
Ямайкийн нэрт гүйгч, олимпийн зургаан удаагийн алтан медальт Усайн Болт өөртөө байнга өндөр шаардлага тавьж байдаг. Тэрбээр 2008 онд Бээжингийн олимпийн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлснийхээ дараа “Sky Sports” сувгийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Би өөртөө байнга өндөр шаардлага тавьдаг. Түрүүлнэ гэсэн бодол миний толгойноос салдаггүй. Би шүтлэгтэй хүн. Тиймээс надад эргэлзээ төрнө гэж байдаггүй. Эргэлзээ бол айдас юм. Үүнээс өөрийгөө хамгаалах ёстой” гэжээ.

Америкийн загварын алдарт “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Их Британийн загварын сэтгүүлч Анна Винтурыг мэдэхгүй хүн ховор билээ. Тайрмал үс, нүдний шилээр байнга гангардаг тэрбээр 1988 оноос хойш “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж, асар их амжилтад хөтөлсөн нэгэн юм. 63 настай Анна Винтурын урдаа барьдаг зарчим бол тууштай чанар гэдэг. Сэтгүүлийн зөвлөл түүнийг халах асуудлыг нэг бус удаа тавьж байсан ч ажилтнуудынх нь хүсэлтээр татгалзсан удаатай. Анна Винтур 08.00 цаг гэхэд ажилдаа ирчихсэн байдаг. Хэзээ ч хоцорч байгаагүй.
Жефф Безос: Хэдий одоо өчүүхэн санаа байж болох ч хийгээд үзвэл сая сая доллар авчрах ч юм билүү
Интернэт худалдаа, электрон бараа, онлайн сүлжээний вант улс “Аmаzon”-ийг байгуулсан тэрбумтан Жефф Безос байнга л бусдаас илүү гарч чадна гэдгээ илэрхийлдэг. 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр Уолл стрийтийн банкинд ажиллаагүй бол хэзээ ч мөнгөний үнэрийг мэдрэхгүй байсан. Жефф Безос 1999 онд “Time” сэтгүүлийн оны хүн болсон бөгөөд өмнө нь тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Интернэтээр мөнгө олно гэж хэн ч төсөөлөөгүй. Би санаачилсан. Бүгд л асар их зардлаар компьютер үйлдвэрлэж байсан. Тэднээс ялгарахын тулд шоронд орж болзошгүй эрсдэлтэй алхам хийсэндээ баяртай байдаг. Шинэ зүйл санаачилна гэдэг миний зарчим. Хэдий одоо өчүүхэн санаа байж болох ч хийгээд үзвэл сая сая доллар авчрах ч юм билүү” гэжээ.
Николь Кидман: Чамайг хайрлаж чаддаг хүнийг олох хүртлээ ганцаараа яв
Австралийн жүжигчин Николь Кидман 2010 онд Лаура Аткинсоны шоунд оролцож байхдаа “Би хайр дурлалын талаар хатуу ёс баримталдаг. Чамайг хайрлаж чаддаг хүнийг олох хүртлээ ганцаараа яв гэсэн зарчмыг дагадаг. Том Крузтэй учирсан. Энэ бол миний амьдралын сайхан цаг үе. Дараа Кэйт Урбанд дурласан. Бид бие биеэ хайрлаж чаддаг учраас насан туршдаа хамт байна гэдэгт итгэлтэй байдаг” гэжээ. Николь Кидман, Кэйт Урбан нар Австралийн хамгийн шилдэг хос юм.
Орчуулагч редактор Д.Түвшинтөр
time.mn