Эмэгтэй үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулагч, зохиолч М.Тогмидтой ярилцлаа.
-Эмэгтэй үндэсний бөхийн холбооны албан ёсны эрхээ хэзээ авсан бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр албан ёсны эрхээ авсан. 1998 онд энэ холбоог байгуулахаар төлөвлөсөн ч ажил болгож чадаагүй. Тиймээс өөрийнхөө санасан бодсоныг хэрэгжүүлэхээр энэ жил сэтгэл шулуудлаа. Би зохиолч хүн. Тиймээс Эмэгтэй үндэсний бөхийн холбоог цааш нь аваад явчихаар хүн хайж байна.
Хүмүүсийн хэл амнаас болоод шантарчихааргүй гавшгай хүнээр холбоогоо удирдуулах бодолтой байгаа. Одооноос эхлээд л ингэж хэл ам дагуулж байгаа юм чинь мэдлэг, чадвар, сэтгэлтэй хүн л холбоог толгойлж чадах байх.
-Эмэгтэй бөхийн тухай гардаг “Хэлтгий заяа” нэртэй кино үзэж байснаас бодитоор эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдана гэж төсөөлж ч байсангүй. Ер нь холбоог байгуулахаар хэдий үеэс судалгаа хийв?
-Бөхийн талаар нэлээд сонирхож судалсан. Тиймээс эртээс Эмэгтэй үндэсний бөхийн холбоо байгуулахаар сонирхох болсон. Ер нь монголын түүхэнд гайхамшигтай чадалтай эмэгтэй бөх олон байсан.
Тухайлбал, 1280 оны үед түүхэнд алдаршсан ганцхан эмэгтэй бөх байсан гэдэг. Хайдав хааны гүнж нэрээр олноо алдаршсан түүнийг амьдарч байх үед дайн байлдаантай байж.
Тиймээс ч тэр гүнж барилдахын зэрэгцээ цэрэг удирдаж дайнд орж гардан тулалдаанд хүртэл хүч чадлаараа илүүрхдэг. Цэргийн бусад дарга нар гүнжийг тулаанд оруулахгүй байхыг хүсдэг байсан гэдэг.
Одоо Хадбаатарын нагац эгч Намжилмаа гээд хүчтэй эмэгтэй байна. Бид мэдэхгүй болохоос манай улсад хүчтэй, бяртай эмэгтэйчүүд олон байгаа. Тэдний бяр чадлыг цуурайтуулж дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдүүлэх цаг ирсэн гэж бодож байна.
-Үндэсний бөхөөр эмэгтэй хүн барилдвал эрийн гурван наадам гэдэг нэр үгүй болно биз дээ?
-Тэр бол тусдаа зүйл шүү дээ. Эмэгтэйчүүд заавал наадамд барилдах албагүй. Эрийн гурван наадам байдгаараа л байна. Түүнээс биш бөхчүүдтэй эмэгтэй хүн барилдаад наадмын үеэр дэвээд гараад ирнэ гэсэн үг биш.
Манай бөхчүүд барилдаж “Гиннес”- ийн номд бүртгүүлсэн. Цаашдаа холбооны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр би ч гэсэн эмэгтэй бөхчүүдээ барилдуулж “Гиннес”-ийн номд бүртгүүлнэ гэж төлөвлөж байна.
-Таныг холбоогоо байгуулснаас хойш хэчнээн хүн бүртгүүлсэн бэ?
-Одоохондоо албан ёсны бүртгэл эхлээгүй байна. Ирэх долоо хоногоос барилдах сонирхолтой эмэгтэйчүүдийг бүртгэж эхэлнэ. Мэдээж залуу болон хөгшин хүнийг бүртгэхгүй. Өвөрмонголд эмэгтэйчүүд барилддаг.
Саяхан нэг өвөрмонгол хүн над уруу утсаар холбогдоод хамтран ажиллах санал тавьсан. Тэгээд барилддаг хүмүүстээ хэл дуулгана гэж байсан юм. Тийм болохоор удахгүй сайн мэдээ дуулгах байх.
Ер нь гадаадаас эмэгтэй бөхчүүд ирж барилдах болно гэж дүрэмдээ заахаар болсон. Хамгийн гол нь тэд дор хаяж 200 монгол үг мэдэж байх ёстой. Мөн монгол хувцас, өмсгөлтэй байхыг шаардана.
