Богд хан уулын баруун хормойгоос Зуунмод орох замд тэнгэр ширтэх марал бугыг согоо, янзаганых нь хамт бүтээсэн нэгэн баримал хэн бүхний анхаарлыг татдаг. Тэрхүү хөшөөдийн баруун энгэр буюу төв замын өмнөх нутаг дэвсгэрийг Бяцхан хөндлөн хэмээдэг ажээ. Эгэл нэртэй энэ л уулын ард суварга босч буй нь анхаарал татлаа. Сүүлийн үед суварга босгох нь тийм ч сонин содон зүйл биш болсон хэдий ч нэг газар ийм олон суварга сүндэрлэж буй нь гайхалтай. Миний мэдэхээр сүм хийдийн ойролцоо л суварга бүтээдэг гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг минь ирээдүйд Бяцхан хөндлөнд сүндэрлэх мянган суваргын тухай сонсоод өөрчлөгдсөн юм. Уг газар нутгийн түүхийг эргэн сөхвөл Тарган лам хэмээх нэрээрээ алдаршсан номын их хүмүүн шашин шүтлэгийг хаах үед Өмнөговь аймгаас Бяцхан хөндлөнд ирж шавь нартайгаа нутагшжээ. Тэр цагаас Хэнмэдэхийн зиндаа сүүлдээ Гомбодоржийн зиндаа ч гэж нэрлэгдэх болсон Гандантэгчинлэн хийдийн хажууд байдаг Гунгаа чойлон дацангийн лам хуваргууд энэ нутагт сахиусаа тахидаг байсан гэнэ. Мөн Сүнтийн хувилгаан гэж Сүнт гаралтай хүн энэ нутагт аж төрж байжээ. Тэр хүний хойд дүр Цэрэнпунцаг гэж Манзушир хийдийн хамба лам энэ орон нутгийг ерөөлөөр заяасан сүсэг мөргөлийн орон хэмээн зуун насны босго хүрч байхдаа шавь нартаа айлддаг байж. Тиймээс багшийнхаа хэлсэн ерөөлийн дагуу шавь нар нь эл газар нутгийг монгол түмний сэтгэлийн ариусал, итгэл, сүсэг, залбиралд нийцүүлэн мянган гэрэлт суварга босгохоор зорьж байгаа ажээ. Энэхүү их үйлийн санаачлагч нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Адаацаг багийн уугуул Шавь овогт Д.Батсүрэн гэх лам аж. Түүний аав Дугарсүрэн хүүхэд ахуй наснаасаа шашин номд шадарлаж Дашчойлин хийд буюу Зүүн хүрээний Да ламын албыг хашиж байжээ. Хэдийгээр бурхны шашны мөр хөөж явсан ч Дугарсүрэн гуай эх орны дайнд манай улсаас оролцсон 12 хүний нэг нь гэдэг. Тэрбээр 1941-1945 онд Ленинградын Хүн эмнэлгийн сургуульд сурч Ленинградын 960 хоногийн бүслэлтэд байж, долдугаар дивизийн эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад япон цэрэгт олзлогдон эмч хийж байжээ. Гэвч энх цаг ирэхэд ахин шашин номынхоо мөр хөөж олон шавь нарыг номын эрдэмд шамдуулсан ачлалтай нэгэн байжээ. Ийнхүү аавынхаа их хэргийг гүйцээх зорилгодоо хөтлөгдсөн хүү нь сайн цагийн мянган гэрэлт суварга босгохоор зорьж явна. Ингээд Д. Батсүрэнтэй уулзаж мянган цагаан суварга болон шашин номын талаар яриа өрнүүллээ.
-Сайн цагийн мянган суварга босгох болсон зорилго юу вэ?
-Мянган бурхны тамга, Бурхан багшийн сахиустай мянган бурхад гэж байдаг. Энэ сахиус бурхдыг бид дээдэлж, бурхан багшийн зан үйл, лагшин зарлиг, тааллыг багтаасан Хурх ордныг барих хүсэл минь мянган суварга босгох санаа болсон. Монгол түмний дээдлэн хүндэтгэдэг цөөхөн хэдэн зүйлийн нэг нь суварга юм. Хэдийгээр суварга гэж хэлэгдэж буй ч энэ бол хүн төрөлхтний сэтгэлд орших мянган цагаан ордон юм.
