Би мөрөөдлөөрөө жигүүрлэн нисч буй Монгол гэх нуурын харьяат нүүдлийн шувуу

Guy Laliberte гэх нэгэн залуу 18 насандаа гэрээсээ явж, Европын улсуудаар циркийн үзүүлбэр үзүүлэн хэрэн хэссээр удалгүй Канадын Монреаль хотноо ирж, гудамжинд концерт тоглогчдыг нэгтгэн, жижиг фестиваль зохион байгуулах болжээ.

29 жилийн турш эдийн засаг, санхүүгийн хямралын олон хүчтэй “салхи”-тай тэмцэж, өөртөө байгаа бүх зүйлээрээ дэнчин тавьж зүтгэсээр хүсэл мөрөөдлөө биелүүлсэн энэ эрхэм өдгөө 2,5 тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн.

Түүнд эд баялгаас гадна сэтгэлийн асар их цэнгэл авчирдаг үнэт хөрөнгө нь циркийн урлагийн хамгийн дээд түвшний

байгууллага болох алдарт “Цирк дю Солей” билээ. Циркийн урлагийн шилдгүүд бүхий 5000 орчим ажилчидтай энэ гэр бүлд

Монголын 20 гаруй уран бүтээлчид байдаг. Монгол улсын нэрийг дэлхийн сонорт алдаршуулж буй элэг нэгтнээ “эрэн сурвалжлах” хоббитой сэтгүүлч миний өмнө өндөр туранхай биетэй, цэвэрхэн царай томгүй нүдтэй, даруухан бүсгүй дулаахан инээмсэглэсээр сууна.

 

Эгэл түүний энгүй уудам дотоод ертөнцөд нэвтэрч, үзэж туулсан бүхнийг нь үзгийн шидээр амилуулах хүсэл минь тэсч ядна. Тэр бол “Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэн.

 
Тэнгэрт шивнэсэн мөрөөдлийн биелэл

 


Тэрээр цагаан морин жилийн хувьсгал мандахаас гурван оны өмнө Архангай аймгийн Цэцэрлэг хотод аав, ээждээ анхны үр нь болж мэндэлжээ. Авьяасыг нь олж анзаарсан ээж нь түүнийг хотод дагуулан ирж Ардын жүжигчин, төрийн шагналт Т.Цэнд-Аюушт шавь оруулснаар 6 настайдаа Улсын Цирк гэх том айлын босгыг анх алхсан аж.

 

“Хоёр жил хотод хамаатныдаа амьдарсны дараа гэрийнхэн маань шилжин суурьшсан нь миний төлөөх том нүүдэл байсан. Ерөнхийдөө бага нас минь тоглоомын талбай дээр биш бэлтгэлийн талбар дээр л өнгөрсөн дөө. 31 дүгээр дунд сургууль, цирк хоёрыг холбож амьдарсаар 15 настайдаа циркийн албан ёсны жүжигчнээр жинхэлсэн юм. Сургуулиа тараад цирк рүү алхах замдаа тэнгэрт нисэх утаат онгоцыг ширтэн хэзээ нэг өдөр энэ онгоцонд суугаад орчлон ертөнцтэй танилцаж, дэлхийн бүх хүмүүсийн өмнө уран нугардаг мундаг эмэгтэй болно доо гэж мөрөөддөг байлаа” гэх түүний яриа бяцхан зүрх, том тэмүүлэлтэй охиныг санаанд буулгана.

 

Хожим Улсын циркийг их аварга Д.Дагвадорж хувьчлан авах үед тэрээр Ш.Отгонжаргал багшийнхаа “Soft Arena” студид ажиллахаар “өрх тусгаарласан” аж. Хамгийн анх “Хүүхдийн баяр”-ын тоглолтод олуулаа нугарах үзүүлбэрээр орж байсан бол 1997 онд зохиогдсон Италийн хүүхдийн урлагийн наадамд оролцсон нь түүний анхны олон улсын тэмцээн байв. “Яг 10 насныхаа төрсөн өдрөөр олон улсын авьяастнуудтай анх удаа өрсөлдөөд тусгай шагнал авч бас 18-тайдаа МУСТА цолоор энгэрээ мялайлгасан маань миний өнөөдрийн амжилтыг бадраах цучил нь болсон” гэж тэр дурссан.

 

2006 онд Канадын Монреаль дахь “Цирк дю Солей”-н төв байгууллагаас сонгон шалгаруулагчид Монголд ирж дэлхийн хэмжээний авьяастнуудыг хайсан нь эзнээ олж, Бааска “Цирк дю Солей”-н дансанд оржээ.

