“Welcome to Bella Vista” гэсэн хаяг бүхий гоёмсог тохижилттой, харуул хамгаалалт сайтай хотхон Зайсан дахь бурхантай хөшөөний чанх ард байрладаг. Энэхүү хотхон бол Монголын хамгийн баян хүмүүс болох MCS-ийнхний боссууд мөн манай томоохон улстөрчдийн амьдардаг газар гэдгийг бид өмнө нь дуулгаж байсан.
Доод тал нь 400 сая, цаашилбал тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эдгээр харшид Оюу толгойгоос их мөнгө идсэн хэмээн хардагддаг, сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын томчууд амьдардаг юм билээ.
Тэгвэл хотхоны томчууд ойр орчмынхоо газарт ард түмний хөл гишгэлэхийг үзэхгүй болсон бололтой.
Зургаадугаар сарын нэгэнд монголчууд бид үр хүүхдүүдийнхээ баярыг тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Бүтэн жилийн турш ажил амьдрал гэж явдаг бид ганцхан энэ өдөр л бяцхан үрсдээ цаг заваа гаргадаг шүү дээ.
Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай, Зайсан толгой гээд хаа сайгүй баярлаж, хөөрсөн хүүхдүүд эцэг, эх, эмээ, өвөө, ах эгчийнхээ хамт тоглож наадна. Ямарсайндаа Зайсан дахь Бурхантай хөшөөний орчим хүртэл олны хөлд дарагдсан байлаа. Цагдаа зохицуулах гээд ч нэмэргүй олон машинууд төв замаас Бурхантай хөшөө рүү эргээд л битүү зогсолт хийсэн харагдана. Машин, хүн хоёр чихцэлдэж ядсан энэ үеэр “Welcome to Bella Vista” хотхоны томчууд ихэд бухимдацгаасан сурагтай. Учир нь тэдний хотхоны ойр орчимд хүмүүс битүү холхилдож, хашааг нь дагуулаад есөн шидийн том, жижиг тэрэгнүүд байрлуулсан нь эцэстээ хамгаалалтын алба, иргэд хоёрыг муудалцахад хүргэв.
Уг нь хотхоны хашааны хаалгыг таглаж машинаа байрлуулаагүй юм. Томчуудын орж, гардаг хаалгыг таглахгүй зогсоцгоохоо харин ч нэг мэдэх байлгүй дээ. Хаалганаас нь холуур, хашааг нь дагуулж машинаа байрлуулсны төлөө “Welcome to Bella Vista” хотхоны хамгаалалтын албаныхан гарч ирж, эндээс өөр газар тэргүүдээ байрлуулцгаа, явцгаа хэмээн зандарцгааж байв.
Хүмүүс ч яаж дуугүй байх билээ, “Энэ газрыг өмчлөөд авсан юм уу, нэртэйгээр нь Их тэнгэрийн ам шиг энэ хавийг дархан цаазтай болгочихооч, хотхонд бид ороогүй байна, хашааны гадна машин байрлуулж болохоо байчихаа юу” хэмээснээр маргаан улам даамжирч байлаа.
Мэдээж хамгаалалтынханд ямар буруу байх билээ. Цаад томчууд нь л эгэл иргэдийг амьдрах орчинд нь ойртлоо хэмээн залхасны улмаас ганц өдрийг тэвчиж чадалгүй яг л нохой адил хөөж, тууж, турхирч байсан биз.
Хамгаалтын албаныхан “Энэ газар хотхоныхны өмч. Та нар өмчид нь халдаад байна” гэх мэтийг үгийг урсгаж байсан нь жирийн иргэд бид явж явж Зайсан толгой руугаа ч гарах эрхгүй болж байгаа санагдсан шүү.
Уг нь хотхон руу нэвтэрсэн хүн нэг ч үгүй. Тэр байтугай хотхон руу ордог хашааны хаалга, замд нь огтхон ч саад болоогүй юм. Мөрөөрөө баярлаж байсан хүүхэд, томчуудыг нүдэнд орсон хог мэт ийнхүү ад үзэх болсон шалтгаан нь зүгээр л “замаас зайл” гэдэг ганцхан л ухагдахуун байв. Тэгэхээр хотхоноо яг л Төрийн гурван өндөрлөгийн амьдардаг Их тэнгэрийн ам мэт хамгаалуулсан С.Баярцогт, С.Батболд нар эгэл түмнийг нохой мэт үл тоож, ноёд мэт аашилдаг нь харагдаж байлаа.
Манай цахим сонин С.Баярцогт, С.Батболд нарын хаусыг хаалганы дугаартай нь папарацидаж, түмэнд сонирхуулсны дараа тухайн өдөр хамгаалалтад гарч байсан харуулыг эрж, хайж, ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцохоор зэхэж байсныг бид дурдаж байсан. Ер нь л өөрсдийгөө түмнээс “ангид” хэмээн үздэг нь энэ мэтээр харагддаг С.Баярцогт нар эх орныхоо нийслэлд багтаж, шингэхгүй болтлоо түмэнтэй шөргөөцөлдөж явахаар нэг мөр С.Баярынхаа араас гадагшаа зугтвал яасан юм бэ. Оюу толгойн шантаажинд орж, ард түмний хараалыг идэж буй эд энэ байдлаараа мөдхөн түмний дайсан болох нь дээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9085