-Хүүхдийг хүчирхийллээс аваръя-
Хүүхэд. Өхөөрдөм хөөрхөн тэд маань энэ орчлонд таныг гэж зорьж ирсэн бурхад.
Ижий, аавдаа аз жаргал тарих гэж ирсэн буянтан. Шар шувууны нүдэнд дэгдээхэй нь тогосны дэгдээхэйнээс хөөрхөн харагддаг гэх үг бий.
Түүнтэй адил ямар ч аав ээжид үр хүүхэд нь бүхнээс өхөөрдөм хөөрхөн, бусдаас онцгой хайр татам энхрий. Хүүхдүүдээ бүхнээс илүү хайрлан энхрийлж, өхөөрдөн өмгөөлөхийн зэрэгцээ шилдэг бүхнийг өвч шингээсэн сайн хүн байгаасай гэж үнэн голоосоо хүсч байдаг нь эцэг эхийн элбэрэлт сэтгэлийн туйлын хүслэн.
Өр зүрхнээсээ хайрлах үр хүүхдүүд нь өвчин эмгэггүй эрүүл, үглүүлж загнуулахгүй мөрөөрөө байвал аав ээжүүд магнай тэнэгэр баяртай, сэтгэлд нь үргэлжийн наран гийгээстэй.
Эх, эцгийгээ магнай тэнэгэр байлгана гэдэг нь тэдэндээ үзүүлж байгаа дээд зэргийн ачлал. Тэгвэл эцэг эх, эмээ өвөө, ах эгчдээ аз жаргал нь болж яваа бяцхан үрсээ бидний зарим нь яаж хайрлаж байна. Зодож бүр заазуурдах болов. Амбаарт хүртэл хорьж байна. Хэлэх ёсгүйг хэлж, үйлдэх учиргүйг үйлдэж байгаа хүүхдээ үглэн дуулан, униж тунин, зандарч загнах нь хэнд ч байдаг, хэзээд байх ёстой хүн ёсны үйлдэл. Гэхдээ уур бухимдлаа өөрийнх нь үргэлжлэл, хайр энхрийллийнх нь эзэн үр хүүхэддээ гаргах нь муу эцэг, муу ээжийн гаргах зан. Бүр зодон занчиж, заазуурдаж, хорьж цагдаж шүү. Үүнийгээ тэд хүмүүжүүлэх арга гэж ойлгож явсан байж магад.
Тэгвэл зодуураар хүмүүжүүлэх нь хойшдоо гэмт хэрэг болно. Хууль зүйн яамнаас боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд хүүхдээ зодож шийтгэвэл эцэг, эх байх эрхээс нь хасахаас эхлээд хорьж цагдахаар болсон тухай таатай мэдээг танд дуулгая.
Бяцхан үрсээ ингэж тарчлаах эцэг, эх олширсон учраас Гэмт хэргийн тухай хуульд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” хэмээх бүлэг анги оруулж буй юм байна. Муу эцэг, муу эхтэй хуулиар тэмцэнэ гэсэн үг. Энэ бүлгийг хуульд оруулах шаардлага байгаа эсэхийг Хууль зүйн яамныхан судалжээ.
Судалгаанд хот, хөдөөгийн зургаан сургууль, зургаан цэцэрлэг болон асран хүмүүжүүлэх дөрвөн байгууллагын 595 хүүхэд оролцсон байна. Тэдний ердөө 12 нь “Ямар нэгэн шийтгэлд орж байгаагүй” гэж хариулсан бол 583 нь ямар нэгэн байдлаар бүсээр ороолгох, өшиглөх, чимхэх, үснээс зулгаахаас эхлээд хэл амаар доромжилсон гэж хариулжээ.
Гэр бүлийн хүчилхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүчирхийлэгчийг насны байдлаар авч үзвэл, ихэнхийг буюу 68 хувийг 18-35 насныхан, 27 хувийг 35-аас дээш насныхан, үлдсэн дөрвөн хувь нь 14-18 насныханд хамаардаг байна. Судалгааны нийт дүнгээр хүүхдүүд бие махбодын шийтгэлээр шийтгүүлэх нь илүү байгаа ч сэтгэл санааны дарамтыг давхар хүлээж байдаг байна. Эцэг, эхийн зодуураас гадна багш нарын хэл амаар доромжлох нь элбэг байдаг тухай багачууд ам уралдан хариулжээ. Энэ нь хүүхдийг гэр бүлийнх нь орчноос гадна сургууль, цэцэрлэгт хэл амаар доромжлох, зодож шийтгэх үзэгдэл элбэг байгааг харуулж байна.
14 настай охин О
-Багш нар хэл амаар их доромжилдог. “Мал юм уу, тархи нь эргэсэн дүнхүү хулгайч. Хар амьсгаанууд, орон гаран байх аа” гэхчилэн элдвээр хэлдэг. Тэр бас эцэг, эхэд худлаа ярьж намайг зодуулах шалтгаан болдог.
Найман настай хүү Р
-Аав архи уухаараа “Миний хүү сайн шүү. Мөнгө авах уу” гээд их эелдэг болчихдог. Харин эрүүлдээ “Хичээлээ хий. Дүүгээ сайн харахад яадаг юм” гээд бүсээр ороолгодог. Аавын зодуур хамгаас хэцүү байна” гэж хариулжээ.
