Оросын Санкт-Петербург хотноо Невагийн олон улсын экологийн VI конгресс боллоо. Тус конгресс “Экологийн соёл-экологийн асуудлыг шийдвэрлэх үндэс” сэдэвтэйгээр зохиогдсон аж. Конгрессийн үеэр Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газрын дарга Геннадий Онищенко “Генийн өөрчлөлттэй хүнсгүйгээр дэлхийн хүн амыг хоол хүнсээр хангах боломжгүй” гэж мэдэгджээ. Өдгөө цагт ногоон эдийн засаг, органик бүтээгдэхүүн үгүй болсон гэнэ. Хэдийгээр хүн төрөлхтөн генийн өөрчлөлттэй хоол хүнс хэрэглэж байгаа ч дэлхий дахинаа нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.
Гэтэл үүнтэй зэрэгцээд генийн өөрчлөлттэй хүнсний судлаач асан, Канадын эрдэмтэн Тьерри Врейн ийм бүтээгдэхүүний аюулын талаар олонд дэлгэжээ. Үүнийг та бүхэнд хүргэж байна.
“Би хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ажилтнаар олон жил ажиллаж байгаад 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Хүрээлэнгийнхээ даалгавраар олон нийтэд хандаж, генийн өөрчлөлттэй үр тариа, хүнсний бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэж мэдэгддэг байлаа. Гэтэл Европ, Орос зэрэг бусад улс оронд явуулсан ихэнх судалгаанд генийн өөрчлөлттэй үр тариа, шар буурцаг зэрэг хүнс лабораторийн оготно, хархнуудад сөргөөр нөлөөлдөг болохыг илрүүлсэн. Би хийж буй ажилдаа дуртай байсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ л техникийн дэвшил, шинжлэх ухааны ололт амжилтын талд зогсдог байснаа хүлээнэ. Харин сүүлийн 10 жилд би өөрийн байр суурийг өөрчилсөн. Тиймээс ч генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд эргэлзэж буй лабораториуд, шинжлэх ухааны сэтгүүлүүдийг ихэд үнэлэх болсон. Биотехнологийн компаниудын мэдэгддэг шиг генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний ургац илүү арвин байдаг, ийм бүтээгдэхүүн пестицид бага хэрэглэдэг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар ч аюулгүй гэдэг нь худлаа.
Ихэнх судалгаа, шинжилгээгээр генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, шар буурцганд харшил үүсгэх хортой уураг маш ихээр агуулагддаг болох нь тогтоогдсон. Олон орны их сургуулиудын дэргэдэх биотехнологийн компаниуд шинжлэх ухааны судалгаа хийсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь генийн өөрчлөлттэй үр тариаг чанартай, хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй гэжээ. Гэвч бид аливаа судалгаануудыг анхааралтай ажиглаж, төрөөс ийм судалгаа явуулахыг дэмжих ёстой. Гэтэл генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш, шар буурцаг аюулгүй гэдгийг батлах урт хугацааны судалгаа нэг ч алга.
Одоо байгаа цөөхөн хэдхэн судалгаанд генийн өөрчлөлттэй хүнсээр хооллосон хархнууд цагаасаа эрт үхэж буйг харуулжээ. Тэр ч бүү хэл амьтад үргүйдэж, дархлаа нь тогтворгүйжиж, эрт хөгширч, инсулин, холестеринийг нь хэвийн хэмжээнд барьдаг генийн үйл ажиллагаа нь алдагдаж, элэг, бөөр, дэлүү, ходоод гэдсэнд нь өөрчлөлт ордог аж.
Ийм хүнсийг 1996 оноос хойш хэдэн тэрбум тавгийг хэрэглэсэн ч нэг ч хүн өвчилж, үхээгүй байна шүү дээ гэх үгийг би олон сонсож байсан. Хайрцаг тамхи татаад хэн ч үхдэггүй. Тамхины хор хөнөөлийг хорт хавдар эхэлтэл огт мэддэггүй. Гэвч энэ бол утаатай тамхитай адилгүй, аюул тарьж буй хооллолтын систем гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс ч цөөн хэдэн компанийн ашиг сонирхол нийгмийн ашиг сонирхолд захирагдах ёстой гэж хэлмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН