Азербайжаны хэвлэлүүд Зөвлөлтийн домогт тагнуулч Рихард Зоргегийн хүүгийн талаар бичжээ. Тэрээр орон гэргүй, Баку хотын гудамжинд амьдардаг бөгөөд тэтгэвэр энэ тэр авдаггүй аж. Зоргегийн хүү хэдэн жилийн өмнө байрнаасаа хөөгдсөн байна. Домогт тагнуулчийн хүү өнөөдөр зөвхөн халуун хоол мөрөөдөн гудамжинд амь зогоож байгаа ажээ.
Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге нь эрин зууны хамгийн гарамгай тагнуулчдын нэг юм. Тэрээр 1895 оны аравдугаар сарын 4-нд Бакугийн ойролцоох Сабунчи тосгонд герман инженер Зоргегийн гэр бүлд төржээ. Рихард Зорге Рамзай хэмээх нууц нэрээр “Франкфуртер цайтунг” сонины сурвалжлагч нэрийн дор Японд найман жил Зөвлөлтийн тагнуулчаар ажилласан юм. Зорге 1941 оны аравдугаар сард Японы цагдаад баривчлагдаж, 1943 оны есдүгээр сард дүүжлүүлэх ял сонсчээ. 1944 оны арваннэгдүгээр сарын 7-нд Токиогийн Сугамо шоронд цаазыг гүйцэтгэсэн аж.
Рихард Зорге 1914-1918 онд Германы армид сайн дураар элсч дэлхийн I дайнд оролцож байв. 1924 онд ЗХУ-д буцаж иржээ. Дэлхийн II дайны үед тэрээр нацист Германы ЗХУ-д довтлох төлөвлөгөөг илрүүлж чадсан байна. 1964 онд түүнийг ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнажээ.
ЭХ СУРВАЛЖ:ЗЫЫН МЭДЭЭ