 

 

Ингээд 2009 онд Ш.Отгонжаргал багшид  “Цирк дю Солей”-с 19 дэх жилдээ тоглогдож буй “Алегрия” хэмээх шоунд хоёр уран нугараачийг авах тухай санал ирснээр ярилцлагын маань баатарт дэлхийн циркийн урлагийн хаалга нээгдсэн байна.

“Гурван сар орчим визээ хүлээсний эцэст гартаа атгасан тэр өдөр л би өөрийгөө дэлхийн тайзан дээр тоглох нь гэдэгтээ бат үнэмшиж хагартлаа баярласан” гэж инээмсэглээд “жил гаран тус шоунд оролцоод гэрээний хугацаа дуусч Монреальд ирэхэд шинээр тоглогдох гэж буй нэгэн шоуны сонгон шалгаруулалтад орох санал надад ирсэн.

 

Тэр бол “Michael Jackson Immortal Word Tour” байсан юм. Энэ нь миний мөрөөдлийн дараагийн шат байсан учир зоригоо чангалаад уран нугаралтаас гадна бүжиг, дуу, жүжиглэлт зэрэг төрлөөр хоёр үе шат дамжин олон мэргэжилтэнд шалгуулсан боловч эргээд холбогдоё гээд сураг тасарчихаж билээ.

 

Би өглөө босоод л хамгийн түрүүнд имэйлээ шалгаад хүлээдэг байлаа. Тэсэлгүй багшаараа дамжуулан “чих тавьтал” Кубек, Орос, Монгол гурван охин дээр шийдвэр гацсан гэх сураг сонсогдов. Тэнгэр харж, хэсэг хугацааны дараа сонсгогдсон гэх мэдээг хүлээж аваад жижигхэн өрөөндөө ёстой л “дүүлэн ниссэн” дээ. Мөрөөдөл биелэх агшны мэдрэмж хамгийн сайхан шүү” гэж хуучлахдаа түүний нүд гэрэлтэж харагдсан. “Цирк дю Солей” дэх түүний хамгийн анхны тоглолт нь эргэдэг ширээн дээрх хос нугаралт байж. “Michael Jackson”-ы шоу 50 гаруй уран бүтээлчид болон арын албаныхан нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

 
Айвал арав үхнэ

 


“Би хэзээ ч өндөрт нисч яваад унах тухай бодож байгаагүй. Учир нь би унах гэж бэлтгэгдээгүй.

 

“Michael Jackson Immortal Word Tour”-т оролцох болоход маш олон дамжлага бүхий гэрээнд гарын үсэг зурж байлаа. Тэд намайг налуу байрлалтай, гулсамтгай материалаар хийгдсэн аварга номон дээр аймшгийн дүрд хувирч нугаруулахаар төлөвлөсөн байсан. Надад бэлтгэл хийх таван сар өгсөн бөгөөд энэ хугацаанд хүссэн хэмжээнд нь хүрэхгүй бол гэрээ цуцлагдах болзолтой байлаа.

 

Цөөнгүй хүмүүс хотгор, гүдгэр гадаргуутай аварга номон дээр уран нугаралт хийх боломжгүй гэж үзэн, шоуны гол хэсэг болсон энэ үзүүлбэрт нэлээд няхуур хандаж байсан юм билээ. Ингээд шоуны маань анхны тоглолт болж миний үзүүлбэр амжилттай дуусахад “Цирк дю Солей”-н удирдлагууд “Бид 25 жилийн турш нугаралтыг ийм гадаргуун дээр эрс өөр шийдлээр хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан.

 

Харин чи чадлаа” гэсэн урмын үгээр шагнасан. Өдөрт 10-12 цагийн турш тасралтгүй төрөл бүрийн хичээл, сургуулилтын шахуу программтайгаар таван сар хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл минь намайг гомдоогоогүй” гэх түүний яриа шулуудсан сэтгэл л муруй жимийг тэгш зам болгож чаддаг гэдэг үгийг улам ч батална. “Алегрия” шоун дахь үзүүлбэр нь 7 минут үргэлжилдэг байсан бол одоогийн шоун дахь үзүүлбэр 2 минутынх тул богино хугацаанд үзэгчдийн сэтгэлийг эзэмдэх шаардлагатай болдог гэнэ.

