Манай сайт “Холливудын оддын турах арга”-ыг үргэлжлүүлэн хүргэсээр байна. Алдарт Камерон Диаз өөрийн дасгалжуулагч АНУ-ын спорт, анагаах ухааны Үндэсний Академийн гишүүн Тедди Басын зөвлөсний дагуу хоолоо сойдог.
Камерон Диаз хариуцлагатай арга хэмжээ, хүлээн авалт, чухал киноны зураг авалтын өмнө энгийн нүүрс-ус бүхий хүнс хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл тэрбээр цагаан талх, гоймон, жигнэмэг, төмс, будаа зэрэг хүнсийг иддэггүй.
“Эдгээр хүнс өндөр илчлэгтэй, сахар их агуулдаг. Иймээс таны гэдэс, өгзөг, хажуу бөөрөнд дорхноо л өөх хуримтлагддаг. Та дасгал сургуулилт хийгээд ч энэ илүүдэл өөхөө “шатааж”, “хайлуулж” амжихгүй. Иймээс гурилан боов, жигнэмэг байнга идэж байгаа цагт илүүдэл жингээ хасна гэж ярилтгүй” хэмээн Камерон Диазын дасгалжуулагч зөвлөж байна.
Мэргэжилтний дүгнэлт: Маш зөв стратеги
Хурдан шингэцтэй нүүрс-ус нь цусан дахь сахарын хэмжээг огцом өөрчилж, сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгодог. Иймээс та цэнгэлийн дээдийг эдэлж байснаа гэнэт уурлаж бухимдана.
Мөн хэмжээ хязгааргүй идмээр санагдаж, нойрмоглох болно. Иймээс Камероныг дуурайн, чухал арга хэмжээ болохоос хэдэн өдрийн өмнө хоолоо багасгах хэрэгтэй. Харин турахыг хүсч байгаа бол эдгээр хүнсийг бүү хэрэглэ. Энгийн нүүрс-уснаас татгалзана гэдэг нь бусад хоолыг замбараагүй иднэ гэсэн үг биш гэнэ.
Тедди Бас “Улаан буудайн хатуу сортоор хийсэн ч гэсэн бялуу бол бялуу. Иймээс жингээ бууруулахыг хүсвэл хоолоо хязгаарла. Гоолиг байх гол дүрэм бол аль болох бага идэх” хэмээн сануулж байна.
Пэрис Хилтоны “шидэт” эм
Холливудын алдартнууд Пэрис Хилтон, Николь Ричи, Бритни Спирс нар турахын тулд эм хэрэглэдэг.
Америкийн зах зээл дээр “Адерал” эм 1970-аад онд анх гарч ирсэн. Энэ бол амфитаминуудын давсны холимог. Түүгээр анх анхаарлын дутагдалтай, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүүхдүүдийг эмчилдэг байсан.
Харин Холливудын одод түүнийг зориулалтаар нь хэрэглэлгүй, турах гэж уусаар “моодонд оруулсан”. Тэгээд ч “Адерал” эмийг уухад хоолны дуршил буурч, 9 цагийн турш юм идмээргүй санагдах, нойрмоглохоо болих, сэргэлэн цовоо болох зэрэг “гаж нөлөө”-тэй.
Пэрис Хилтон алдарт Ларри Кингт ярилцлага өгөхдөө “Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан тул Адерал эмийг ууж байсан” хэмээн ярьсан. Үнэндээ олон алдартай одод энэ эмийг хурдан турах гэж л уудаг байна.
АНУ-д “Адерал”-ыг зөвхөн жороор олгодог ч охид, бүсгүйчүүд янз бүрийн арга хэрэглэн, энэхүү “шидэт эм”-ийг олж авдаг аж. Пэрис Хилтон, Николь Ричи, Бритни Спирс, Миша Бартон гээд л “Адерал” эмэнд донтсон оддын тоо нэмэгдсээр л байна.
Мэргэжилтний дүгнэлт: Маш муу, сөрөг нөлөөтэй
Энэ аргыг хэзээ ч хэрэглэж болохгүй. Бие галбираа сайхан байлгахыг хүсвэл өөр аргаар турсан нь дээр. Яагаад гэвэл энэ “шидэт” гээд байгаа эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл сэтгэл хямарч, гутралд автан, сэтгэцийн өвчинтэй болж, улмаар зүрх өвддөг болно. Турах гэдэг заримдаа ийм л ухаанаа алдсан зүйл болоод байна. Эм ууж Пэрис Хилтон шиг балайрч бас болохгүй.
Үргэлжлэл бий.
www.mnews.mn