-Сүүлийн үед хаана л бол хаана суварга барих болж. Түүнээс юугаараа ялгаатай вэ?
-Хэн нэгэн хүн аливаа муу үйлийг бодож суварга бүтээдэггүй. Гэхдээ хэдийгээр сэтгэл, сүсгээрээ босгож буй ч тухайн суварга нь чанар муутай эсвэл аль нэг газар өнчин байх нь тийм ч зохистой зүйл биш. Нэгэнт суваргыг бүтээсэн бол түүнийг маш сайн харж хандаж, орчин тойрныг нь цэвэрлэж байх хэрэгтэй.
-Ер нь суварга бүтээхийн учир, шалтгаан нь юу байдаг вэ?
-Манай шарын шашин эрт дээр үеэс үүдэлтэй. Чингис хааны үеэс уг гарвалыг нь зарим хүмүүс тоолдог. Харин энэ шашны үйл хэргийг Автай сайн хаан дэлгэрүүлж, Өндөр гэгээн Занабазар хөгжүүлэх үйл хэрэгт их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Монголын бурхны шашин зан үйл, амьдралын нягт холбоотой нүүдлийн соёл иргэншилтэй. Энэ цаг хугацаанд чамгүй олон суварга бүтээсэн байдаг. Суварга гэдэг бурхны шашинд дээдийн буян гэсэн утгатай л даа. Тайлбарлавал олон утга урган гарч ирдэг. Тухайлбал, Эрдэнэзуугийн суварга, Өндөр гэгээний бүтээсэн суваргууд, Дамбадаржаалин хийдийн сүсэг мөргөлийн суваргууд 1500 оны үед бүтээгдсэн байдаг. Тэгэхээр суварга бидний зан заншил, ёс зүйтэй холбогдохоос гадна өөрөө их буян хурааж байдаг зүйл. Тэр ч утгаараа манайд бодь суварга болтол хөгжсөн.
-Сүүлийн үед бүтээж буй суваргуудаас танай суварган цогцолбор юугаараа ялгаатай вэ?
-Мэдээж хэн нэгэн буяны үйлд зориулж суварга бүтээхдээ чанарыг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Өндөр гэгээний буюу Автай сайн хааны бариулсан Эрдэнэзуу хийдэд хужир, давс гэх мэт нар, салхи, бороо, шороонд тэсвэртэй олон төрлийн бодис хольж байсан байгаа юм. Бид энэ Сайн цагийн мянган бурхны суваргаа түүний адил хужир, давс зэрэг бодисоор хийж байгаа. Тухайлбал, суварганы оройн нар сарыг цутгахдаа Дүнчүүр маанийн зай,/арц хүжийг зай гэдэг/ бумбанд нь лусын зай зэргийг хийсэн. Далай багшийн Ганга мөрний ус, Отгонтэнгэр, Сутайхайрхан, Бурхан халдуны рашаануудаас залсан. Мөн наран ургах зүгээс ариун мод, сүншиг залсан. Энэ мэтчилэн гаднын гэлтгүй өөрийн орны энерги шингэсэн газар бүрээс рашаан, зай залж ирээд байна. Нийт шившлэгтэй арц, рашаан зэрэг 83 төрлийн зүйл орсон. Газарт 30 см суугаад, газраас дээш 3.1 метр өндөртэй суварга босно.
-Цогцолборын суваргуудыг ямар хэлбэрээр босгох вэ?
-Уул өөдөө өгссөн пирамид хэлбэртэй баригдана. 420 ширхэг суварга хашааг тойруулан босгох бол 580 суварга нь алсаас нэгэн том бодь суварга хэлбэрээр харагдах хэлбэртэй зураг төсөл гаргасан.