 

Тиймээс хааяа үзэгчдийн дунд орж суугаад жүжигчид хүмүүст ямар арга хэлбэрээр хэрхэн нөлөөлж буйг мэдэрч өөрөө өөрийгөө “дасгалжуулдаг” түүнд бүх зүйлс тийм ч амар байгаагүй нь мэдээж. Шоуны үед тайзан дээр гарахын өмнө 2 минут хэртэй номон дотроо түгжигдэх хугацаанд бүх айдас, сэтгэл зүйн аливаа хөдлөлөө дарж, “үзүүлээд өгөх” итгэлийг өөртөө шивнээд номын хуудас дэлгэгдмэгц олон мянган үзэгчдийн өмнө зоримог гардаг түүний өөрийгөө зоригжуулдаг үгс нь “Чи энийг хүсч байгаа. Айвал 10 үхнэ, хүссэнээ заавал биелүүл!”.

 
Дэлхийгээр овоглож, мөрөөдлөөр ижилссэн “гэр бүл”

 


“Цирк дю Солей” бол түүний хоёр дахь гэр. Энэ бол өндөр түвшний мэргэжлийн уран бүтээлчдийн авьяас, хөдөлмөрөөрөө нэгдэж мөрөөдлөө биелүүлдэг газар юм. Дан ганц цирк бус бүх төрлийн урлагийг цогцлоон, нэгэн бүхэл шоу болгон урлаж, үзүүлбэр бүрийг мэргэшсэн уран бүтээлчид хариуцан ажилладаг нь энэ том байгууллагын амжилтын гол нууц гэлтэй. “Цирк дю Солей”-н нэг шоуны тасалбар дунджаар 50-250 еврогийн үнэтэй байдаг. Том, жижиг улсаас шалтгаалаад ондоо байдаг ба хамгийн үнэтэй нь Нью Йоркт 1300 доллар хүрч байж.

 

Мөн энэ өвөл Denmark улсад тоглогдсон шоуг 17900 хүн үзсэн нь “Цирк дю Солей”-н 29 жилийн түүхэнд байгаагүй рекорд болсон гэнэ. Уран бүтээлч бүртэй тусдаа гэрээ байгуулж, ур чадварынх нь түвшинг харгалзан цалин, урамшуулал олгодог. Мөн дотоод зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд тодорхой хэмжээний цомхотголууд явагдана. Өнгөрсөн онд “Michael Jackson Immortal Word Tour”-ын 13 жүжигчний гэрээ цуцлагджээ. Энэ тухай Бааска ярихдаа “Ижил дасал болсон бидний сэтгэлд хагацал их хүнд тусдаг.

 

Нөгөөтэйгүүр эрсдэл хэзээ ч тохиох магадлалтай учир хэзээ ч түвшин буурч болохгүй гэсэн дохиог надад сануулдаг. “Цирк дю Солей”-н удирдлагууд бидэнд хэлэхгүй  ч гэсэн бүх цаг хугацаанд уран бүтээлч бүрийг ажиглан дүгнэж байдаг юм. Тийм учраас уран бүтээлчид хийгээд ажиллагсад бүгд зохих дэг журмыг ягштал баримтлан өөртэйгөө, өрөөлтэй, цаг хугацаатай өрсөлдөж амьдардаг. Зарим аюултай спорт, хортой хүнсний зүйл гэх мэт ажил мэргэжилд сөргөөр нөлөөлөхөөр бол хэдий дуртай байсан ч тэр бүхнээсээ татгалзах ёстой.

 

Хэрвээ хэв журам зөрчвөл анхааруулах захидал ирүүлэх бөгөөд гурван удаа авбал хөөгдөх аюултай” гэлээ. Мөн олон улс дамжин тоглодог тул “Цирк дю Солей” орон бүрт татвар төлдөг аж.

 

Монгол гэх нуураас ниссэн нүүдлийн шувуу мэт амьдрал

 
Хүсэл мөрөөдлийнхөө залсан зүгт сэтгэл тэмүүлэн амьдарч байгаа нь түүний ертөнцийн гайхамшиг боловч ажил, хувийн амьдрал гэсэн хоёр сонголттой үргэлж нүүр тулдаг нь хамгийн хэцүү мэт. “Цирк дю Солей” олон улс дахь шоу тоглолтуудынхаа хуваарийг жил жилээр нь нарийвчлан гаргаад өгчихдөг болохоор амьдрал минь жилээс жилд алганы хээ мэт тодорхой төлөвлөгдчихсөн байдаг нь эрх чөлөөт сэтгүүлч надад бэрх санагдсан. “Бид дунджаар нэг хотод 1-3 удаа тоглодог учир 7 хоногт 2-3 оронд очно.