Эмэгтэйчүүдийн барилдаан хаалттай спорт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би эмэгтэй үндэсний бөхийн барилдаанд аваргуудын охидыг барилдах байх гэж бодож байна. Тэд барилдаад аавынхаа алдрыг залгамжилж яагаад болохгүй гэж.
-Эмэгтэйчүүдийн барилдаанд хэдийн даваанаас эхэлж цол өгөх бол?
-Эмэгтэй бөхчүүдэд гурвын даваанаас эхлэн цол өгнө. Гэхдээ дөрвөн хүчтэн нь хэвээрээ байх юм. Эмэгтэй бөхөд начин цолыг шонхор болгож өгье гэж бодож байгаа юм. Тэгээд заан, арслан, аварга гээд цоллоно. Гэхдээ энд нэг зүйлийг залруулах хэрэгтэй.
Аварга цолыг аварга могой гэж дуудах хэрэгтэй. Тэгж л байж дөрвөн хүчтэн дөрвүүлээ амьтай зүйл болно биз. -Зодог шуудгийг яаж хийлгэхээр бодож байна? -Мэдээж эмэгтэй бөхчүүд ч зодог шуудаг өмсөх эрхтэй.
Гэхдээ эмэгтэй хүний биеийн галбирыг гаргасан байх шаардлагатай гэж бодож байгаа юм. Харин шуудаг нь урт байна. Бөхчүүд алчуур, өвдгөвч зүүж болно. Эмэгтэй хүн хөлөө ил гаргаж хувцаслах нь элбэг учраас өвдгөвч зүүхгүй бол гэмтэж бэртэх аюултай.
Мөн өвдгөвч нь хээ хуартай байж болно. Харин бөхчүүд ямар гутал өмсөхийг одоогоор шийдээгүй байна. Монгол гутал их хүнд хэцүү болохоор өмсөөд барилдахад амаргүй.
-Барилдааныг одоогийн үндэсний бөхийн дүрмээр шүүх үү?
-Өөр байна. Нэг хоёрын даваанд бөхчүүд засуул, малгайгүй барилдана. Үүнээс гадна өөр олон зүйл бий. Бөхчүүдийн засуул нь ч эмэгтэй хүн байна. Тэгэхгүй бол эмэгтэй хүний хөлсийг эрчүүд арчиж, зодог шуудгийг нь эрэгтэй хүн тайлалтай биш дээ.
-Таныг Эмэгтэй үндэсний бөхийн холбоо байгуулсныг сонсоод бөхчүүд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Над уруу огт танихгүй хүн ч утасдаж байна. Зарим хүн намайг бөхийн холбоотой хамтарч ажилладаггүй гэхээр “Та дэмий юм хийж байна” гэж ч хүртэл хэлсэн удаатай. Гэхдээ дэмжиж байгаа хүмүүс ч бий. Сүхбат аварга намайг энэ холбоог байгуулахыг дэмжсэн.
Сосорбарам арслан эмэгтэй бөх байх ёстой гэдэгтэй санал нийлж байсан юм. Зарим нь Биеийн тамирын сургуульд эмэгтэй бөхийн анги нээх хэрэгтэй гэж ч хэлсэн шүү.
-Анхны барилдаанаа хэзээ зохион явуулъя гэж бодож байгаа бол?
-Наадмын өмнө хийхээр төлөвлөж байсан ч амжихааргүй болсон. Тиймээс ирэх намар хийнэ гэж бодож байна. Барилдах хүсэл сонирхолтой эмэгтэйчүүдийг бүртгэсний дараа шууд барилдуулахгүй. Тэдэнд үндэсний бөхийн тухай мэдлэг олгохоос эхлээд зааж сургах зүйл олон байна. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг.
-Таныг хэн нэгэн хүн наад балай ажлаа боль гэвэл Та яах вэ?
-Тэр хамаа байхгүй. Доромжилж, шоолж л байг хамаагүй. Би хийдэг юмаа хийгээд л явна. Би “Хувь заяаны цадиг”-аасаа болоод олон хүнд чичлүүлж байсан. Намайг доромжилдог л юм.
Телевизээр гардаг коментийн нэвтрүүлгээр хүүхнүүдийг барилдуулж юуг нь харах гэсэн хог вэ гэж ч хүртэл ярьж байсан. Тэгэхээр би буруу яриаг эмзгээр хүлээж авахгүй. Шинэ зүйл гэж угаасаа тийм л байдаг юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