-Сүсэгтэн олон хандив өргөж өөрсдийн удам угсаа, нутаг хошуугаараа овоглосон суваргатай болж болох уу? -Мэдээж шашин номын шавь бид сүсэгтэн олны сэтгэл, сүсгээр л явж, буян номыг хөгжүүлж байдаг. Тэгэхээр энэ мянган суварга ч сүсэгтэн олны л хөрөнгө. Тиймээс суварга бүхэн өөр өөрийн гэсэн тодорхой эзэнтэй байхаар босч байгаа. Одоо ч гэсэн зарим хүн санал, захиалгаа өгч л байна. Мэдээж суварга босох зам мөрд хэн нэгэн хүнийг цалин хөлстэй ажиллуулах, эд материалаа авах гээд хөрөнгө орно шүү дээ. Энэ нь сүсэгтэн олны дэмээр бүтнэ гэсэн үг.
-Сүсэглэж залбирдаг уулс, газар нутгаас дээж авчирч суваргаа аравнайлахад хийж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
-Бид ариусал, хүч чадал, зөв зам мөрийг сүсэг бишрэлээрээ сэтгэл дотроосоо олж авдаг. Тиймээс тухайн суварга бүтээлгэж буй хүн өөрийн орон нутгийнхаа дээдэлдэг уул, оргилоос чулуу, шороо залж суваргандаа шингээж байгаа. Ер нь мянган суваргатай энэ өлгий нутаг монгол түмний энергийн төв байх үндэс суурийг л бид эхлүүлж байна. Зарим орон нутгийн зөвлөл ч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Хүн суварга бүтээнэ гэж бодох төдийд л асар их буян хурж байдаг гэж үг бий. Тэгэхээр бүтээгээд хийгээд эхлэхээр улам их буян дэлгэрнэ.
-Гаднын хөрөнгө оруулалт байгаа гэх хардлага төрлөө. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Шашны ёсоо дагаж бид ямар нэгэн харь орноос хөрөнгө оруулалт аваагүй. Тийм санал ирсэн ч авахгүй. Учир нь энэ цогцлон босч буй бурхны орон бол монгол түмний сэтгэл шингэсэн мөргөлийн орон байх болно.
-Мянган гэрэлт суваргыг зорьж ирсэн хүмүүсийн засал ном уншуулах сүм, амарч алжаал тайлах байр энэ орчинд барих уу? -Суварганыхаа дэргэд хорин нэгэн Дарь эхийн тоогоор 21 метрийн өргөнтэй, гурван гурав есийн тооны билэгдэл 33 метрийн урттай дөрвөн давхар байшин болон хийдийн шав тавих ёслол ирэх сарын 12 нд болно.
-Та хэдэн наснаасаа бурхны номд шамдсан бэ?
-Би аавтайгаа өссөн. Гэхдээ огт шүлэг цээжилдэггүй хүүхэд байсан юм гэнэ. Гэтэл нэг өдөр Ламаадан гэдэг номыг уншиж байсан гэдэг. Тэгээд аав минь төрсөн гариг төөргийг минь үзээд лам болгохоор зорьсон юм билээ. Сайн цаг дэлгэрнэ гэж намайг гурван настайгаас бурхны ном зааж сургасан. Тэгээд 17 нас хүртлээ аавынхаа нөмөрт бурхны номд шамдсан. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид ч сууж үзээгүй гэж хэлж болно.
-Хийд бүтээхээс гадна өөрөө ямар хийдэд шавилдаг вэ?
-СХД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамцагдоржийн Чойжин хийд буюу Ам тангаргийн орон гэж хийдийг 2009 онд байгуулаад тэргүүн хамбаар нь өнөөг хүртэл ажиллаж байна. Манай хийдэд Энэтхэг, Түвдэд сураад ирсэн лам хуврагууд бий. Мөн сүмийн цагаар шавь, дагалдан хүүхдүүд ч уншлага айлддаг. Дэд хамба маань Түшээт хан аймгийн Мишиг гүний хошууны Чадраавал цоржийн хүү Бямбадолжин гэдэг лам хийдийнхээ хурал ном үйл ажиллагааг авч явдаг. -Мянган суварганы зураг төслийг ямар хүн гаргасан бэ?
-Миний шавь Б.Баасанжав гэж залуу гаргаж өгсөн. Бүх суварга тэг гортигтой. Гурван метр 10 см өндөр- тэй, 80-ыг харьцах 80-ын өргөнтэй бурхан багшийн их бодь суварга байна.
В.Нэргүй