Монголын киноны уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг “Academy awards-2013” наадам гурав дахь жилдээ амжилттай боллоо. УДЭТ-т болсон “Academy awards-2013”-ын Гран при шагналыг “Аравт” кино хүртсэн юм. Уг киноны туслах дүрийг бүтээсэн УДЭТ-ын жужигчин Д.Ганцэцэг “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хуртсэн юм. Шагналаа гардсаных нь дараа туунтэй уулзлаа.
-“Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэнд баяр хүргэе?
–Баярлалаа. Сэтгэл их өндөр байна.
-“Аравт” кино ганцхан эмэгтэй дүртэй. Дүрийнхээ онцлогийн талаар ярихгүй юу?
-Энэхүү кино маань Чингис хааны цэргийн хамгийн бага нэгж болох аравтын тухай өгүүлдэг. “Аравт” киноны шигтгээ болсон ганц эмэгтэйн дүрийг би бүтээсэн. Энэ дүрээрээ монголчуудын уламжлалт анагаах ухааны гайхамшгийг харуулахыг хичээсэн. Тэр үеийн оточ нар эмийн ургамал ашиглан шархадсан хүмүүсийг хэрхэн эдгээдэг байсныг энэ дүрээрээ дамжуулан үзэгчдэдээ хүргэхийг хүссэн.
-Энэ хүслээ 100 хувь биелүүлж чадсан болов уу?
-Үгүй, анх зохиолоо уншихдаа дүрээ сайн гаргахыг зорьсон. Гэхдээ бодож байсан шигээ 100 хувь гаргаж чадаагүй. Ер нь уран бүтээлчдийн хувьд тоглосон киногоо дараа нь үзэхээр заавал ямар нэг алдаа гарч ирдэг. Тэр хэсэгт ингэж тоглодог байж гэж боддог юм. Энэ нь ялангуяа залуу уран бүтээлчдэд том туршлага болжүлддэг. Миний хувьд ч гэсэн энэ дүр их туршлага болсон.
-Түүхэн кинонд анх удаа тоглосон уу. Цаашдаа дахиад түүхэн кинонд тоглох хүсэл бий юу?
-Тийм ээ, энэ миний түүхэн кинонд тоглосон анхны дүр. Цаашдаа санал ирвэл хатны дүрд тоглохыг хүсч байна.
-Шагнал авна гэдэггээ хэр итгэлтэй байсан бэ?
-Олон авьяас, чадвартай жүжигчин энэ төрөлд нэр дэвшиж байсан болохоор өөрийгөө авна гэж ер төсөөлөөгүй.
-Шагнал хүнд урам зориг өгдөг шүү дээ. Тайзнаа шагнал авах мөчид юу бодогдож байв?
-Тийм ээ, энэ шагнал надад урам өгөхийн зэрэгцээ бас өндөр хариуцлага дагуулж ирсэн. Ирэх жилийн наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг заавал авна гэсэн зорилго тавьсан.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ /ӨДРИЙН ШУУДАН/