Сайн яваарай. Та минь Эргээд очих эх оронтой хүн дээ.
Баяртай Америк! Сайн байна уу? Монгол эх нутаг минь гэсээр тэнгэрийн мөнгөн хөлөг хөлөглөн, солонго татсан огторгуйн жимээр нарыг инээлгэн Дүүлэн нис.
Чикаго хот. 2013 оны 4 дүгээр сарын 15.
Сэтгүүлч Д.Уранзул