ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ЭДАХ-ийн мэргэжилтэн, хошууч Р.Энхболд 2003 онд “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс хойш 2005 онд Конго, 2007, 2008 онуудад Сьерра Леон, 2009 онд Чад, 2011 онд Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч юм.
Үүнээс гадна Америк, Канад зэрэг орнуудад англи хэлний курс, дамжаанд урт, богино хугацаагаар суралцсаныг нь тооцвол бараг гэрийн бараа хардаггүй хүний тоонд орох байх.
Ийм гэрийн эзэнтэй айлын эзэгтэйн сэтгэл санаа ямар байдгийг танадахаар түүний гэргий Ц.Бямбацэрэнтэй уулзаж, цөөн хормын хууч өрнүүллээ. Тэрбээр Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Дүрс оношлогооны их эмчээр ажилладаг аж.
-Өөрөө нарийн мэргэжлийн эмч юм байна. Сургууль, соёлоо дүүргээд эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг хүртэх сайхан шүү?
-АУИС-ийн эмчилгээний ангийг 2001 онд дүүргэж, 2003-2005 онд рецентурт суралцаж “ЭХО” буюу дүрс оношлогооны эмч болсон. Энэ мэргэжлээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Таны хань Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэгэнд зүй ёсоор орно. Нууц биш бол ийм шилдэг офицертой анх яаж танилцсан бэ?
-Би дороо гурван дүүтэй л дээ. Нэг дүүгийн маань нөхрийн багын найз байсан. Манайхаар орж, гардаг байсан ч эхний үедээ нэг их анзаардаггүй байсан санагдана. Манай хүн 2005 онд Конго Улсад цэргийн ажиглагчаар явах болсон.
Дүүгийн нөхөр “Миний найз нэг жил гадагш явах боллоо. Ямар эм, тариа авч явах тухайд зөвлөгөө өгөөч” гэсэн юм. Тэгээд манай ажил дээр ирж, би эм, тариа зэрэг ойр зуурын юмыг нь бэлтгэж өгсөн. Тэгж л ойртон нөхөрлөсөн.
-Нэг их удаагүй явсан биз дээ?
-Тийм ээ. Долоо хоноод л явсан байх. Энд байхдаа төдийлөн юм яриагүй. Харин Конгод очоод л “хайртай” гэсэн үгийг ярьж, “и-мэйл”-ээр бичдэг болсон. Өөрөө их бүрэг учраас хамт явсан хүн нь л дамжуулдаг байсан.
2006 оны 8 дугаар сард амралтаараа ирэхэд нь бүр дотносон, хадмуудтайгаа ч танилцсан. Тэр жилийнхээ 10 дугаар сард III хороололд байр худадан авч, гал голомтоо бадраасан даа.
-Дараачийн томилолт бас л удаагүй байх даа?
-Намайг гурван сартай жирэмсэн байхад хань маань Сьерра Леон Улсыг зорьсон. Мэдээж, охиноо төрөхөд байгаагүй. Охин маань одоо 6 нас хүрэх гэж байна. Ер нь байхаасаа байхгүй нь их. “Манай хүн өвөл болохоор халуун орон руугаа явчихдаг” гэж найз нөхөддөө хошигнодог юм.
-Гэрийн бараа харахгүй эр нөхөртэй байх хэцүү биз?
-Ер нь л хүнд шүү дээ. Цэргийн хүний хань байна гэдэг тэвчээр л гэж боддог. Хурдан ирээсэй гэж хоног тоолоод л сууна. Ирэх нь ямар сайхан гэхэв. Ээж, охин хоёрын жинхэнэ нар гарна шүү дээ. Ухаан суучихсан болохоор аавтайгаа байнга ярина. Аавыгаа ирэхээр тэгж тоглоно, ингэж тоглоно гээд л хөөрч гарна.
-Нөхрийнхөө тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Миний хань ерөнхийдөө дуугүй талдаа хүн. Гэхдээ нэг дуугарахаараа тун чамбай үг унагана. Ажилд бол их махруу. Нэг зүтгэсэн юмныхаа ард заавал гарч байж санаа нь амардаг. Англи хэлийг их махарч байж сурсан гэж ярьдаг юм.
-Энхийг сахиулагчдын гэргий нар ямар бодолтой байдаг гэж Та төсөөлдөг вэ?
-Эх орон, Зэвсэгт хүчнийхээ даалгасан үүрэг даалгаврыг эндэгдэлгүй сайн биелүүлээд элэг бүтэн эх орондоо ирээсэй гэж л байнга залбирч байдаг байх. Тийм учраас ар гэрээ найдвартай, амгалан тайван авч явах нь бидний үүрэг. Миний хувьд бурхан шашин шүтэж, өдөр болгон хийдээр яваад байдаггүй ч ном бол уншуулна аа.
-Ар гэрийн төлөвлөлт, амьдрал ахуй гээд л цаашид бодож төлөвлөсөн зүйл байгаа л байх даа?
-Дор хаяж гурван хүүхэдтэй бололгүй яахав. Гадагш явж суралцах бодол хэн, хэнд маань байгаа. Миний хань хэдийгээр БХИС-ийг дүүргэж, англи хэлний мэдлэгийн хувьд хэнд ч гологдохгүй ч, цэргийн академийг нь дүүргэж амжаагүй, гагцхүү олон улсын цэргийн ажиллагаанд л их оролцсон байдаг.
Тийм учраас Зэвсэгт хүчний удирдах дээд байгууллагаас цаашид сурч боловсрох нөхцлийг нь бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байдаг.
-Хамгийн сүүлд тa хоёр ямар үзвэр үзсэн бол?
-Манай гэр “Өргөө” кино театрын хажууд болохоор шинээр гарсан киног бараг алгасалгүй үздэг. Харин Л.Балхжавын тоглолтыг хамгийн сүүлд үзсэн юм байна.
-Таны ажлын онцлог?
-Ургийн эхо, дотрын эхо гэж хоёр янз байдаг. Миний хувьд ургийн эхо буюу жирэмсэн эхчүүдийг үздэг. Ургийн гажилт, төрөл бүрийн өөрчлөлт гээд бүхий л зүйлийг хардаг. Ер нь их сонирхолтой шүү дээ.
-Энхийг сахиулагчийн гэргийн хувьд Зэвсэгт хүчний талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Монгол цэргүүд Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй улс орны нэр хүнд ч өссөн. Бас их соёлтой болсны зэрэгцээ ар гэрийн амьдрал нь ч дээшилсэн гэж боддог.
Энхийг сахиулагчийн гэргий Та ч бас Энхийг сахиулагч гэдгийг тодотгоод энэхүү ярилцлагаа өндөрлөе!
Дэд хурандаа Гомбын Баатарнум
Эх сурвалж: “Соёмбо” сонин