Шоколад идэх нь зүгээр нэг танд гайхалтай амт мэдрүүлээд зогсохгүй эрүүл мэндийн хувьд олон янзын ашиг тустай байдаг. Цэвэр хар шоколад нь таны цусны эргэлтэнд эерэгээр нөлөөлдөг нь нотлогдсоноос гадна эрдэмтдийн судалгааны үр дүнд хорт хавдарын эсрэг үйлчилгээ үзүүлж, таны тархины үйл ажиллагааг эрчимжүүлж тэр байтугай ханиаднаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй болох нь тогтоогджээ.
Шоколадны бүтэц найрлага нь уураг тархинд серотониныг боловсроход түлхэц өгснөөр тайвшруулах, сэтгэл санааг сэргээж, эндрифиныг ихэсгэснээр хүнийг баяр хөөртэй болгодог.
Шоколаданд байдаг зарим төрлийн бодисууд нь тархины эд эсэд нөлөөлдөг бөгөөд энэ нь дурлалын амтыг санагдуулахуйц мэдрэмжийг төрүүлдэг гэж эрдэмтэд таамаглаж байна.
Шоколад нь хүн төрөлхтөнд танигдаад даруй 3 мянганыг өнгөрөөж байгаа билээ. Анх Эртний индианчуудаас үүсэлтэй энэхүү ундаа нь бүтээгдсэн цагаасаа л тансаг хэрэглээнд тооцогдон бурхны гэсэн тодотголтойгоор шашны аливаа ёслол зан үйлд өргөнөөр хэрэглэгдэж байсан ба 16-р зуунд Испанийн эзэнт гүрний үеэс дэлхий нийтэд танигдаж эхэлсэн байна.
Хамгийн анх Европын ихэс дээдсийн дунд тансаг ундаа байдлаар хэрэглэгдэж байсан шоколадыг 19-р зуунд Швейцарт хатуу хэлбэрт оруулсан байна. Энэ үед бүтээгдсэн шоколад хийх технологи нь манай үеийг хүртэл бараг өөрчлөгдөөгүйгээр явж ирсэн байдаг.
1850 онд Парис Лондон Берлин гэсэн Европын нийслэл болсон хотуудад боловсрол эзэмшсэн Ведел хэмээх польш залуу хамгийн анх Варшавын нэгэн дүүрэгт өөрийн чихрийн дэлгүүрийг нээн ажиллуулсан нь дэлхийн шоколадны хамгийн эртний брэндүүдийн нэг ВЕДЕЛ шоколадны үүсэл болжээ. Түүний дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд нь дорхноо Варшавынханы санаанд нийцэж нэр алдар нь Польш даяар түгж эхэлжээ. Түүний хийсэн шоколад нь олон төрлийн сонголтот амттай, өндөр чанартай бүтээгдэхүүнийг тухайн үедээ боломжийн үнэ ханштайгаар борлуулагдаж байсан нь энэхүү брэндийн 160 жилийн урт оршин тогтнолын үндэс суурь болсон байна.
/Бизнес мэдээ/