 

Хааяа зарим том хотуудад удах тохиолдолд уйдах маяг орж, нэг газраа удаан тогтоход бэрх санагддаг болчихсон шүү. Бидний аялан тоглолтуудын өдрүүд ч нарийн хуваарь, төлөвлөгөөний дагуу “нүд ирмэх зуур” л өнгөрчихдөг. Харин хааяа монголчууд маань шоу үзсэнийхээ дараа уулзах гээд чаддаггүй тохиолдлууд гардаг юм. Бидэнтэй шууд уулзах боломж байдаггүй учраас хамгаалалтын ажилчдад “Монгол хүн үзсэнийг заавал мэдэгдээрэй. Маш их бахархлаа. Монголчуудын өмнөөс талархаж, амжилт хүсч байгааг минь дамжуулаарай” гэсэн үгсийг хэлсэн байдаг. Тэр болгонд эх орноо санасан сэтгэл нялхарч, элэг нэгт түмнийхээ сайхан сэтгэлээс урам, хүч авдаг. Дэлхийн томоохон одод ч хүндэтгэн уулзаж, урмын сайхан үгс харамгүй хэлнэ.

 

Манай шоу нэгэн цогц учраас тусгайлан “Монгол нугараач тэр” гэж зарладаггүй нь харамсалтай. Гэсэн ч шоуны төгсгөлд би Монголын уран нугараач гэдгээ илтгэхийн тулд дандаа монгол ёсолгоогоор ёсолдог. Усыг нь уувал ёсыг нь дагаж тэдний дүрмээр “тоглодог” ч сэтгэлийн гүнд Монголынх гэх омогшил үргэлж огшдог” гэж бахархангуй ярьснаа “Ингэж олон өдрийн турш үргэлжлэх шоу тоглолтуудынхаа завсраар эх орондоо ирээд найз нөхөдтэйгөө уулзахад тэд маань бүгд л сайн эзэгтэй, ээж, эхнэр болчихсон байдаг.

 

Хамтдаа нугарч явсан жаахан охид амьдралын далайд аялахдаа тус, тусын завинд хайртай хүмүүсээ суулгаад өөр, өөр арлыг зорьсон байхуйд миний завины ахмад хийгээд зорчигч нь би л ганцаараа буй нь бодит үнэн” гэсэн үгсийг тэрээр унагалаа. Гэвч энэ бүхнээс үл хамааран түүний номер нэг сонголт нь уран нугаралт байсаар иржээ. Дэлхийг хэрсэн шоу тоглолтууд дундах амьдрал нь сайхан ч зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах мөч удахгүй тохионо гэдэгтэй тэр маргахгүй биз ээ.

 

Бид хайрын тухай сэдэв рүү хөтлөгдөн ороход “Миний амьдралд бие холдвол сэтгэл холдоно гэх хайрын дүрэм хамгийн их нөлөөлдөг. Санахын жаргал, зовлонг давах зузаан итгэлцэлтэй харилцаа үгүй бол “Цирк дю Солей”-н  жүжигчин байх хугацаанд хэн нэгнийг хайрлана гэдэг амаргүй зүйл. Хэдийгээр олон орны найзууд дундаас минь шохоорхон дурласан гэх цөөнгүй хандлагууд ирдэг ч би монгол удмын цусыг хэзээ ч булингартуулахгүй гэсэн бат үзэлтэй” гэсэн түүний үгс миний сэтгэлд тод үлдсэнийг энд сийрүүлье.

 
Түүний мөрөөдлийн загвар

 


“Үлгэр, дуурайл авдаг мундаг нугараач бий биз?” хэмээн асуумагц “Би бусдын туршлага, давуу талаас үргэлж суралцдаг боловч хэзээ ч яг “түүн шиг” болохыг зорьдоггүй. Миний мөрөөдлийн загвар бол би өөрөө. Өөрийнхөө мөн чанарыг олж, монгол нугараачийн өвөрмөц онцлогийг тодотгохыг хичээдэг” гэсэн түүний шулуухан яриа ажил мэргэжлийн сэдвээр үргэлжлэв. “Уужуу аянд удаан хэмнэлээр нугардаг нь монгол уран нугаралтын хэв шинжүүдийн нэг. Гэтэл “Michael Jackson Immortal Word Tour”-т аймшгийн дүр бүтээж, рок маягийн аянд хоёр минутын турш шийдэмгий, эрч хүчтэй нугарах шаардлагыг надад тавьж байсан.

 

Нэг хэсэгтээ л өөрөөсөө өөрийг олж нээх гэж их хичээсэн дээ. Заримдаа бүх үйлдлээ мэдрэхийн тулд нүдээ аньж, бэлтгэл хийх ч тохиолдол гарна. Би бурхан Монголын уран бүтээлчдэд тусгайлсан авьяасыг бэлэглэсэн гэж боддог. Манайхан их тэвчээртэй, нэгэнт зорьсон бол ухарч шантардаггүй зантай тул хаана ч өөрсдийн орон зайг эзлэх бүрэн боломжтой.

