Өдөрт бидний тархинд ойролцоогоор 50000 бодол эргэлддэг бөгөөд бид өөртэйгээ ярилцахдаа минутанд 150-300 үгийг ашигладаг гэсэн тоо баримт байна. Хүмүүс өөрсдийн бодол дээрээ хяналт тавьдаггүй болохоор зарим үед хийх ёстой байсан чухал зүйлээсээ хөндийрч, анхаарлаа сарниулах тал байдаг. Энэ бол зөвхөн ухамсрын түвшинд явагдаж байгаа үйл явц. Харин далд ухамсар гэдэг зүйл маш чухал. Бидний хийж буй зүйлүүд бид далд ухамсартаа юу гэж тушаасны үр дүн байдаг. Ойлгомжгүй байвал жишээн дээр тайлбарлая. Усан онгоц жолоодож, хөлгийн багийг зааварчилгаагаар хангаж байгаа усан онгоцны ахмадыг бидний “ухамсар” гэж ойлгож болно. Харин энэ жишээн дээрх хөлгийн баг “далд ухамсар” юм. Усан онгоцны ахмад “Хурдаа нэмээд, баруун хойшоо залаарай…” гэх мэт тушаалыг хөлгийн багт өгч тэд хэлсэн ёсоор нь гүйцэтгэдэг. Үгүй бол усан онгоц хад, чулуу, эсвэл өөр усан онгоцтой мөргөлдөх аюултай. Бидний ухамсар, далд ухамсар 2 бие биетэйгээ салшгүй холбоотой бөгөөд нэг юмны 2 тал гэж ойлгох хэрэгтэй.
Тиймээс бид өөртэйгээ хэрхэн ярилцах, болон өөрсдийгөө бусдад хэрхэн ойлгуулах нь ухамсрын түвшинд явагддаг үйл явц юм. Харин бид энэ янзаараа,
“Би хэзээ ч хүний нэрийг тогтоож чаддаггүй”
“Би удахгүй эхнэрээсээ /нөхрөөсөө/ салах байхдаа”
“Би хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй” гэх мэт сөрөг зүйлийг давтаж хэлээд байвал энэ бүхнийг ухамсар далд ухамсарт тушааж далд ухамсар энэ зааварчилгааг бодит амьдрал дээр биелүүлж эхэлдэг.
Бид энэ хорвоо дэлхий дээр төрөхдөө ямар ч итгэл, үнэмшил, бодол, санаагүй төрдөг. Яг л хоосон сав шиг.
Төрөхөөсөө л бид Би Ардчиллыг дэмжигч, Би Есүс Христэд итгэгч гэж төрдөггүй биз дээ. Харин өсөж том болохынхоо хирээр аав, ээж, ахан дүүс, эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөллөөр өөрсдийнхөө талаар тодорхой ойлголттой болж эхэлдэг. Хүүхэд 6 нас хүрмэгцээ өөрийн гэсэн итгэл үнэмшил, ойлголттой болж эхэлдэг гэж үздэг байна. Бидний өөрсдийнхөө талаар юу гэж бодох, өөрөө өөрийгөө хэр үнэлэхээс бүх зүйл шалтгаалдаг.
Тиймээс ажил, амьдралын аливаа асуудлыг сайжруулж, өнгө оруулахын тулд эхлээд өөртэйгээ ярилцаж, өөрийнхөө талаар эерэг үзэл баримтлалтай болох хэрэгтэй. Та чаднаа. Би ч чадна. Бид бүгдээрээ чадна.
BIZNETWORK