М.Дэлгэрхүү: Усан сэлэлтийн тамирчин хөрвөх чадвартай болдог

Усан сэлэлтийн өврөөр даллах төрөлд дэд мастер цолтой Мягмарын Дэлгэрхүүтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Хангарьд” клубын тамирчин юм.

-Усан спорт чиний хүсэл байв уу эсвэл эцэг, эхийн чинь биелүүлээгүй мөрөөдлийнх нь хэсэг байв уу?
-Эхлээд ээжийн дэмжлэгээр энэ спортод хөл тавьсан ч сүүлд өөрийн мөрөөдлөө болгосон. Манай ах, эгч нар энэ спортоор хичээллэдэг. Гэхдээ над шиг байнгын бэлтгэл хийж тэмцээн, уралдаанд оролцдоггүй, зүгээр сонирхогчид. Хэдийгээр долоон настайдаа усан бассейнд сэлж үзсэн ч түүнээс хойш хааяа л хичээллэдэг байсан. Харин гурван жилийн өмнөөс бэлтгэл хийж жинхэнэ тамирчны замнал руу орсон. Нэг удаа усан спорт сонирхогчдын дунд “Би сэлж сурсан” тэмцээн болж би 50 м-ын зайд түрүүлсэн. Тэгтэл Алтантуяа багш намайг дуудаад, “Чи энэ спортоор хичээллэ. Бэлтгэл хий. Би зааж өгье” гэсэн. Ингэж энэ спортын төлөө өдөр бүр хичээллэх болсон. Гурван жилийн хугацаанд “Энгүй тал”, Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Азийн хүүхдийн Бүх спортын наадам, Улан-Үдэ хотод болсон өсвөрийн усан сэлэлтийн тэмцээнд оролцож, Сингапур улсын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж амжилтаа ахиулсан. 30 гаруй медальтай.
-Сингапурын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхэд хэр байв?
-Манай улсад энэ спорт сүүлд хөгжсөн болоод ч тэр үү зарим зүйлээрээ дутагдалтай байсан. Сингапурын тамирчдын бэлтгэл, ачаалал даах чадвар, техник нь өөр юм билээ. Тэдэнтэй хамтарч бэлтгэл хийх явцад олон зүйл сурсан. Ер нь энэ спортыг төгс эзэмшие гэвэл техникийг нь сайн сурах хэрэгтэй. Сингапурын тамирчид техниктээ их сайн. Бид сайн хүнтэй өрсөлдөж байж ур чадвараа дээшлүүлж хувийн амжилтаа ахиулж чадна. Иймд олон орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх нь илүү үр дүнтэй байдаг.
-Тамирчин хүн тэмцээн, уралдаанд оролцох тусам сайжирдаг. Ер нь монголд жилд ойролцоогоор хэдэн удаа тэмцээн болдог вэ?
-Дөрвөөс таван удаа. Анх “Усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах” тэмцээн болоход цөөн үзэгчтэй байсан бол одоо их болсон. Олон хүний өмнө уралдах сайхан байдаг. Тэр чинээгээрээ хичээдэг. Тэмцээн ч өрсөлдөөнтэй болдог. Энэ спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа болохоор сонирхогчид ихэссэн. Манай багш нарын үед “Улсын аваргад оролцчих юмсан гэж” хичээдэг байсан бол бидний үе “Азийн аваргаас медаль авчих юмсан” гэж тэмүүлж байна. Харин бидний дүү нар “Олимпод оролцох” тухай ярьж байна. Энэ спорт манай улсад хожуу хөгжсөн ч тамирчдын бэлтгэл, сургуулилтаас бүх зүйл шалтгаална. Ер нь манай “Хангарьд” клуб бүх зүйлийн анхдагч нь гэж хэлж болно. Анхны усан бассейн манай клубт нээгдэж байсан. Усан спортын анхны эмэгтэй мастер, ОУХ-ний мастерууд манай клубээс төрөн гарсан. Түүгээр нь бид бахархдаг. Ингээд бодохоор манай эрдэнэтийн тамирчдад асар их боломж бий.
-Усан сэлэлтээр хичээллэхэд биеийн онцлог хамаарах уу?
-Урт мөч, урт цээжтэй байвал илүү тохиромжтой гэж ярьдаг ч хүсвэл хэн ч амжилт гаргаж болно. Азийнхан намхан биетэй, мөч богинотой хэрнээ Европын урт чацтай тамирчидтай эн зэрэгцдэг. Гарааны нөхцөл ч ижил. Барианд ч зэрэгцээд ордог. Хамгийн гол нь биеийн өндөр, намдаа биш техникээ хэр сайн эзэмшсэн бэ гэдэгт оршдог. Ялангуяа Япончууд усан сэлэлтээрээ мундаг.
-Энэ спортын давуу тал?
-Усан сэлэлт бусад спортын суурь гэж хэлж болно. Усан сэлэлтийн тамирчин хөл бөмбөг ч тоглож чадна. Учир нь энэ спорт хүний бүх булчинг хөгжүүлдэг болохоор хөрвөх чадвартай болдог. Мөн сэлэх явцад хүний таван мэдрэхүй ажилладаг. Гэтэл хөл бөмбөгийн тамирчин усанд сэлж чадахгүй шүү дээ.
-Амжилтыг бардам зан гутаадаг. Даруу байхад бас л тэвчээр шаардана шүү?
-Амжилтын оргилд гарсан ч даруу байх ёстой. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ. Манай дасгалжуулагч багш Дөлгөөн, Алтантуяа нар бидэнд даруу байхыг сургадаг. Биеэ тоож, гаргасан жаахан амжилтандаа бардаад байвал хэн ч биднийг үнэлэхгүй. Тэгээд ч өөртэйгээ өрсөлддөг хүн амжилт гаргадаг. Бидэнд залхуурах, онгирох эрх байхгүй.
-Энэ спортыг ойлгохгүй хүн тааралддаг байх. Тэр үед өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ?
-Тамирчин л биш бол ойлгодоггүй. Тамирчид л бие, биенийхээ зовлонг ойлгож, мэдэрдэг. Бидэнд ямар ч медаль үнэ цэнэтэй байдаг. Медальгүй байсан ч тэмцээнд оролцох гэж хичнээн их хөдөлмөр зарцуулсаныг зөвхөн тамирчид л мэдэрдэг. Хэдийгээр дотны минь сайн найз байсан ч ойлгохгүй байх тохиолдол бий. Заавал усан сэлэлтийн тамирчид бие биенээ ойлгодог гэсэн үг биш. Ер нь өдөр бүр бэлтгэл хийж амжилтын төлөө зүтгэж байгаа хүн бүр харцаараа, биеийн хэлэмжээрээ биесээ ойлгодог.

АНУ-ын тамирчин, Олимпийн аварга Майкл Фелпс, Японы Косуки Китажима, Бразилийн Чейсер Челло түүний шүтээн. Тэдний амжилт түүнийг хурцалдаг. Гэвч Мягмарын Дэлгэрхүү энэ хорвоод цорын ганц. Тэр хэзээ ч давтагдашгүй. Тиймээс өөрийнхөө чадвар, хичээл зүтгэлээр усан замд мөрөө үлдээхээр хичээж байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.