Хууль зүйн яамныхан НҮБ-тай хамтарсан дээрхи судалгааныхаа үр дүнгээс хамаарч Эрүүгийн буюу Гэмт хэргийн хуульдаа хүүхдийг зодож шийтгэхийг заавал тусгах ёстой гэж үзсэн юм. Хуулийн төсөлд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлэгсийн гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулж байгаа бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирлийлэл, албадлагын шинж чанартай гэмт хэргүүдийн ялын бодлогоор чангатгахаар болж. Түүнчлэн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах юм байна. Ингээд бяцхан үрсээ зодож шийтгэсэн балмад, харгис эцэг, эхийн тухай баримтыг түүвэрлэн хүргэе.
Баримт нэг
Тавхан настай Идэрсүрэн хүүг төрсөн эцэг нь зэрлэгээр зодож бүр заазуурдаж амь насыг нь бүрэлгэхийг завдсан хэрэг энэ сард гарсан. Хүүгээ заазуурдсан хэрэг түүний анх удаа хийж байгаа хэрэг биш бөгөөд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаагийн байгууллагад удаа дараа дуудагдаж байж. Хэрэг болсны дараахан ээж нь 102-т яаралтай дуудлага өгч хүүгээ эмнэлэгт хэвтүүлсэн. Хүүгээ эмнэлэгт хэвтүүлээд гэртээ ирэхэд нь Д эрүүлжүүлэхээс гарчихсан гэр бүлийнхнээ дахин дарамталж эхэлсэн гэдэг. Харин хүү одоогоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамгаалалтдаа аваад байгаа юм.
Баримт хоёр
16 настай хүү гурван жилийн турш модон амбаарт хөлдөө гавтай хоригдож байсан нь саяхан илэрлээ. Энэ хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт үйлдэгджээ. Тус сумын багш Д гэгч нь ахыгаа 2009 онд өөд болоход нь түүний хүүг асрамжлан үлдсэн байна. Гэхдээ ахынхаа хүүг маш хэрцгийгээр буюу тамлан зовоодог байсан нь мөрдөлтийн явцад тогтоогджээ. Тодруулбал, иргэний мэдээллийн дагуу прокурор, мөрдөн байцаагч нар газар дээр нь очиход жижигхэн модон амбаарт өрөөсөн хөлийг нь гавласан, толгойн арьс нь язарч зүсэгдсэн, цус нь хатсан, нурууны ар хэсгээр нилэнхүйдээ сорвитой, удаан хугацаагаар хоригдсноос болоод турж эцсэн, бэлтгэлийн дан өмдтэй, багадсан, урд хэсгийг нь тайрч хөлийн хуруугаа гаргасан гуталтай байжээ. Тэр жигнэмэгийн хэмжээтэй дугуй саванд хоол идэж, жижиг шилэнд цай ууж, ундааны хоёр сав болон гялгар уутанд бие засдаг байж. 2009 онд аав нь өөд болсноос хойш хүү тус модон амбаарт хоригдох болсон байна. Одоогоор Хөвсгөл аймгийн цагдаа нар тамлагч Д-д эрүүгийг хэрэг үүсгэн шалгаж байна.
Баримт гурав
2009 оны тавдугаар сард төрсөн охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарч байлаа. Гэмт этгээдийг А гэх бөгөөд 50 настай ажээ. Хэрэг гарах өдөр тэрээр гэртээ халамцуу ирсэн бөгөөд 19 настай охин А нь гэртээ ганцаараа байж. Харин эхнэр болон бусад хүүхдүүд нь эзгүй байсан гэнэ. Ингээд архинд халамцсан эцэг нь төрсөн охиноо хүчирхийлж зүй бусаар дур хүслээ хангасан байна.
Баримт дөрөв
Долоон настай хүүгээ хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн онд мөн л Сонгинохайрхан дүүрэгт гарч байжээ. Хойд эцгийн зодуураас болж хүү ухаангүй хэд хоносон ч сайн эмч нарын буянаар эрүүл саруул болсон юм. Хойд эцэг нь Т түүнийг халаасанд нь байсан 1200 төгрөгийн 300-г нь авсан гэж хардан зодсон гэдэг. Тэрээр үдшийн 22.00 цагаас гурван цагийн турш хүүг зодож тамлахдаа тэлээгээр ороолгож, халуун галаар түлэх, өшиглөх гэх зэргээр тамласан байдаг.
Баримт тав
Ердөө өнгөрсөн долоо хоногт гэхэд балмад эцэг, эхийн үйлдэл дахин давтагдав. Эхнэрийнхээ хөлийг сүхээр цохиж, таван сартай хүүхдээ хадаастай модоор зодож, танхайрсан юм. Энэ хэргийг үйлдсэн эцгийг бусдын биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж амь насанд нь халдахыг завдсан гэх үндэслэлээр буруутган шалгаж байна. Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.
Хун шувуу хэчнээн уурлалаа ч өндгөө няцлахгүй гэдэг. Харин хүн бол бяцхан үрээ зодож шийтгэхээс эхлээд хөнөөх хүртэл араатан сэтгэлтэй байна. Үүнийг хүмүүжлийн арга гээд орхихгүй хуулиар шийтгэхээр болсон нь цаг үеэ оллоо гэж хэлэх хүн олон байна. Аав ээжийн сэтгэлд үр хүүхдээ хайрлах агуу их энэрэл хайр үүрд мөнхөд хадгалаастай байгаасай.
Д.Болормаа
ЭХ СУРВАЛЖ:ЗУУНЫ МЭДЭЭ