 

Жишээ нь, хятадууд олон хүний давуу байдлаа ашиглан том үзүүлбэрүүд бэлтгэж, хувь уран бүтээлчийн авьяасыг хүчилж шавхсаар богино хугацаанд өндөр амжилт гаргадаг. Харин Монголын багш нар уран бүтээлч бүрийг өөрөө өөрийнхөө чадварыг нээж хөгжүүлэхэд нь хөтөлж, нугарах авьяасыг нь урт настай, мөнхийн баялаг болгох зорилготой ажилладаг юм. Өөрөөр хэлбэл нөөц, хөрөнгөөр “зодож” богино настай, өндөр амжилт гаргаж байснаас амжилтын зам урт, ололт арвин, удаан амьдрах авьяасыг төрүүлэхэд илүүтэй анхаардаг нь манай нугараачдад давуу тал болдог” гэнэ. Э.Баасансүрэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 29 орон, 142 хотоор аялан тоглож “нүд нээсэн” ч эх орныхоо хөгжлийн хурдад сэтгэл баясдагаа нуугаагүй.

 

“Монгол залуус хувь хүний хөгжилд анхаарлаа хандуулдаг болсон нь сайшаалтай ч том ярьдаг атлаа жижигхэн амьдардаг залуус мэр сэр байна. Бас нийгэмд хүний дотоод ертөнцийн сайн, мууг танин мэдээгүй байж гаднах өнгөөр нь харьцах явдал цөөнгүй ажиглагдсан” гэсэн нь нэгийг бодогдуулна. Хар багаасаа уран нугаралтад зүрх сэтгэлээ өгч, гадаад дотоодын хооронд байнгын шоу, тоглолттой явсны ганц гор нь их сургуульд сурах хангалттай цаг зав олдоогүй явдал. Иймээс түүнд цаашдын ажил, амьдралын арвин их төлөвлөгөө бий.

 

 

Аав нь сантехникч бол харин ээж нь Улсын циркийн оёдолчин явсан болохоор ур дүйгээс нь өвлөсөн жаахан авьяасаа хөгжүүлж хожмын өдөр дизайнер болох гэнэ. Мөн интерьер дизайн болон хүмүүнлэгийн ажилд их дурладаг юм билээ. Хаана ч, юу ч хийх байлаа гэсэн эх орон, элэг нэгтнийхээ нэрийг өндөрт өргөх хэмжээнд бүхнийг зүрх сэтгэлээсээ, бүхий л хүч чадлаа дайчлан хийх нь түүний амьдралын чиг шугам.
Дэлхий ертөнц түүнд өөр соёл уламжлал, өндөр хөгжил дэвшлийн үүдийг нээж, олон улс ондоо үндэстнүүдийн гайхам бүхнийг танилцуулж буй бол харин тэр дэлхий ертөнцөд монгол уран нугараачийн авьяас чадвар, зорилго тэмүүлэл, зориг тэвчээрийг таниулж буй. Ухрах араагүй машин шиг түүний амьдралын хэмнэл амжилт ололт, алдар гавьяа, шинэлэг бүхнээр баялаг ч ширүүн өрсөлдөөн, ягштал тогтсон дүрэм, ярайтал өрсөн төлөвлөгөөр дүүрэн. Тэр л төлөвлөгөөний дагуу “Цирк дю Солей”-н гайхамшигт шоу тоглогдох дараагийн зогсоол бол Япон улс.

 

Харин Монголын уран нугараач бүсгүй Э.Баасансүрэнгийн амжилтын зогсоол чухам хаана гэдгийг түүнд хосгүй авьяасыг харамгүй хайрлагч бурхан л урьтан мэдэх биз ээ. Яриагаа дуусгаад гүехэн бодлогоширч харагдсан энэ бүсгүйн сэтгэлд тэнгэрийн тамгатай цагаан хүлэг үргэлж эх нутагтаа тэмүүлэн давхидаг мэт мэдрэмж сэтгүүлч надад төрснийг тэмдэглэн төгсгөе.

 

раскруткалучший чехол для ipad minidubai escort incallкак быстро получить займ на картуденьги как долг фильм на youtubeкредитка дельта банк заказатьпутевки май хорватиюденьги в долг в самаререклама гостиницы в интернетесопровождение веб сайта


Би мөрөөдлөөрөө жигүүрлэн нисч буй Монгол гэх нуурын харьяат нүүдлийн шувуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.