Мөнгөн хонхны дуу шувуудын шулганаа шиг жиргэж оюутан залуусын сэтгэл гэгэлзсэн цаг ирлээ. Энэ зөвхөн төгсөгчдийн эрдмийн баяр. Хөөрсөн сэтгэл хөнгөн гунигтай залуус дассан анд нөхөд, сургууль, багш нараас салан ирээдүйн шинэ босго алхах торгон агшин.
Эрдмийн оргилд өгсөж яваа гэгээн мөрөөдөлт насны тоотой баярыг тоймгүй болгох хандлага сүүлийн үед ихслээ. Бүр арайч дээ гэж халагламаар утгаа алдсан. Цэцэрлэгийн хүүхдүүд ахлах ангидаа орох, сурагчид бага ангиас дунд ангид шилжих, наймдугаар анги төгсөх, цаашлаад анги төгсөх бүрдээ ч төгсөлтийн баярыг хийж байна.
Үүнийг дагаад хөдөө гадаа зугаалах өсвөр насныхан эмх замбараагүй архидах ёс зүй алдах зэрэг сөрөг нөлөөг дагуулсаар. Эцэг, эх гэр орныхондоо эдийн засгийн дарамт үзүүлээд зогсохгүй хүүхэд минь хаана юу хийж яваа бол гэх айдсыг төрүүлэх боллоо.
Үргэлжлэн тэмдэглэх хонхны баяр, анги төгсөлтийн баярт хэтэрхий их мөнгө зарцуулж дээрээс нь багшид өгөх бэлэг бэлдэх дарамт ирдэг. Өнөөдөр маргаашийн хоолоо дийлэхгүй айлын хүүхэд бусдаасаа хоцрон ядуу доройгоо дуудуулан гутрах, хүүхдээ хүний дайнаас хоцроолоо гэх эмзэглэлд эцэг, эх автах элдэв хүндрэл дагана.
Товчхон хэлхэд хэнд ч илүүдсэн мөнгө байдаггүй. Хэрэггүй зүйлд тэр бүү хэл хор уршиг дагуулсан утгагүй зугаа цэнгээнд мөнгө цаг зарцуулахаа болъё, багш нараа. Хаанаасаа хаалга ч нь гэгчээр багш бүхэн үүнээс татгалзаж анги бүртээ ухуулга хийж чадвал энэ илүүдсэн ажлыг зогсоож чадна.
Эдийн засгаар зогсохгүй эндэж осолдох, эрдэнэт бие сэтгэлд эдгэшгүй шарх үлдэх тохиол хонхны баяраар гарч байсан гашуун түүх бий. Хий хоосон тийм ийм тушаал шийдвэр гарлаа гэх ч амьдралд хэрэгждэггүй.
Арагш ухарч байгаа машиныг гаднаас нь зохицуулсан нэгэн яв яв арай болоогүй гэсээр байгаад арын машинтай мөргөлдсөн хойно нь за болсоон гээд хашгирсан бодит онигоо шиг л жил бүр сэрэмжлүүлгийг өгсөөр байтал давтагдсаар байх юм.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр төгсөлтийн баярын дараа олон таагүй мэдээ сэрэмжпүүлгийг ярих нь таарамжгүй. Тиймээс хамгийн ойрын зохицуулагч багш нар минь тунгаан болгооно уу.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, оюутны ширээг орхих хоёрт л баярыг зүй зохистой тэмдэглэвэл болоо юм биш үү. Гэвч оюутны төгсөлтийн баяраар нэг хүн доод тал нь нэг сая төгрөг зарцуулдаг гэнэ.
Энэ юу гэсэн үг вэ. Нөгөө жилдээ нэг удаа зүдрэн байж гаргадаг цагаан сараас хэтэрсэн зардал гаргах болж байна. Эд хөрөнгөөр бус эрдмээрээ гайхуулах цаг юмсан. Залуу нас гэдэг хэнээс ч юу ч гуйхгүй ертөнцийн гоо бүхэн өөрт цогцлон бүрдсэн цорын ганц боломж байдаг.
Боломжтой хэсэг нь үнэтэй торгон дээл болоод даашинз солин өмсөж гангараад үлдсэн нь дутахгүй гэж чирэгдээд баяр ч юм уу бачимдал ч юм уу болдог нь нууц биш. Цэмбийсэн залуу насыг цэвэрхэн л хувцасаар гоёход болоо шүү дээ оюутан залуус аа.
Мөн насандаа дахиад идэж уухгүй юм шиг үнэтэй бүхнийг цуглуулан ууж идээд яахав. Хүний хамгийн үнэт эрдэнэ сэтгэлдээ байдаг. Үерхэн дассан сайхан анд үнэлэхэд багадам ачлалыг түгээсэн багш нараа өөрөөр баярлуулах боломж зөндөө бий залуусаа.
Төгсөлт бол төгсгөл биш төөрмөөр их замын эхлэл юм. Хүүхэд төгсөх гэж байгаа, ядаж байхад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд анги дэвших гэж мөнгө нэхээд гэж хөмсгөө зангидан ярих эцэг эхчүүд олон байна.
Нэмж дуулгахад анги бүрийн дэргэд эцэг эхийн зөвлөл гэж бий. Энэ зөвлөлд орсон боломжтой тансаг хэрэглээтнүүд багшид өгөх бэлэгний үнийг өсгөн дэврэгдэг гэх мэдээлэл ч байна.
А.Байгалмаа
Эх сурвалж: