Солонгост таван жил амьдарч байгаад ирсэн найзтайгаа саяхан хууч дэлгэлээ. Мань мэтийн эх орноосоо гарч чадаагүй хүмүүсийн нүд бүлтийлгэж чих дэлдийлгэсэн олон сонин зүйлийг ярьж байна. Яваандаа бидний ярианы сэдэв солонгос эрчүүдтэй суусан монгол хүүхнүүдийн тал руу хэлбийлээ,
Би “Сүүлийн 10 жилийн дотор манай улсаас 7000 гаруй охид хүүхнүүд хангуг эрчүүдтэй ханилснаас тэн хагас нь дарамтанд орж зодуулж нүдүүлээд салсан гэцгээх юм, үнэн үү” гэхэд найз маань “Үнэн л дээ. Манай монгол хүүхнүүд чинь их яравгар, хатан зантай ш дээ. Солонгост очоод л нэг их баян хүнтэй сууж “Савангийн дуурийн” хайраар хайрлуулаад л, тансаг байранд хөлөө диван дээр жийгээд суучихсан, бас болоогүй нэг жижигхэн муур ч юмуу нохой тэвэрчихсэн, гурван хэмжээст хавтгай зурагт үзээд л, сансрын “Иридум” утсаар ар гэр рүүгээ ярьж, сардаа аав ээж рүүгээ сая төгрөг гуйвуулсан шигээ тансаглаж сууя гэж боддог байхгүй юу.
Гэтэл Солонгос гэдэг чинь эм нь эрийнхээ үгнээс гарахгүй байнга л бөхөлзөж нахилзан, хэлсэн болгоныг нь дагаад хийсэн бүхнийг нь шүтээд сууж байдаг уламжлалтай газар. Ер нь солонгос хүүхнүүд бол манай хүүхнүүд шиг эр нөхрийнхөө урдаас даль даль хийгээд байдаггүй юм шүү дээ. Алгаа хавсраад л нахилзаад байна. Тэгвэл монгол хүүхнүүд гэртээ тэгдэг бил үү. Үгүй шүү дээ. Тийм болохоор байнга нахилзаж бөхөлзөх, гэрийн хар ажлыг нуруун дээрээ үүрэх, хадмынхаа хөлийг угаах зэрэг нь монгол хүүхнүүдэд доромжлол мэт санагддаг байхгүй юу. Тэгээд л тэвчиж тэвчиж байгаад нэг л өдөр тэсрэн задраад гарч өгнө дөө.
Чи түрүүн солонгос эрчүүдтэй ханилсан 7000 хүүхний тэн хагас нь салж сарнисан, зодуур нүдүүр дарамт үзсэн, зарим нь амь насаа ч алдсан гэдэг бол үнэн. Гэхдээ солонгос эрчүүд чинь ганцхан манай монголын хүүхнүүдийг “харзны ус шиг мэлтэрч, хараацайн сүүл шиг тахирласан” сайхан хүүхнүүд байна гэж унаж үхээд зөвхөн манайхаас охид хүүхнүүдийг зуучлуулж авдаг гэвэл шал худлаа л байхгүй юу. Солонгос эрчүүд Кампучи, Вьетнам, Лаос, Хятад, Филиппинээс хүүхнүүдийг маш олноор нь авч суудаг. Харин тэндхийн хүүхнүүд манай монгол хүүхнүүд шиг солонгос нөхрийнхөө өмнөөс адарч тэмцээд байдаггүй юм.
Угаасаа эр хүний боол зарц, дуулгаварт шивэгчин нь байх эртний Дорнын ёс уламжлал нь ч адилхан, Вьетнам нөхөр нь согтуу ирээд агсам тавилаа гэхэд вьетнам авгай үг дуугүй айж чичрэн, хурууных нь аясаар хөдөлнө үү гэхээс биш манай монгол хүүхнүүд шиг урдаас нь зад хэрэлдэж, аяга шаазангаа хага шидчихээд, хамаг хувцсаа боож баглан гэр рүүгээ яваад өгөхгүй. Цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд барьж өгөхгүй. Дуугүй л тэсээд тэвчээд бага шиг зодуулаасай гээд л суудаг хувь заяандаа дуулгавартай болчихсон хүүхнүүд байхгүй юу.
Угаасаа тэр нутагтаа илүү доорд хувь заяа, илүү их дарамт үзэж амьдардаг болохоор Солонгост ирснийгээ дээдийн заяа л гэж бодно. Тиймээс Вьетнамаас нэг жилдээ л бараг 7000 хүүхэн ирж солонгос нөхрийн гарын зарц, хөлийн шивэгчин болдог юм. Гэхдээ нэг сонирхолтой нь юу гэвэл 2000 оноос хойших нэг тоог би хэлье. 36000 вьетнам хүүхэн солонгос эрчүүдтэй гэрлэсэн байгаа юм. Тэднээс ердөө зургаа нь л эр нөхөр нь зуурдаар нас барсан учраас нутаг буцсан. Бусдаас нь нэг ч хүүхэн нутаг буцаж, нөхрөөсөө салах, тэр ч байтугай дарамт зовлонгийн тухай юу ч яриагүй байгаа юм шүү дээ. Лаос, кампучи хүүхнүүд бол бүр ч илүү их тэсвэртэй.
Харин манай хүүхнүүд бол адилхан алалцаад л архидаж агсам тавиад л юу ч үгүй болдог юм даа. Сүүлийн үед солонгосуудын дунд монголоос эхнэр авах явдлыг зогсооё. Их эрэлхүү бардам зантай хүүхнүүд ирээд байх юм. Түүний Оронд Филиппин, Бутан, Непал, Тайланд, Бангладешаас хүүхнүүд түлхүүхэн авч байя гэх яриа давамгайлах болсон гэсэн. Ер нь манай монгол хүүхнүүдэд тохирох эрчүүд бол герман, франц, шведүүд л юм даа. Даанч тэдний эрчүүд манай хүүхнүүдийг тоож гэрлэе барья гэж гуйхгүй юм даа” хэмээн сонирхолтой яриагаа дуусгасан билээ.
ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО